Хуял ба Уршиг

 

 




Unfaithful (2002). Ширүүн салхитай өдөр дэлгүүр хэсч явсан Connie хальтран унаж хөлөө шалбалчихна, мөн энэ үеэр дэргэдүүр нь явж өнгөрсөн Paul хүүхэнд туслаад гэрт нь орж халуун кофе уугаад хөлөө цэвэрлэхийг санал болгоно. Царайлаг залуугийн саналаас Connie татгалзаж чадсангүй гэрт нь орж кофе ууж танилцангаа хөлөө цэвэрлэнэ. Paul номын наймаачин бөгөөд гэр нь барагалж номын сан шиг, харин өөрөө 30 орчим насны тун сайхан эр байв. Connie 40 орчим насны ямар ч эрийг өөртөө дурлуулж чадах хэвээрээ байгаа өнгө зүстэй хүүхэн ба 8 настай хүү, бизнесмэн нөхрийн хамт аз жаргалтай, дутах юмгүй сайхан амьдарна. Ганц бие залуугийнд удаан суух нь эвгүй тул Connie явахыг хүсэхэд Paul түүнд утасны дугаараа өгөөд надаас ном авч байгаарай гэж хэлнэ. Connie-ын нөхрийг Edward гэдэг, сайн аав, халамжтай хань; тэгсэн ч эхнэр нөхрийн харилцаанд үл ялиг юм дутуу мэт, харилцаан нэг л янзаараа, цогтой гал дөл дутагдаад байгаа мэт байдаг байв. Залуухан, эрч хүчтэй Paul-ын өдөж хоргоосон хүсэмжит харц Connie-ын сэтгэлээс гарах юм биш. Тэрээр Paul руу залгаж гэрт нь ном авахаар очих бөгөөд Paul хүүхнийг илэрхий өдөж эхлэхэд айж бас сандарсан Connie бушуухан явж одно. Тэгсэн ч тэрээр дахин очих ба зоригжсон Paul хүүхэнтэй бүжиглэж, үнсэлцэж эхэлтэл Connie татгалзаад гараад явчихна, гэхдээ удсангүй тэрээр хүрмээ авахаар буцаж орж ирэхэд нь залуу түүнийг өргөж аваад ор руугаа очиж, энэ удаа харин түүнийг өврөөсөө зугтаалахгүй байхаа мэдэж байлаа. Сексийн амтанд, өөрийнх нь аз жаргалыг бүтэн болгоход дутаад байсан тэр хэсгийг олсон Connie номын наймаачны байнгын зочин болж, тэдний ханашгүй хуял тачаал улам зоригтой, улам бадрангуй болсоор байлаа. Өөртөө нь секс хийхээ больж, өмнөхөөсөө ч илүү гангалах болсон эхнэрийнхээ илэрхий өөрчлөлтөд Edward гайхаж бас хардаж эхэлнэ. Нэг өдөр хамт хооллоё гэхэд гоо сайханд орно гэж хэлсэн эхнэрээ худлаа хэлснийг нь олж мэдсэн Edward байдал бишдсэнийг ухаарч байтал таамаг төдий байсан хардалтыг нь ажлынх нь хүн бүр бататгах буюу тэр хүн Connie Paul хоёрыг хамт ресторанд байхыг нь олж харснаа Edward-д хэлнэ. Edward хувийн мөрдөгч хөлслөөд эхнэрийнхээ араас тавина. Энэ үеэр Connie ёстой л замаа алдаж байлаа. Тэрээр янагийн амтнаас болж хүүгээ сургуулиас нь ч авахаа больж, найзуудынхаа дэргэд шахуу Paul-тай хурьцаж, ёс суртахуун, ичих нүүрээ алдаж байлаа. Гэхдээ тэрээр тэнэг хүүхэн биш учир энэ харилцаагаа одоо л дуусгахгүй бол амьдралаа алдана гэдгээ ухаарна. Ингээд нэг өдөр төлөвлөөгүй байж байгаад шууд Paul дээр очиж бүх харилцаагаа нэг мөсөн төгсгөе гэж санаад давхиад очтол Paul өөр хүүхэнтэй байж байна. Connie-ын яаж буулгаж тавьсныг асуух хэрэггүй ба харин Paul-ын нүүр руу нулимж, хамаг хараалаа салах ёстойгоо хэлчихээд гэрээс нь гарч явахад Paul түүнийг байрны коридорт гүйцэж ирээд тэд тэнд  хүсэл тэмүүллээр бялхсан секс хийнэ. Энэхүү гэнэтийн балмад сексийн дараа Connie харих бөгөөд Edward түүнтэй үүдэн дээр дөнгөж л хэдхэн минутаар зөрж таарах буюу Edward Paul-тай уулзахаар ирээд буй нь энэ. Edward Paul-нд ирэхээсээ өмнө хувийн мөрдөгчийн олж цуглуулсан баримтаас бүхнийг олж мэдсэн байлаа. Тиймээс тэрээр үүдэн дээрээс л өөрийгөө Connie-ын нөхөр гэдгээ хэлнэ, Paul ч түүнийг оруулна. Эрчүүд архи ууж, Edward-ын асуусан бүхэнд Paul үнэнчээр хариулна. Дөнгөж саяхан эхнэр нь хэвтэж байсан орон дээр суух Edward эхнэртээ бэлэг болгож өгч байсан цасан бөмбөлөг эхнэрийнх нь нууц амрагийн гэрт байхыг олж хараад хэмжээгүй их уурлаж, мөн уусан архи ч давхар нөлөөлж Paul-г алах хүсэлдээ автах агаад нэг мэдсэн Paul шалан дээр цустайгаа холилдон хэвтэж, гарт нь цус болсон цасан бөмбөлөг байж байх нь тэр. Энэ үеэр Paul-ын утсанд дуут мессеж