Англи болон Америкийн иргэншилтэй, кино найруулагч, зохиолч, продюсер Christopher Nolan бол амьд сэрүүн байгаа өнөө цагийн хамгийн шилдэг кино найруулагчдын нэг бөгөөд 2015 онд Time сэтгүүлээс түүнийг манай гаригийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэж байв. Nolan-ын найруулж, зохиосон кинонууд дэлхий даяар $5.1 сая тэрбум доллар олж, Оскарын наадмаас 10 шагнал хүртээд байна. Christopher Edward Nolan 1970 оны 7-р сарын 30нд Лондоны Westminster дүүрэгт төрөөд хойд Лондоны Highgate гэх захын дүүрэгт өсчээ. Түүний аав Brendan Nolan зар сурталчилгааны компанид ажилладаг байсан бол ээж Christina нь онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад хожим Англи хэлний багшаар ажиллаж байжээ. Nolan-ын бага нас Англи, Америкийн хооронд нисэж өнгөрсөн ба тэрээр тус хоёр улсын давхар иргэншилтэй болжээ. Тэрээр Matthew хэмээх ахтай, бас Jonathan гэдэг дүүтэй бөгөөд Jonathan нь бас кино урлаач билээ. Багадаа тэрээр Star Wars, 2001: A Space Odyssey зэрэг кинонуудыг шимтэн үзэх болж, нэн ялангуяа Ridley Scott-ын кинонууд түүнд ихээхэн нөлөөлөх болжээ. Nolan аавынхаа super 8 камерийг гуйж аваад 7 настайгаасаа кино хийж эхэлсэн буюу тоглоомуудаараа богино хэмжээний кино хийдэг байжээ. Дүү Jonathan нь гурил, шавар, өндөгний хайрцагаар киноных нь тайз заслыг хийж өгдөг байжээ. Нэг удаа НАСА-ын Аполло пуужингийн хөтөлбөр зохион бүтээх системд ажиллаж байсан авга ах нь түүнд пуужин хөөргөж байгаа бичлэг илгээжээ; Nolan бичлэгийг дахин бичих юмуу эвлүүлэх зэргээр "тоглодог" байснаа хожим дурссан байдаг ба 11 настайгаасаа мэргэжилийн кино найруулагч болохыг хүсэх болжээ. 1981-1983 оны хооронд Nolan Surrey хотод байрлах католик шашны бэлтгэл сургуульд элсчээ. Өсвөр насандаа тэрээр Roko Belic-тэй хамтран кино хийж эхэлсэн, найзууд хамтдаа Tarantella гэдэг бүтээлийг 1989 онд хийж, тус бүтээл нь олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний бие даасан кино, видеоны үзэсгэлэн дээр гарч байжээ.
Nolan
Hertfordshire-ын Hertford Heath дахь бие даасан сургууль болох Haileybury and
imperial Service College-д боловсрол эзэмшсэн агаад дараа нь University College
London-д английн уран зохиолоор сурчээ. Уламжлалт кино боловсролоос
зайлсхийснээ тэрээр аливаа юмсыг өөрөөр харах боломж олгодог гэсэн буй. Тэрээр
University College London-г сонгох болсон гол шалтгаан нь тэндхийн кино
үйлдвэрээс болсон гэдэг. Nolan сургуулийнхаа холбооны кино нийгэмлэгийн
ерөнхийлөгч байсан бөгөөд ирээдүйн эхнэр, тухайн үеийнхээ найз охин Emme
Thomas-той хамт хичээлийн шинэ жилээр кино үзүүлж, олсон мөнгөөрөө зуны турш
кино хийжээ. 1993 онд Английн уран зохиолоор зэрэг хамгаалсан Nolan арилжааны
кино үйлдвэрт кино зохиол унших, камерийн оператор болон найруулагчаар ажиллах
болжээ. 1995 онд богино хэмжээний Larceny гэх бүтээлээ хязгаарлагдмал тоног
төхөөрөмжтэйгөөр хар-цагаанаар хийв. 2 жилийн дараа өөрийн 3 дахь богино
хэмжээний кино болох Doodlebug-г бүтээж салбарынхныхаа анхааралд өртөх болов.
