Нүцгэн шөнө

 


Sawdust and Tinsel (1953). 20-р зууны Шведэд энэ түүх болжээ. Нэгэн явуулын цирк байх. Циркийн эзэн болон гол багш, найруулагчийн үүргийг Albert (Ake Gronberg) хэмээх 40 гаран насны бүдүүн эр гүйцэтгэнэ. Түүний дэргэд үргэлж залуухан бас үзэсгэлэнтэй Anne (Harriet Andersson) гэх 20 гаран насны хүүхэн дагалдан явах бөгөөд тэд янагийн ч, ажлын ч хамтрагчид буюу Anne морьтой үзүүлбэр үзүүлэгч болой. Albert-д хар өглөөгүүр алиалагч нь болох (дашрамд хэлэхэд 40 орчим хүнээс бүрдэх цирк) Frost өөрийнхөө нэгэн түүхийг ярьж байгаагаар кино эхэлнэ; нэг удаагийн тоглолтын үеэр Frost-д хэн нэгэн далайн эрэг дээр нэг гоё бүсгүй салаа цэргийн хамт усанд орж байна, тэгэхдээ нүв нүцгэнээр шүү гэж хэлжээ, энэ бүсгүй өөрийнх нь эхнэр, мөн циркийн жүжигчин болохыг олж мэдээд даруйхан явж очиход үнэхээр ч эхнэр нь баахан цэргийн дунд сэлж байх нь тэр; уурлаж бас сандарсан алиалагч сэлж очин эхнэрээ авах агаад гэрийн зүг эхнэрээ тэвэрч, аль болох нууцгай газруудыг нь харуулахгүйг хичээн явжээ. Циркийнхэн нэгэн хотод ирнэ.


Тэд ээлжит тоглолтынхоо сурталчилгааг хийж гудамжаар сүр бараатай жагсан явж байтал цагдаа нар ирээд зөвшөөрөлгүй жагслаа хэмээгээд улмаар морьдыг нь хураачихна. Энэ торгууль тэдний санхүүгийн муу байдалд нэмрээс болох буюу Albert хотын театрт очиж зарим нэг тусламж, үнэндээ гуйлга гуйхаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Ингээд тэрээр хамаг гоё хувцсаа өмсөөд Anne дагуулан театрт очно. Театрт бэлтгэл хийгдэж байлаа. Театрын найруулагч Albert-ын гуйлтыг эелдэгээр хүлээж авдаг ч өөрийнх нь өмссөн зүүснийг, ийм аятайхан хүүхэн дагуулчихаад даанч муу хувцасласныг шоолохоос гадна цирк, алиалагч нар гэдэг бол театрын дэргэд нохойн жогорхой гэх мэтээр улайн цайм доромжилно. Albert Anne хоёр буцаж ирээд хэрэлдэнэ; тэдний харилцаа ойроос асуудалтай байгаа агаад Albert өөрийгөө хөгширсөн гэж үзэхийн сацуу үнэхээр ч байнгын аялдаг энэ ажлаасаа залхаж тогтвортой, суурьшсан амьдрал хүснэ, тэрээр мөн Anne-гаас залхаж байгаагаа нуулгүй хэлнэ. Albert энэ хотод ирсэн нь тохиолдол биш бөгөөд энэ хотод 3 жилийн өмнө орхиж явсан эхнэр болоод 9 настай хүү нь амьдардаг ажээ. Anne үүнийг мэдэх учир, бас одоо эхнэрээрээ ороод гарна гэсэн Albert-д уурлаж уйлах ба хамт үлдээч, битгий орхиж яваач хэмээж, хэрвээ явбал эргэж ирэхэд чинь би байхгүй байна шүү гэж анхааруулна. Albert хаяж явсан гэртээ ирнэ. Хүү нь түүнийг таних бөгөөд эхнэр Agda нь ёсыг бодож хуучин нөхрөө хоол, архиар дайлж, цамцыг нь засаж өгнө. Хоолны үеэр Albert аялж явахаасаа залхаж байна, мөнгөгүй ч боллоо, та хоёр дээрээ эргэн ирэх бодолтойгоор ирлээ гэхэд Agda чамтай хамт амьдрахад маш хэцүү байсан, би одоо л эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдарч байна гэснээр Albert энэ гэрийн хаалгыг ахиж тогшихгүйгээ ойлгодог.