ирэх бөгөөд Connie гэр бүлийнхээ төлөө чамаас (Paul) салж буйгаа хэлнэ. Энийг сонссон Edward дуут мессежийг устгаад, мөн бүх цус хийгээд ул мөрөө арилгаад Paul-ын цогцсыг хивсэнд хийгээд машиныхаа ард нуучихна. Хэд хоногийн дараа цагдаа нар Edward-нд ирээд Connie-гоос Paul-ын тухай баахан асууж, эхнэр нь хайгаад байна гэхэд Connie ганц нэг удаа ном л авч байснаас өөрийг мэдэхгүй хэмээдэг. Долоо хоногийн дараа Paul-ын цогцос хог хаядаг цэгээс олдох агаад энэ үеэр Connie Paul-д бэлэглэж байсан цасан бөмбөлөг эргээд гэрт нь, гэрийнх нь цуглуулгад ирсэн байхыг олж харна.
 Английн кино найруулагч Adrian Lyne-ын найруулж, Alvin Sargent, William Broyles Jr нарын 1969 оны The Unfaithful Wife (Claude Chabrol-ын кино) гэх Франц киноноос сэдэвлэн кино зохиолыг нь бичсэн триллер драм жанрын бүтээл ба $50 саяар бүтээгдэн бокс оффисоос $119 саяыг олсон бөгөөд гол дүрүүдэд Richard Gere, Diane Lane, Olivier Martinez нар тоглосон. Киноны анхны ноорог зохиолд эхнэр нөхрүүд нь сексийн харилцааны асуудалдаа шаналж буйгаар тусгагдсан байж, энэ өнцөг нь Connie-ын араар тавилтыг зөвтгөж байв. Секс үгүй, алдаатай гэрлэлтийн тухай үзүүлж, ингэснээрээ Connie-г ойлгож болох нөхцлийг бий болгохыг кино студи хүсч байж; тэгтэл Gere Lyne нар үүнийг эсрэг байсан буюу студи ингэж хандвал киног сүйтгэх болно гэж үзэж байжээ. Lyne төгс жаргалтай эхнэр нөхрийг дүрслэхийг хүсээд үүн дээрээ тохиолдлоос үүсэх үнэнч бус явдлыг гаргахыг хүсчээ. Ингээд эхнэр нөхрийн харилцааг сайнаар дахин бичсэн бөгөөд эхнэр тохиолдлын нэгэн явдлаас болж араар тавигч болж буйг багтаажээ. Кино үйлдвэрлэл эхлэхээс өмнө продюсерууд Olivier Martinez-г Paul-ын дүрд сонгож авахдаа түүний илгээсэн видео бичлэгийг үзжээ. Martinez-ын дүр шууд Франц киноны дүрийн хуулбар агаад найруулагч Lyne Martinez-ын талаар "тэр үнэхээр гарамгай сээтэгнэгч, хийж байгаа бүх юм нь сээтэгнүүр шинжтэй, тиймээс ч Connie-г янагийн амрагийн явдалд уруу татан оруулахад зохисон" гэж хэлж байв. Martinez найруулагчийн зөвшөөрөлтэйгөөр киноны зарим харилцан яриа, сцэнийг өөрчилж байсны дотор кинон дээрх Connie Paul хоёрын Брайл бичиг уншдаг хэсэг багтдаг ажээ. A Walk on the Moon киноноос Diane Lane-г харж биширсэн Lyne түүнийг Connie-ын дүрд тоглуулахыг хүссэн ба тэрээр Lane-г нэгэн зэрэг сексий бөгөөд хатуу чанга байж чаддаг цөөхөн эмэгтэй жүжигчдийн нэг гэж үнэлдэгээ хэлсэн буй. Мөн Lyne Gere-г дүрд нь тааруулж жин нэмүүлэхийн тулд өглөө болгон өрөөнд нь Donut хүргүүлдэг байжээ. Lyne алдарт 9 Weeks кинондоо хамтран ажиллан кино зураглаач Peter Biziou-той энэ кино дээрээ мөн хамтран ажилласан бөгөөд Biziou кино зохиолыг уншчихаад киног классик 1.85:1 аспектийн ихэнх үед нэг жаззинд хоёр дүр хамт байгаагаар зураглажээ. Зураг авалт эхлэхээс өмнө Biziou Lyne нар гэрэл зургийн хэв маягийг кинондоо ашиглахыг хүссэн агаад алдартай гэрэл зурагчдын бүтээл болоод загварын сэтгүүлийг зургийг судалжээ. Киноны голлох зургууд Нью Иоркт авагдсан бол Paul Connie хоёрын танилцдаг хэсгийг авахад бороо орж байсан ба гудамжны хэсгийг цаг агаарын бүүдгэр орчинд байгаагаар зураглажээ. Жүжигчддээ дотно буюу дүрийг нь мэдрүүлэхийн тулд найруулагч аль болох зураг авалтаа дотор байршилд авахыг илүүд байсан байхад Biziou мөн аль болох байгалийн гэрэл ашиглахыг зорьж байсан гэдэг. Lyne илүү бараан, өнгөний бага эсрэгцэл бий болгохын тулд кинонд маш их утаа ашиглаж байсан; үүнээс нь болж жүжигчид болон кино багийнхан үхэх шахаж байсан учир эмч хажуудаа байлгадаг байжээ. Кинонд секс хэсэг олон, үүнд рестораны бие засах өрөөний, байрны коридорын секс хэсгүүдийг дурдаж болох бөгөөд чухам энэ хэсгүүдийг найруулагч Lane-ын сэтгэл хөдлөл, биеийн байдалд тохируулан ахин дахин авч байж.
