Алмазан углааштай бүсгүй: Мэгги Чеунг

 








21-р зууны хамгийн шилдэг киноны дэд байрт эрэмбэлэгддэг, мөн магадгүй бүх цаг үеийн хамгийн гайхалтай романтик кино бүтээл болох In the Mood for Love киног жүжигчин Maggie Cheung-гүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд тус кинонд түүний бүтээсэн дүр болон загварлаг байдал өдгөө классик гэгдэх болжээ. Maggie бол Ази төдийгүй дэлхийн кино урлагийн тод Муза нарын нэг агаад цэвэрхэн, үзэсгэлэнтэй, бодлогошронгуй, гүн гүнзгий түүний дүрүүд цаанаа л Ази эмэгтэй төрх байдлыг агуулдаг. Ингээд Maggie Cheung-ын амьдрал хийгээд замналтай товчхон танилцая. Maggie-ын кино урлаг дахь завгүй бөгөөд амжилттай үеийг 1980-аад оны сүүлээс 2000-аад оны эхэн үе гэж судлаачид үздэг.

Харьцангуй эрт кино урлагаас зодог тайлсан тэрээр бусад шиг нэр хүнд, амжилтын араас хөөцөлдөөд байсангүй ид үедээ кино урлагийг орхисон нь түүнийг улам өвөрмөц болгодог. Киноноос хөндийрөөд тэрээр загварын шоу юмуу ямар нэгэн шагналын ёслолд л оролцдог байв. Maggie идэвхтэй байсан үедээ олон арван шагнал хүртсэн; 1990 оноос 2001 оны хооронд Хонг Конгийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 5 удаа хүртсэн нь эл төрөлдөө одоо ч дээд амжилт бол Тайваны шилдэг эмэгтэй жүжигчинээр 4 удаа шалгарч байсан нь мөн л рекорд болдог ажээ. 
Тэгвэл өмнөдөд тэрээр 1992 онд Берлиний наадмаас мөнгөн арслан шагнал хүртэж, 2004 онд Канны наадмын дээд шанал хүртэж өөрийгөө дэлхийд тамгалав. Мөн тэрээр Cesar кино наадамд нэр дэвшсэн нь уг наадмын түүхэн дэх анхны Ази эмэгтэй жүжигчин шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшсэн тоаиолдол болжээ. Maggie Cheung 1964 оны 9-р сарын 20нд Хонг Конг-д төржээ. 8 настайдаа эцэг эхтэйгээ хамт Их Британи руу цагаачилжээ. Түүний бага нас, өсвөр нас Лондоны Bromley-д ихэнхдээ өнгөрсөн ба 1982 онд буюу 18 настайдаа Хонг Конг-доо амралтаараа буцаж очсон боловч модел болох зорилгоо биелүүлэхийн тулд Хонг Конг-д үлджээ. Энэ үедээ тэрээр мөнгө олохын тулд их дэлгүүрт худалдагч хүртэл хийдэг байлаа. 1983 онд Maggie Хонг Конгийн миссийн тэмцээнд орж дэд байр эзлэснээс гадна фотогеник шагналыг хүртсэн бол тухайн оныхоо дэлхийн миссийн тэмцээний хагас шигшээ хүртэл явжээ. 

Хоёр жил телевизийн хөтлөгчөөр ажилласны эцэст TVB компанитай гэрээ байгуулж чадсан. Англи болон Францад амьдарч, Хонг Конг-д өссөний ачаар Maggie олон хэлээр ярьж чаддаг болсон буюу Англи Франц, Мандарин, Кантон хэлээр чөлөөтэй ярьдаг агаад Clean кинондоо тэрээр англи, франц, кантоноор ярьдаг. Maggie-ын кино урлаг дахь эхэн үеийн дүрүүд голдуу комеди жанрын кинонууд байв. Ингэж яваад Jackie Chan-ын анхааралд өртөж, улмаар алдарт Policy Story кинонд 1985 онд тоглосон ба кино үнэмлэхүй хит болсны сацуу Maggie-г нэг шөнийн дотор од болгов. 
Мөн TVB-ын нэгэн түүхэн драм кинонд өөрийнх нь өмнө нь сонгогдсон жүжигчин үхсэн тул оронд нь орж тоглосон байдаг. Хэдий амжилттай байсан ч тэрээр бүдүүлэг, сул дорой эмэгтэй дүрийг, мөн инээдмийн кинонд дүр бүтээхээс залхаж эхлэсэн тул илүү нухцтай драматик дүр бүтээхийг хүсэх болжээ.1988 онд Maggie алдарт кино найруулагч Wong Kar-Wai-ын As Tears Go By кинонд тоглох боломж олдов, энэ кино хоёр уран бүтээлчийн олон удаагийн хамтралын эхлэл байлаа. Maggie энэ явдлыг нухцтай дүрд тоглох болсон замналынх нь жинхэнэ эхлэл байсан гэж олонтаа дурдсан байдаг ба Wong Kar-Wai түүнийг шүүмжлэгчдийн анхааралд аваачсан юм. 1989 онд Maggie Full Moon in New York киногоороо Тайваны кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан бол мөн найруулагч Anthony Chan-ын A Fishy Story киногоороо Хонг Конгийн кино наадмын шилдэгээр шалгарсан. 