 Харин нөгөө талд Anne театрын зүг явж байлаа. Өглөөхөн Albert-тай хамт театр ороход театрын жүжигчин frans (Hasse Ekman) түүнтэй аминчхан уулзаад маш хүчтэй дурласнаа хэлж, хүсэн тачаадаж буйгаа илэрхийлж, шулуухан суухыг санал болгоход Anne зоримог татгалзсан болов ч одоо харин түүний ивээлийг хүртэхээр ийнхүү өрөөнд нь ороод буй нь энэ ажээ. Anne надтай суухгүй байж болно, гэхдээ намайг халамжлан хамгаалаач хэмээхэд Frans өрөөгөө түгжиж түлхүүрээ нуугаад нэгэн үнэтэй зүүлтийг хүүхэнд харуулах агаад энэ зүүлтийг түүнд бэлэг болгож хүндтэй хатагтай өгсөн бөгөөд зэгсэн үнэ хүрэх энэхүү зүүлтээр нэг удаагийн сексийн санал ичих ч үгүйгээр тавина. Anne түгжигдсэн учир бас мөнгө хэрэгтэй тул, тэгээд ч тийм ухаантай хүүхэн биш байсан болохоор саналыг нь хүлээж аван жүжигчний өвөрт орно. Цирк рүүгээ явж байсан Albert театраас сэжигтэй гарч яваа Anne-г хараад араас нь дагах агаад Anne ломбардын газар орохыг хараад учрыг ерөнхийд нь ойлгох буюу өглөө Frans тэр хоёрыг ажигласан ажээ. Albert чингэлэгтээ ирэхэд Anne хэнэг ч хөзрөөр тоглож байх ба Albert шууд л чи намайг хуурсан, муу урвагч хэмээн дайрч давшилж эхэлнэ, харин хүүхэн эхэндээ хатуу эсэргүүцэж байснаа сүүлдээ үнэнд бууж өгөхөд Albert асаж байснаа үнэнийг сонсоод тоосон шинжгүй хүлээж авна. Энэ үед Frost согтуу, архи барьсаар чингэлэгт орж ирснээр Albert тэр хоёр согттолоо ууцгаана. Согтсон Albert циркийнхэндээ агсам тавьж, оройны тоглолтдоо бэлдэхийг шаардана. 

Ингээд тоглолт эхэлнэ. Үзэгчид ч олон иржээ. Тэр дунд Frans нэг хүүхэнтэй хамт сууж байлаа. Тоглолтын үеэр морьтой Anne руу Frans байнга янз бүрийн үгээр дайрна. Энэ нь Albert-ын харцнаас үл гарна. Нэг дэггүй үзэгч чулуу шидэж Anne мориноосоо унахад Albert одоо л боломж гарсныг далимдуулан ташуураараа Frans-г ороолгочихно. Уурлаж хорссон Frans талбай дээр гарч ирсэнээр Albert тэр хоёр жинхэнэ эрчүүдийн ёсоор нударга зөрүүлж асуудлаа шийдвэрлэхээр болно. Зодоон үнэмлэхүй байдлаар Frans-ын талд шийдэгдэж, Anne доромжлолын нулимстайгаа үлдэнэ. Тэр шөнөдөө Albert амиа хорлохыг завдах боловч зүрхлэхгүй ба хэн нэгэнд юмуу аль нэг юманд уур бухимдлаа гаргах хэрэгтэй байсан нь циркийнхэн баавгай байж таарна. Морины жүчээндээ шөнөжин уйлсан Albert өглөө циркээ дагуулан дараагийнхаа тоглолтод явах бөгөөд Anne хувцсаа өмчсихсөн түүнийг хүлээж байлаа. 

Шведийн аугаа кино найруулагч Ingmar Bergman-ын сэтгэлзүйн драм жанрын бүтээл буюу их мастер хүйсийн тулааныг сөнөж буй циркийн байдлаар дүрсэлжээ. Энэ бол Bergman-ын замналынх нь эхэн үеийн хамгийн тод бүтээл гэгддэг бөгөөд уг киноны зүүд шиг тойруу чанар болоод психосексуалын ээдрээтэй хүч нь найруулагчийн "Seventh Seal" хийгээд "Smiles of a Summer Night" зэрэг кино урлагийг эгнэгт өөрчлөх бүтээлүүдийнх нь цуурай болсон гэж үздэг. 2012 онд уг киног Шведийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 25 киноны тоонд оруулсан байдаг бол TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 845-р байрт жагсаажээ. Ingmar Bergman энэ киноныхоо талаар; би кино зохиолоо Стокгольм хотын Sodra теарт байрлаж байсан Mosebacke Square гэх жижигхэн зочид буудалд байхдаа бичсэн. Миний өрөө хөл хөдөлгөөн ихтэй боловч хотыг тольдох сайхан байршилд байсан. Буудлаас театр руу ордог шат байсан бөгөөд үдэш болоход тайзнаас варьетегийн тоглолт сонсогддог байлаа. Шөнө жүжигчид болон тэдний зочдын ууж, идэх сонсогдоно. Ийм орчин би кино зохиолоо 3 долоо хоног хүрэхгүй хугацаанд бичсэн хэмээжээ. Ingmar Bergman суут кино зураглаач Sven Nykvist хоёрын анхны хамтрал энэ киноноос эхтэй ажээ.

Comments