Шерлок Холмсын эцэг: Артур Конан Дойл

Артур Конан Дойлийн алдарт Шерлок Холмсыг мэдэхгүй хүн байхгүй буй заа. Номыг нь уншиж байгаагүй юмаа гэхэд киногоор нь мэддэггүй хүн ганц ч байхгүй болов уу. Их Британий зохиолч, эмч алдартай Шерлок Холмсын "Эцэг"-тэй арай ойроос танилцая. Шерлок Холмсын түүхүүд бол гэмт хэрэгт уран зохиолын төрлийн салбартаа хамгийн чухалд тооцогддог. Шерлок Холмсын дүр анх 1887 онд "A Study in Scarlet" романаар олны хүртээл болсоноос хойш 4 роман, 50 гаран богино өгүүллэгт эмч Ватсон болон Шерлок Холмсын адал явдал гардаг. Дойл асар бүтээлч зохиолч байв; тэр Холмсоос гадна фантааз, шинжлэх ухааны зөгнөлт "Professor Challenger" болон инээдмийн төрлийн Наполеоны цэргийн тухай өгүүлэх "Brigadier Gerard" гэх мэт онц сонирхолтой өгүүллэг, тууж бичсэн бөгөөд мөн жүжгийн зохиол, яруу найраг, түүхэн романууд бичжээ. 1859 оны 5-р сарын 22-нд Артур Конан Дойл Шотландын Эдинбург хотод чинээлэг, хатуу Католик шашны гэр бүлд төржээ. Дойлийн гэр бүл тухайн үедээ олонд хүндлэгдсэн урлагийн сэхээтнүүд байсан ба аав нь архичин нэгэн байсан бол ээж нь боловсролтой, амьдралын идэвхтэй номын бүсгүй байжээ. Дойлийг багад нь хачин жигтэй үлгэр, түүх ээж нь ярьж өгдөг байсан агаад ярихдаа сэтгэл хөдлөлтэй, гайхалтай дүрслэн өгүүлдэг байсан нь бяцхан Дойлийн уран сэтгэмж, төсөөлөх чадварт ихээхэн нөлөөлжээ.
 Энэ талаар тэрээр "бага насныхаа амьдралаас хамгийн тод санаж буй зүйлс бол ээжийн минь ярьдаг байсан түүхүүд юм" гэж хэлсэн байдаг. Дойл 9 настайдаа Английн Иезуитын бэлтгэл сургууль болох Stonyhurst руу явсан ба тэнд 1868 оноос 1870 он хүртэл суралцаад дараагийн 5 жил Stonyhurst-ын коллежид суралцав. Дойлийн хувьд дотуур байрны амьдрал там шиг байв; өөрөөр хэлбэл ангийнхан нь түүнийг дээрлэхэдэг байсны дээр сургуулийн зүгээс оюутнууддаа бие мах бодийн хатуу шийтгэл үзүүлдэг байжээ. Энэ бүх тамлалаас түүнийг холдуулж бас тайтгаруулж байсан ганц зүйл бол өөрийнх нь ярих чадвар хийгээд өөрийнх нь хачин сонирхолтой түүхүүдийг сонсох дуртай болсон оюутнуудын чин хүсэл байлаа. 1876 онд Дойлийг коллежоо төгсгөх үед эцэг эх нь хүүгээ гэр бүлээ даган урлагийн зам мөрт орно гэж бодож байтал Дойл харин Эдинбургийн анагаахын их сургуульд орж гэнэтийн бэлэг барив. Тэрээр анагаахын сургуульд өөрийн ментор, Профессор Ж. Белл-тэй танилцсан бөгөөд Дойл энэ эрхэмийн ажиглах гайхалтай чадварыг Шерлок Холмсын дүрдээ шингээж өгсөн байна. Эдинбургийн их сургуульд тэрээр ирээдүйд алдарших зохиолчид болох Ж. Барри болон Р. Л. Стивенсон нартай танилцаж нөхөрлөжээ. Анагаахын оюутан байхдаа Дойл анхны богино өгүүллэг болох "The Mystery of Sasassa Valley"-г бичсэн бөгөөд үүний дараа бичсэн "American Tale" өгүүллэг нь London Society-д нийтлэгдэж байв.
