Кино урлаг бол цогц урлаг юм. Кинонд хөгжим нь суурь дэвсгэр аялгуу болохоос гадна дуу нь, хөгжим нь, мөн киног илэрхийлэх цомог гартлаа хөгжөөд байна. Нэг үгээр хөгжим нь киногоо илэрхийлэх нь холгүй болжээ. Аймшгийн киноноос адал явдалт кинонд хөгжим нь хамгийн чухал хэсгийг гүйцэтгэх болж ирсэн бөгөөд энд би бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 киноны хөгжмийн зохиолчийг бичлээ. Ингэхдээ эрэмбэлж дарааллуулахыг чухалчилсангүйгээ онцлон дурдах байна.
Nino Rota (1911 - 1979). Италийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Rota нь киноны хөгжмийн зохиолч гэдгээрээ илүү алдартай. Federico Fellini, Luchino Visconti нарын шилдэг найруулагчдын кинонд хөгжим хийж явсан Rota "Загалмайлсан Эцэг" трилогийн эхний хоёр бүлгийн хөгжмийг бичсэнээрээ үргэлж дурсагдах болов уу. Мөн тэрээр Franco Zeffirelli-ын Romeo and Juliet кинонд ажилласан. Тэрээр Francis Ford Coppola-тай хамтран ажилласан "Загалмайлсан Эцэг" киногоороо Оскарын наадмаас шилдэг эх хөгжим шагнал хүртэж байсан. Rota маш хөдөлмөрч хүн байв; 1930-аад оноос 1979 он хүртэл Италийн болон олон улсын 150 гаруй киноны хөгжмийг бичсэн бөгөөд дунджаар жилд 3 кинон дээр ажилладаг байжээ. Киноны хөгжмийн хажуугаар тэрээр 10 дуурь, 5 балет, олон арван найрал хөгжим туурвижээ.
Erich Wolfgang Korngold (1897 - 1957). Энэ эрхэм бол найрал хөгжмийн кинонд ашигласан анхдагчдын нэг гэдгээрээ алдартай. 1934 онд Reinhardt-ын A Midsummer Night's dream кинонд Mendelssohn-ын хөгжмийн найруулгаараа ажиллаж холливуудын дебютээ хийжээ. Авсири - Унгар гаралтай Korngold Warner bros болон Paramount зэрэг том кино компаниудад ажиллаж байсан агаад Warner bros-той томоохон гэрээ байгуулж байв. Тэрээр The Adventure if Robbin Hood, Anthony Adverse зэрэг Оскарын шагналт кинонуудын хөгжмийг бичиж байсан бөгөөд Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг киноны хөгжмийн зохиолч жагсаалтын 11-р байрт жагсдаг.
Dimitri Shostakovich (1906 - 1975). Симфони, хөгжмийн дөрвөл хийгээд дууриудаараа алдаршсан Dimitri Shostakovich бас киноны хөгжим зохиогч байсан юм. Большевик хувьсгалын дараа Орост үүссэн улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд дасан зохицсны дараа тэрээр Сталины коммунист дарангуйллын дор уран бүтээлээр ундарсан замналаа эхлүүлсэн. Тэрээр 100 орчим киноны хөгжим бичсэнээс онцлох кинонуудыг нь дурдвал; The Maxim трилоги, Pirogov, The Gadfly. Гэвч өнөөдөр түүний кинонд зориулсан хөгжмийг барагтаа тоглодоггүй ажээ.
Bernard Herrmann (1911 - 1975). Алдарт найруулагч Alfred Hitchcock-ын кинонууд түүний л хөгжмөөр амь ордог гэвэл хилсдэхгүй болов уу. Vertigo, North by Northwest, The Man Who Knew too much, Psycho гэсэн киноны нэрсийг харахад л хангалттай мэт. Herrmann-ын хөгжимгүйгээр Psycho бүтээл тийм цус царцам аймаар болохгүй байх байсан болов уу. Тэрээр 1941 онд The Devil and Daniel Wabster киноны хөгжмөөрөө Оскар авч байсан. Тэрээр мөн Orson Welles-ын домогт Citizen Kane кинонд ажиллажээ.
Ennio Morricone (1928 - 2020). Замнал нь 50 жил үргэлжилсэн Ennio Morricone бол киноны хөгжмийн ертөнцөд жинхэнэ аварга биетэн юм. 500 орчим дэлгэцийн бүтээл туурвисан түүний замнал Вестерн жанрын киноны хөгжмөөр бат сууриа олжээ. Вестерн жанраар кино урлагийн газрын зурагт орж ирсэн тэрээр мөн комеди, туульсын, триллер, романтик кинонуудын хөгжөөрөө алдартай. Түүний авсан шагнал үстэй толгойноос олон ба хүндэтгэлийн Оскарын шагналыг хүртсэн хоёрхон хөгжмийн зохиолчийн нэг юм.