Тус кинонд гутлан дотор нь орсон шавьжийг эрж яваад гутланаасаа өөрийнхөө
жижигхэн дүрийг олж буй хүний тухай гардаг. Nolan Emma нар 90-ээд оны дундуур
бүрэн хэмжээний анхны кино болох Larry Mahoney төслийг эхлүүлсэн боловч уг
төсөл тэгсгээд хаягджээ. Замналынхаа энэ үед Nolan бараг л ямар ч амжилтад
хүрээгүй нэгэн байлаа, хожим тэр үеэ Nolan "татгалзсан захидлаар дүүрсэн
үе" гэж тодорхойлсон байдаг ба мөн "Их Британий санхүү маш
хязгаарлагдмал, үнэнийг хэлэхэд энэ бол ердөө клуб маягийн л юм, Их Британий
кино үйлдвэрээс хэзээ ч ямар ч дэмждэг авч байгаагүй" хэмээжээ. 1998 онд
Nolan өөрийнхөө анхны бүрэн хэмжээний Following киног гаргасан бөгөөд өөрөө зохиолыг
нь бичиж, эвлүүлж, зураглаачаар нь ажиллаж мэдээж найруулсан. Кинонд нэгэн
зохиолч залуу шинэ романыхаа санааг олохын тулд гэмт хэргийн ертөнцөд орж буй
тухай өгүүлнэ. Nolan Лондонд амьдарч байхдаа сууж байсан байрыг нь дээрэмдсэн
туршлагаас эл кинондоо оруулсан ба хулгай хийх, хэн нэгний араас хөөх нь угтаа
нийтлэг шинжтэйг ажигласанаа уг кинондоо буулгажээ.
Кино маш бага төсвөөр
хийгдэж, кино багийнхан бараг тэр чигээрээ Nolan-ын найзууд байлаа. Following
хэд хэдэн кино наадамд амжилттай оролцсон; The New Yorker уг киног
"Hitchcock-ын Классик
бүтээлийн цуурай, гэхдээ илүү харгис" гэж бичиж байв. Following-ын амжилт
Nolan-д 2000 онд Memento киногоо хийх боломжийг олгосон агаад чухам эл бүтээл
нь түүний гялалзсан замналын гарааны цэг болжээ. Ой санамжаа мартах өвчтэй
хэдий ч эхнэрийг нь алсан алуурчинг олохын тулд биедээ шивээс хийлгэж мартсанаа
эргэж санадаг хүний тухай түүхийг Jonathan анх боловсруулсаныг Nolan кино
зохиол болгожээ. Жилийн дараа энэ санаагаа Jonathan богино өгүүллэг болгож
нийтлүүлсэн байдаг аж. Newmarket Films-ын гүйцэтгэх захирал Aaron Ryder киноны
зохиолын талаар "миний амьдралдаа уншсан хамгийн шинэлэг кино зохиол"
хэмээн уулга алдсан буй. Киноны гол дүрүүдэд Guy Pearce, Carrie-Anne Moss нар
тоглосон ба кино нээлтээ хийсэн даруй кино шүүмжлэгчдээс талархал хүлээв. The
Wall Street "ямар кино нэгэн зэрэг ийм ухаалаг, хачин нөлөөтэй, зальтай
байсныг санахгүй байна" гэсэн бол Basil Smith "ухамсартай ой санамж
нь бидний мөн чанарыг бий болгодог гэсэн сэдвийг Nolan кинондоо судалсан нь Жон
Локкийн философитой харьцуулахуйц" хэмээжээ. Memento-г 2000-оод оны
хамгийн шилдэг киноны тоонд оруулдагаас гадна кино тэр жилийн Оскарын наадмын
шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшиж байжээ. Memento-г үзэж сэтгэл хөдөлсөн
Steven Soderbergh сэтгэлзүйн триллер жанрын Insomnia киноны найруулагчийн
суудлыг Nolan-д шилжүүлэв. Энэ бол 2002 он бөгөөд 1997 онд анх Норвегид ижил