 Paul Connie хоёрын секс сцэнийн өмнө Lyne жүжигчиддээ Fatal Attraction, Five Easy Pieces болон Last Tango in Paris кинонуудыг үзүүлсэн гэдэг. Мөн Lane Martinez хоёр тоглох хэсгийнхээ талаар өмнө нь уулзаж ярилцдаг байсан гэдэг бөгөөд энэ дүрийг бүтээхийн төлөө нүцгэн байхдаа дасах хэрэгтэйг би ойлгосон байсан гэж Lane хэлсэн байдаг бол Martinez нүцгэн байхдаа ихээхэн эвгүйцдэг байж, ер нь секс сцэнийг авсны дараа жүжигчид сэтгэл санааны хувьд, бие махбодийн хувьд тун ядарчихсан байдаг байжээ. Lane Martinez хоёр киноноос өмнө бие биенээ огт мэддэггүй байсан нь киноны дүрүүдийнх нь харилцааны тусгал болсон гэж дүгнэдэг. Fatal Attraction киноныхоо туршлагаас улбаалж Lyne энэ кинондоо 5 өөр төгсгөл хийсэн. Студи бол гэрлэлт бол хоосон зүйл, секс бол муу гэсэн санааг хүсэж байсан бол Lyne гэм буруу, хардалтыг судлахыг сонирхож байж; студи киноны "оньсогон" төгсөлтийг таашаасангүй. Ингээд туршилтын үзвэрээс болж кинонд эх төгсгөлийг сэргээхийг зөвшөөрсөн бөгөөд Lyne Los Angeles хотод Gere, Lane нарыг хүрэлцэн ирж төгсгөлийн хэсгийг дахин авахыг хүсэв. Lyne шинэ төгсгөлийг эхээсээ илүү хоёрдмол утгатай байлгахыг хүссэн буюу үзэгчиддээ илүү сонирхолтой, асуудлыг өдөөж өгөхийг хүсчээ. Нэг судлаачийн хэлснээр энэ төгсгөл нь илүү ухаалаг үзэгчдэд зориулагдсан ажээ. Судлаач, шүүмжлэгчид бүгдээрээ Diane Lane-ын тоглолтыг магтан сайшааж, харин киног ерөнхийдөө энэ жаннртаа шинэлэг юм авчраагүй, шийдвэрлэх байдал нь сэтгэлд хүрээгүй гэж байв. Entertainment weekly Lane-ын тоглолтыг замналынх нь хамгийн чухал тоглолт гээд түүний романс, хуял тачаал болоод ёс суртахууны уналтаас үүдэлтэй гэм буруутай царайны төрх нь киноны бүх түүхийг илтгэнэ гэжээ. Тэгвэл Los Angeles Times энэ дүрд зөвхөн Lane л орж чадна, Lane энэ дүрээ амьдруулсан хэмээжээ. Connie-ын Paul-тай анх хурьцчихаад харьж явахдаа тэр хурьцлаа дахин дурсах хэсэг маш алдартай агаад Lane тоглолтын гол цөм яг энэ хэсэгт байгаа гэж үздэг буюу киног үзсэн хүн болгон чухам энэ л хэсгийг өөр хоорондоо ярилцаж байсан гэдэг. Lane тэр жилдээ Алтан бөмбөрцөг болоод Оскарын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр шагналд нэр дэвшиж байсан ба Entertainment weekly сэтгүүл уг киног хамгийн шилдэг 50 сексий киноны жагсаалтынхаа 27-р байрт жагсааж байжээ.  George Clooney, Johnny Depp, John Travolta болон Bruce Willis нарт Edward-ын дүрд тоглооч гэсэн санал хүргүүлж байсан бол Jennifer Lopez Connie-ын дүрийн сонгон шалгаруултад орж байжээ.

Comments