1991 онд түүний хувьд том амжилттай жил байв; найруулагч Stanley Kwan-ын Center Stage кинонд тоглож Берлиний кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэнээр энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн анхны Хятад жүжигчин болсон. Maggie өөрийн авъяас чадварын олон талт байдлыг акшин тулаант кинонуудад тоглож нотолж эхлэв. 1992 онд Johnnie To-ын шинжлэх ухааны уран зөгнөлт холимог тулааны сэдэвт The Heroic Trio кинонд тоглов, кино хит болсон тул үргэлжлэл нь болох Executioners кинонд дараа жил нь мөн тоглов. Шүүмжлэгч, судлаачид түүний холимог тулааны авъяасыг шагшин магтсан байдаг. 1992 онд мөн найруулагч Raymond Lee-ын New Dragon Gate Inn кинонд үзэсгэлэнтэй бөгөөд хорон femme fatale дүрийг бүтээсэн. Ингээд хэсэг завсарласны дараа тэрээр 1996 онд Францын найруулагч Olivier Assayas-ын Irma Vep кинонд тоглосон агаад уг кино нь гадаад хүний нүдээр Францын кино урлагийн хүрээлэнг тунгаан харж буй талаар өгүүлэн ба энэ бүтээл түүнд олон улсад гарах үүд хаалга болсон.
 Мөн тэр жилээ Peter Chan-ын Comrades: Almost a Love Story кинонд тоглож үзэгчид хийгээд шүүмжлэгчдийн талархлыг хүртсэн; кинонд хөдөөнөөс хотод ирээд амьдралтай танилцаж буй залуу, хүүхэн хоёрын түвэгтэй хайрын харилцааг харуулдаг. Дараа жил нь Maggie анхны Англи хэлтэй кино болох Wayne Wang-ын Chinese Box кинонд тоглов. Уг бүтээлд тэрээр Jeremy Irons болон Gong Li нарын дэлхийн хэмжээний авъяастнуудтай хамтран тоглосон бөгөөд кино есөн түүхээс бүрддэг бүтэцтэй. 1998 онд Maggie найруулагч Olivier Assayas-тай гэрлэж, голдуу Францад амьдрах болов. Ингээд 2000 онд Хонг Конг-д буцаж очоод Wong Kar-Wai-ын албан бус трилогийн хоёрдугаар анги In the Mood for Love кинонд Tony Leung-ын хамтаар нууц амрагуудын нууц амрагуудын дүрийг бүтээж Maggie Тайваны кино наадмаас хоёрдахь шагналаа хүртлээ. Энэхүү бүтээлийг ихэнх кино сонирхогчид маань мэдэх тул ингэсгээд орхих нь цаг хэмнэнэ. 

Үүний дараа 2002 онд Хятадын шилдэг кино урлаач Zhang Yimou-ын Hero кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд кино олон улсад хит болсон. 2004 онд Wong Kar-Wai-ын албан бус трилогийн сүүлчийн анги болох 2046 бүтээлд жижиг дүр бүтээсэн. 2004 ондоо Olivier Assayas-ын Clean кинонд хар тамхины донтолтоосоо салаад салаад удаж байгаа хүүтэйгээ эргэн нийлэх гэж тэмцэж буй ээжийн дүрийг бүтээснээр Канны кино наадмын шилдэг эмэгтэй дүр шагналыг хүртэж албан ёсоор дэлхийн данстай, гэхдээ хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болсон байна. Maggie 1997 оны Берлиний кино наадам, 1999 оны Венецийн кино наадам, 2007 оны Канны кино наадмуудийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан ба 59 дахь удаагийн Канны кино наадмаар түүхэндээ анх удаа наадмын постерийг жинхэнэ жүжигчиний зургаар чимсэн буюу энэ нь Maggie-ынх байсан юм. 

The New York сэтгүүл Clean кинонд үзүүлсэн тоглолтыг нь 2006 оны хамгийн шилдэг 22 тоглолтын тоонд багтаажээ. 25 жилийн жүжигчиний замналынхаа эцэст тэрээр жүжигчиний хувьд зодог тайлж, киноны хөгжмийн зохиолч болохоор зориглон шийдэв. Тэрээр жүжигчиний хувьд хэр хол явахаа харчихлаа, одоо хөгжмийн зохиолч, зураачийн хувиар өөрийгөө туршиж үзмээр байна гэж хэлж байсан удаатай. Түүний хамгийн саяхны кино бол Их Британий найруулагч Isaac Julien-ын Ten Thousand Waves (2010) кинонд Хятадын далайн бурхан Мазуд тогложээ. 2004 оны Канны кино наадмын дараагаас тэрээр  кинонд "үгүй" гэж хэлээд хөгжим, филантропи зэрэгт анхаарах болжээ. 2010 онд тэрээр НҮБ-ээс Хятад улсад суух элчин сайд болсон. Maggie 1998 онд найруулагч Olivier Assayas-тай гэрлэсэн ч тэд 2001 онд салсан бөгөөд Maggie 2007 онд Ole Scheeren гэх Германы уран барилгачинтай дотно болсон ч 2011 онд мөн л салжээ. Түүнийг Tony Leung-тэй дотно харилцаатай байсан гэдэг цуурхал байдаг агаад тал 7 кинонд хамтран тоглосон байдаг. Maggie-г хүүхэдтэй эсэх талаар одоо ч тодорхой мэдээлэл байдаггүй.

Comments