 Тэрээр анагаахын 3-р курсид байхдаа Арктикийн орчимд халим агнаж байсан усан онгоцонд мэс засалчийн албанд орсон агаад энэ аялал Дойлийн мэдрэмж, төсөөллийг үлэмж баяжуулжээ. 1880 онд тэрээр анагаахын сургуульдаа эргэж очсон. Эдинбургийн их сургуульд буцаж очсон хойноо Дойл Спиритуализм буюу "сэтгэлзүйн шашин" гэсэн үзэл санаандаа өөрийгөө зориулах болсон буюу уг үзэл санаагаа системтэйгээр дэлгэрүүлэхийн тулд хожмын бүтээлүүддээ санаагаа шигтгэж өгсөөр байсан. Дойл 1881 онд анагаахын Бакалавартай болсон ба мөн энэ үеэр тэрээр Ромын Католик шашны итгэл үнэмшлийг шүүмжилсэн. Дойлийн эмчийн хувиар анхны цалинтай ажил нь Ливерпүлээс "Mayumba"  хүртэлх аялал байсан ба тэрээр "Mauymba"-д хөл тавьсаны дараа Английн Plymouth-д хэсэг амьдарчээ. Ингээд мөнгө нь шавхдаад ирэх үед тэрээр Portsmouth руу нүүж, анхны дадлагын ажлаа эхлүүлжээ. Дараагийн хэдэн жилд тэрээр уран зохиолын ертөнцөд болон анагаах ухааны салбарт алдаршихын тулд хичээн зүтгэв. 2 туулай хөөсөн хүн хоосон хоцордог үлгэрээс зайлсхийж Дойл өөрийн бүх анхаарлаа уран зохиолд зориулан шилжүүлж, анагаах ухаанаа орхин хаяв. 1885 онд Дойл зохиолч болох гэж шаргуу ажиллаж байхдаа анхны эхнэр Луизатай танилцжээ. Хосууд охин, хүү 2 хүүхэдтэй болсон. 1893 онд Луиза сүрьеэ өвчтэй болох нь оношлогдсон бөгөөд энэ үеэр Дойл Жейн Леки гэх залуухан хүүхэнтэй явалдаж байв. 1906 онд Луиза нөхрийнхөө тэвэрт амьсгал хураасан агаад Дойл Жейнтэй сууж, 2 хүү, 1 охинтой болсон байна. Дойл 1887 оноос 1916 оны хооронд Спиритуалист хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ба энэ хугацаанд түүний бичсэн бүтээлийг мэргэжилтэнгүүд намтар бүтээл гэж үздэг. Дойл уран зохиолын салбарт амжилт гаргангуутаа анагаах ухаанаас зодог тайлжээ. 
1893 онд Дойл Спиритуализмын талаар бичихийн тулд  Шерлок Холмсын дүрийг Үхүүлэхийг оролдсон ч Шерлок Холмсын Фенүүдийн хүслийг дагаж энэ санаагаа орхижээ. 1901 онд Дойл өөрийн хувийн эрх ашиг хийгээд мухар сүсгийн байдлаас болж, нэг үгээр мөнгө олохын тулд Шерлок Холмсын дүрийг дахин амилуулж, дахин бий болгосон. 1930 оны 7_р сарын 7-нд хамгийн сүүлийн удаа Дойл боссон ба үүрд унахдаа нэг гартаа цэцэг барьж, нөгөө гартаа зүрхээ дарсан байв. Дойл цуут илбэчин Харри Худинитэй дотно найз байсан ч Спиритуализмын үзэл онолоос болж харилцахаа больсон байдаг. Мөн Дойл сайн крикетчинээс гадна шаггүй хөл бөмбөгчин байжээ. Тэрээр бодит амьдрал дээр өөрийн зохион бүтээсэн Шерлок Холмсын аргаар 82 настай баян эмэгтэйн нууцлаг үхлийн учгийг тайлж байжээ.


Comments