нэртэйгээр гарч байсан тус бүтээлд Al Pacino, Robin Williams, Hilary Swank нар
тоглосон. Судлаачид эл бүтээлийг Nolan-ын хийсэн хамгийн энгийн холливуудын
кино гэж дүгнэдэг. Гэхдээ кино бокс оффист амжилттай байж, мөн шүүмжлэгчдээс
сайшаал хүртсэн агаад Roger Ebert ялангуяа магтаад; энэ бол шинэчилсэн кино
гэхээсээ илүү цоо шинэ кино шиг хийгдсэн сайн кино гэжээ. Insomnia-ын дараа
Nolan бизнесийн магнат, нисгэгч, зохион бүтээгч Howard Hughes-ын тухай
намтарчилсан кино хийхийг хүсч, гол дүрд Jim Carrey-г тоглуулахаар төлөвлөж
байсан бөгөөд өөрийнхөө бичсэн зохиолыг "миний бичсэн хамгийн сайн
зохиол" гэж шагшиж байв. Гэтэл Howard Hughes-ын тухай Steven Soderbergh
кино хийж байгааг (2004 оны Aviator) дуулаад өөрийнхөө төслийг орхижээ. Мөн
Nolan 2004 оны түүхэн туульсын Troy киног найруулахаас татгалзжээ. 2003 оны
эхээр Nolan эх түүхээс нь сэдэвлэсэн цоо шинэ Batman-ын тухай кино хийх
санаагаа Warner bros-д хэлжээ.
Энэ шинэ Batman нь комик фантааз гэхээсээ илүү
классик драмын санагдуулам сэдэвтэй байх ёстой бөгөөд тэрээр киноны зураг
авалтын үеэр уламжлалт трюкүүд, бага зэргийн эффэктүүдэд найдаж, компьютераас
авсан зургийг бага ашигладаг байжээ. Batman Begins нь тухайн үедээ түүний барьж
авсан хамгийн аварга төсөл байлаа. Кино 2005 онд нээлтээ хийнгүүт арилжааны
хувьд ч шүүмжлэгчдийн зүгээс ч өндөр амжилт олж, гол дүрүүдэд; Christian Bale,
Michael Caine, Gary Oldman, Morgan Freeman болон Liam Neeson нарын одод
тоглосон. Кино Batman-ын франчайзийг дахин олны анхааралд аваачсны дээр энэ
жанрын киноны өнгө аясыг хар бараан болгох шинэ чиг хандлагын түүчээ болсон.
Шүүмжлэгчид Batman Begins-ын сэтгэлзүйн болоод орчин үеийн нийгмийн гүн гүнзгий
асуудлыг хөндөж чадсаныг сайшааж байв. Кино тэр жилийнхээ Оскарын наадамд
шилдэг зураглаач төрөлд нэр дэвшсэн бол 2000-аад оны хамгийн нөлөө бүхий киноны
нэг хэмээгдэх болжээ. 2006 онд тэрээр Christopher Priest-ын ижил нэрт романаар
The Prestige киногоо бүтээв. Кинонд 19-р зууны хоёр илбэчний өрсөлдөөнийг
өгүүлэх бөгөөд Christian Bale, Hugh Jackman нар тогложээ. Nolan аль 2001 онд
дүүтэйгээ хамтран уг киноны зохиол дээр ажиллаад эхэлсэн байсан ч Batman
Begins-ээс болж түр хойшлуулаад байж. The Prestige мөн л хоёр талт амжилт
үзүүлэв, Roger Ebert уг киног "сэтгэлд хоногшим, өөрийн гэсэн уур
амьсгалтай, бараг л сатаник" гэсэн байхад The Guardian "түгшүүртэй,
нууцлаг, сэтгэл хөдлөм чанараараа уг кино нь оюунлаг юмуу философилог сэтгэл
хөдлөлийг төрүүлнэ" гэж бичжээ. Кино тухайн жилийнхээ Оскарын наадмын
шилдэг кино зураглаач, шилдэг тайз засал төрлүүдэд нэр дэвшжээ. 2006 онд Nolan
Batman Begins-ынхээ үргэлжлэл болох The Dark knight бүтээлээрээ эргэн ирлээ.