John Williams (1932 - ). Зургаан арван жил замнал нь үргэлжлэхдээ огт зогсож байгаагүй нь John Williams-г бүх цаг үеийн хамгийн алдартай, нөлөө бүхий, амжилттай киноны хөгжмийн зохиолч болохыг нотолно. Тэрээр 100 орчим киноны хөгжмийг бичсэн бөгөөд олны дунд алдартай, поп-култ болсон кинонуудын хөгжмийг бичсэнээрээ онцгойрох түүний зарим киноны ажлыг дурдвал; Jaws, Star Wars, Jurassic park, Indiana Jones, E.T болон Schindler's List. John Williams 5 Оскар, 4 алтан бөмбөрцөг, 7 BAFTA, 25 Грэмммийн шагналтай агаад Оскарт 52 удаа нэр дэвшээд байгаагаараа хувиараа Оскарт нэр дэвшсэн үзүүлэлтээрээ Walt Disney-ын дараа орох хоёрт ордог ажээ. 2005 онд Star Wars-ын хөгжмийг Америкийн кино хүрээлэн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны хөгжмөөр Нэрлэж байжээ.
Danny Elfman (1953 - ). Америкийн дуучин, дууны яруу найрагч бичигч Danny Elfman нь Oingo Boingo хэмээх new wave жанраар тоглодог хамтлагийг үүсгэн байгуулагч гэвэл сонин болов уу. Ах Richard Elfman нь кино найруулагч байж, ингээд ахынхаа кинонд хөгжмийн зохиолчоор ажиллаж үзсэний дараа өөрийнхөө жинхэнэ авъяас чадварыг Danny нээжээ. Энэ явдлаас 5 жилийн дараа тэрээр залуухан Tim Burton-той танилцсанаар тэдний олон жилийн гайхалтай хамтрал эхэлсэн. Тэдний хамтрал кино урлагийн хамгийн шилдэг бөгөөд тууштай хамтралын нэг юм. Danny Sam Raimi-ын Spider - Man, Men in Black-ын бүх киноны хөгжим, мөн Fifty Shades of Grey трилогийн хөгжмийг бичсэн. Тэрээр 100 орчим кинонд ажилласан бол Оскарт 4 удаа нэр дэвшээд байна.
Hand Zimmer (1957 - ). 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үеийн хамгийн амжилттай киноны хөгжмийн зохиолчдын нэг бол Германд гаралтай Hans бөгөөд тэр бол холливуудын хамгийн эрэлттэй, бас сэтгэл татам хөгжмийн зохиолчдын нэг юм. Бичлэгийн инженер, Синт программистаар эхэлсэн Hans хуучин технологийг орчин үеийн компютерийн синтезатор хөгжимтэй хослуулан бүх зүйлийг электро хэлбэрээр сурчээ. 1990 он гэхэд тэрээр аль хэдийнээ Оскарын шилдэг киноны шагналтай болчихоод байсан ба 1994 онд The Lion king бүтээлийнхээ хөгжмөөр Оскарын шилдэг хөгжим төрөлд ялалт байгуулсанаар өөрийнхөө нэр хүндийг бэхжүүлсэн. 2000-аад онд тэрээр Gladiator, Hannibal, The Pirates and Caribbean зэрэг блокбастер кинонуудын хөгжмийг бичсэн. Гэсэн хэдий ч Hans найруулагч Christopher Nolan-тай хамтран ажиллах болсноор илүү кино сонирхогчдын анхааралд орж, замналаа дахин нэг шат ахиулсан. The Daily Telegraph түүнийг амьд сэрүүн байгаа 100 суутны тоонд багтааж байсан агаад тэрээр маргаангүй орчин цагийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий киноны хөгмийн зохиолч юм.
Thomas Newman (1955 - ). Thomas нь ах Alfred болон авга ах Lionel нарын хамтаар гэр бүлийнхээ хөгжмийн өвийг үргэлжлүүлсээр байна. Түүний замнал театраас эхлэлтэй буюу Broadway-д ур чадвараа гайхуулсаныхаа дараа кино урлаг руу шилжжээ. 1983 онд Return of the Jedi кинонд John Williams-ын "туслахаар" ажилласанаар кино урлагийн салбарт хөл тавьжээ. Тэрээр Оскарт 15 удаа нэр дэвшсэн нь мэргэжил нэгт нөхөр Alex North-той тэнцдэг буюу ялж үзээгүй хамгийн олон нэр дэвшсэн гэсэн баримтыг бий болгож байна. Түүний хөгжмийг нь зохиосон алдартай кинонууд гэвэл; The Shawshank Redemption, American Beauty, The Green Mile, WALL -E болон Finding Nemo болно.
John Barry (1933 - 2011). Энэ эрхэм байгаагүй бол магадгүй Bond франчайз үүсэхгүй ч байсан магадгүй. John Barry 1962 онд Bond-ын анхны киноны хөгжмийн бүтээсэн даруй олон улсад алдаршжээ. Жазз, попын өвөрмөц холимог хөгжим нь 007 дүрийн шинж чанарыг төгс гаргадаг бөгөөд хөгжим нь кино шигээ нууцлаг, аюултай байдлыг илтгэх брэнд болжээ. Английн хөгжмийн зохиолч маань Bond-ын 11 киноны хөгжмийг бичсэн бөгөөд 5 удаагийн Оскарын шагналтан болой. Түүний шилдэг кинонууд гэвэл; Midnight Cowboy, Dances with Wolves, Out of Africa болно. Америкийн кино хүрээлэн түүний хөгжмийг бүх цаг үеийн хамгийн шилдэг кино хөгжим жагсаалтынхаа 15-р байрт жагсаажээ.
Comments
Post a Comment