Тэрээр киноныхоо үргэлжлэл ангийн нуар чанарыг өргөтгөхийг хүссэн ба
"хотын түүхийг динамик байдлаар Үзүүлэхдээ томоохон хэмжээний гэмт хэргийн
түүхийг өгүүлнэ, эндээс та; цагдаагийн тухай, шударга ёсны системийн тухай,
ядуу болон баян хүмүүсийн тухай, мөн гэмт хэргийн тухай өгүүлэхийг харах
болно" хэмээжээ. Кино 2008 онд нээлтээ хийж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ
авав; The Dark knight-г өдгөө 2000-аад оны хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэх
болсноос гадна бүх цаг үеийн хамгийн аугаа сүпер баатартай киноны нэг гэж үзэж
байна. The New York Times "арт ба үйлдвэрийн заагийг арилгасан энэхүү
бүтээл нь яруу найраглаг байхын сацуу сонирхолтой байж чадсан бөгөөд урьд өмнө
комик номноос сэдэвлэсэн холливуудын ямар ч киноноос илүү гүн гүнзгий, хар
бараан бүтээл болжээ". The Dark knight тухайн үед хэд хэдэн бокс оффисын
дээд амжилтыг эвдэж байсан агаад дэлхий даяар 1 тэрбум доллар олжээ.
81 дэх
Оскарын кино наадмаар кино 8 төрөлд нэр дэвшиж; 2 шагнал хүртсэний нэг нь Heath
Ledger-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал болой. The Dark knight-ын
амжилтын дараа Inception киног найруулахаар Warner bros-той тэрээр гэрээ
байгуулсан. Тэрээр кино зохиол дээрээ мөн ажилласан бөгөөд "оюун ухааны
уран барилга доторх орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдалт
кино" гэж уг бүтээлийг дүрсэлдэг. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн Leonardo
DiCaprio тэргүүтэй оддын чуулганаас бүрдэх бөгөөд Inception 2010 онд нээлтээ
хийнгүүтээ өндөр ашиг олж, судлаачдын магтаалд булуулсан. Chicago Sun-Times
кинонд төгс үнэлгээ өгөөд 21-р зууны хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэсэн
байдаг бол шүүмжлэгч Mark Kermode "энэ кино хүмүүс тэнэг болчихоогүйг
нотолж, кино урлаг хог новш болчихоогүйг харуулж, хамгийн гол нь арт кино ч тэр
арилжааны кино ч тэр адилхан байж болохыг үзүүллээ" гэж байжээ. Кино
дэлхий даяар $836 саяын ашиг олж, Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг
кино зураглаач гэсэн 4 Оскарын шагнал хүртжээ. 2012 онд Nolan Batman
трилогийнхоо сүүлчийн анги болох The Dark knight Rises-г бүтээж, гол дүрд мөн л
Christian Bale тоглосон. Nolan анхандаа төгсгөлийн ангийг хийх эсэхдээ эргэлзэж
байж, эцэст нь Jonathan болон David S. Goyer нарын ятгалгаар энэхүү трилогийг
хүссэн хэмжээндээ дуусгаж чадна гэсэн мэдрэмжээр киног гардан авчээ. Кино 2012
онд нээлтээ хийв, өмнөх адил ашиг их олсон ч шүүмжлэгчид эхний 2 анги шиг нь
хүлээж авсангүй. Salon сонин "ямар ч кино урлаач өмнө нь ийм далайцтайгаар
кино хийхийг оролдож байгаагүй" гэж бичжээ. 2010 онд The Dark knight Rises
киноны хэлэлцүүлгийн үеэр Goyer Nolan-д Superman-ын цоо шинэ, орчин үеийн
хэлбэрээр хийх санааг танилцуулжээ. Nolan-д уг санаа таалагдсан ба уг санаагаа
Warner bros-д танилцуулсанаар 2013 онд Man of Steel кино нээлтээ хийж, энэ
кинонд Nolan продюсерээр ажиллаж, найруулагчаар нь Zack Snyder ажилласан.
Киноны гол дүрүүдэд; Henry Cavill, Amy Adams, Kevin Costner, Russell Crowe
болон Michael Shannon нар тоглож, дэлхий даяар $660 саяын ашиг олжээ. Судлаач,
шүүмжлэгчид Man of Steel-г тийм ч сайнаар хүлээж авсангүй, гэвч Nolan энэ киног
сайн болсон гэж үзсээр буй. 2014 онд тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт
Interstellar бүтээлээ толилууллаа. Jonathan анхны нооргийг биччихсэн байсан ба
Steven Spielberg найруулагчаар ажиллах ёстой байжээ. Кино онолын физикч Kip
Thorne-ын онол дээрээс үндэслэгдсэн. Гол дүрүүдэд; Matthew McConaughey, Anna
Hathaway, Jessica Chastain, Michael Caine болон Ellen Burstyn нарын одод
тоглосон бөгөөд дэлхий даяар $700 саяын ашиг олж, Оскарын наадмаас шилдэг
тусгай эффэкт шагнал хүртсэн. Шинжлэх ухаанаар даганаж бичдэг сонин сэтгүүлүүд
Interstellar-ын шинжлэх ухааны нарийвчлалтай бүтээгдсэн байдлыг магтаж, зарим
нь бүр сургуулиудад үзүүлэх хэрэгтэй гэж байв. 2010-аад оны дундуур Nolan
ерөнхийдөө "чимээгүй" байсан буюу тэрээр нэрд гараагүй кино
найруулагчдад туслах, Quay ах дүүстэй хамтран богино хэмжээний кино төслүүдэд
ажилласан.
Ингээд 2017 онд тэрээр Dunkirk бүтээлээрээ эргэн ирэв. Nolan кино зохиолоо
өөрөө бичсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх тус кино нь гурамсан
бүтэцтэй хийгдсэнээрээ онцлог. Nolan кино хийхээсээ өмнө Steven Spielberg-ээс
зөвлөгөө авсан гэдэг, мөн хожим Spielberg нэгэн ярилцлагадаа "Nolan-г
хүндэлдэг, тэр бол манай гаригийн хамгийн Гайхамшигтай төсөөлөлтэй кино
найруулагч" гэж хэлжээ. Киноны гол дүрүүдэд; Tom Hardy, Gillian Murphy
Kenneth Branagh нар тоглож, кино дэлхий даяар $526 саяын ашиг олсон нь бүх цаг
үеийн хамгийн өндөр ашиг олсон дэлхийн хоёрдугаар дайны сэдэвтэй кино болжээ.
Nolan киногоо минимал харилцан яриатай, мэдрэмтгий, бараг туршилтын маягаар
хийхийг хүссэн ба судлаачид Dunkirk-г бүх цаг үеийн хамгийн шилдэг дайны сэдэвт
киноны нэгээр нэрлэх болсон. Мөн эл бүтээлээрээ Nolan Оскарын наадмын шилдэг
кино найруулагч төрөлд анх удаагаа нэр дэвшсэн. Олон жилийн турш ерөнхий санааг
нь бодож, боловсруулж явсаар 2020 онд Nolan Tenet бүтээлээ толилууллаа. Кино ковид-19
цар тахлын улмаас нээлтээ 3 ч удаа хойшлуулсан бөгөөд $200 саяар бүтээд $363
саяын ашиг олжээ. Судлаач, шүүмжлэгчид Tenet-г өндрөөр үнэлсэн. Киноны гол
дүрүүдэд; Robert Pattinson, John David Washington, Elizabeth Debicki нар
тогложээ. Nolan-ын кинонууд ихэвчлэн экзистенциал болон танин мэдэхүйн онолын
сэдэвт үндэслэгдсэн цаг хугацаа, ой санамж хийгээд өөрийгөө тодорхойлохыг
судалдаг. Түүний бүтээлд математикаас эх авсан санаанууд болон зураглалууд, мөн
уламжлалт бус хүүрнэх бүтэц, материалист мэдрэмж хийгээд дуу, хөгжмийг тод
ашиглах шинжүүд байдаг. Найруулагч Guillermo del Toro түүнийг "сэтгэл
хөдлөлийн математикч" гэсэн байдаг бол BBC "зүрхийг хурдасгаж,
толгойг эргүүлж чаддаг оюунлаг амбицтай блокбастер кино хийдэг артхаус кино найруулагч"
гэж Nolan-г дүгнэжээ. Цаг үеийнхээ хамгийн нөлөө бүхий, алдартай кинонуудыг
бүтээсэн Nolan-ын бүтээлийг энгийн үзэгчдээс академик түвшинд хүртэл анализ
хийж, маргаан өрнүүлсээр байна. The Wall street journal "бокс оффисын
амжилтыг урлагийн амбицтайгаа хослуулж чадсанаараа Nolan энэ салбартаа ер бусын
нөлөө үзүүлсэн" гэж дүгнэсэн байхад Tom Shone "Alfred Hitchcock-оос
хойш Их Британий арлуудаас төрөн гарсан хамгийн амжилттай найруулагч"
гэжээ. Memento, Inception, The Dark knight кинонуудыг нь BBC 21-р зууны хамгийн
шилдэг 100 кино жагсаалтдаа багтаасан бөгөөд Empire сэтгүүл түүнийг
"Америкийн кино урлагийн хамгийн их туршилт хийдэг блокбастер
найруулагч" хэмээжээ. Sight & Sound сэтгүүл Nolan-г "шинийг
өгүүлэгч төрлийн найруулагч" гээд харааны мэдрэмж, техникийн ур чадварыг
нь магтаад насанд хүрэгчид төдий л сонирхоод байдаггүй философийн түвэгтэй
асуултуудыг сонирхолтой байдлаар хүүрнэдэг гэж бичжээ. Кино шүүмжлэгч Mark
Kermode "артхаус бие даасан кино хийх дэг журам ба этиктйг холливуудын
блокбастер киногоор дамжуулан хүргэж буй найруулагч" гэж Nolan-г магтажээ.
The Observer сэтгүүл "Nolan бол Spielberg-ын зураглалыг Nicolas Roeg эсхүл
Alain Resnais-ын оюун санааны нарийн түвэгтэй байдалтай хослуулсан чадварлаг,
хэв маягтай өгүүллэгч" гэж бичжээ. Mark Cousins түүний том санаанаас
айдаггүйг магтаад; "холливуудын найруулагчдын зайлсхийдэг санаанаас
эсрэгээрээ Nolan огт айлгүй барьж авдаг" гэжээ. Үеийнхэн нь түүнийг хүлээн
зөвшөөрөөд зогсохгүй нөлөөнд нь хүртэл автдаг аа нуудаггүй; тухайлбал Damien
Chazelle, Olivier Assayas Luca
Guadagnino болон Denis Villeneuve нар Nolan-г орчин үеийн кино урлагийн онцгой
төлөөлөгч, өөрийн гэсэн кино хэлтэй цөөхөн кино урлаачдын нэг гэсэн буй. Nolan
эхнэр Emma Thomas-тай University College London-д сурч байхдаа танилцсан бөгөөд
Emma түүний бүх кинонд продюсерээр ажилласан. Тэд 4 хүүхэдтэй; Nolan хэвлэл
мэдээлэлд гэр бүл, хувийн амьдралынхаа талаар ховорхон ярьдаг. Мөн тэрээр
ухаалаг утас хэрэглэдэггүй, манайхны хэлдэгээр нэг муу "нокиа"
барьдаг ажээ.
Comments
Post a Comment