Comrades, Almost a Love Story
(1996). 1980-аад оны үед Их газрын Хятадаас
сайн сайхан амьдрал хүссэн олон мянган залуус Хонг Конгт цагаачлан очиж хар бор
ажил хийж зарим нь хүсэл нь унтран буцаж байсан бол зарим азтайд нь сайхан
амьдрал тохиохын сацуу хамгийн нандин хайр сэтгэлээ олж байв. Xiao-Jun бол зүс
царай сайтай, даруухан бөгөөд чимээгүй, нэг үгээр хөдөөний эгэл шударга сайн
залуу ба Хонг Конгт анх удаа ирж буйгаар кино маань эхэлнэ. Таг хөдөөний залууд
өндөр байшин, бужигнасан олон гээд Хонг Конг зөвхөн зүүдэнд л үзэгдэх газар
байв. Jun мөнгөтэй болж, байр суууриа тогтоосныхоо дараа найз бүсгүй Pang-г
авчраад нижгэр сайхан хурим хийх хүсэлтэй. Хонг Конгт Jun садангийн эгчийндээ
толгой хорогдон амьдрангаа McDonald's-д ажиллаж эхэлнэ. McDonald's-д тэрээр
Qiao гэгч өөрийн үеийн, хэдийнээ хотын хүн болчихсон, хөөрхөн бүсгүйтэй
танилцах ба Qiao хөдөөний мангарт наад захын зүйлс зааж, Jun харин хотын соёлыг
мэдэгч, хотод хөлөө олчихсон бүсгүйг бараг бишрэн шүтэж, барагалж ментороо
болгоно. Хонг Конгт англигүй бол амжилт гаргана гэж хол хэвтэнэ; тиймээс Jun
англи хэлний курсид явж эхлэх агаад тэр курсийн байрлах байрын цэвэрлэгчээр
Qiao ажилладаг бөгөөд сэргэлэн бүсгүй цэвэрлэгээ хийнгээ давхар англи хэл бие
дааж үзэж байв. Үнэндээ энэ Qiao гэгч хэн болохтой танилцая; тэр Jun-тэй
адилхан хөдөөнийх, тэд нэг өдөр Хонг Конгт ирсэн, гэхдээ тэр Jun-ээс илүү
сэргэлэн, адтай, юмны учрыг түргэн олдог ба Jun-ын л хувьд супер иргэншсэн хүн
болохоос үнэндээ бас л амьдрах гэж үйлээ үзэгч.
Qiao Хонг Конгт баян болох гэж
ирсэн бөгөөд асар амбицтай бүсгүй юм. Qiao, Jun нар нийтлэг олон талаараа ижил
байсан тул дорхоноо найзууд болж дотносно. Үүнд их хотод уйдаж, ганцаардсан
хоёр сэтгэл хоёр биедээ татагдах нь жам бөлгөө. Найзууд хамтран бяцхан бизнес
хийж эхэлнэ; энэ нь тухайн цаг үед Азид мандаж байсан Teresa Teng тэргүүтэй дуучдын
хуурцагыг зарах байлаа. Нэгэн азарган бороотой бөгөөд бизнес тааруу байсан орой
тэд хамтран хоол хийж идэх ба хамтран аяга угаахад гарс хүрэлцэх, залуу
бүсгүйнхээ хүрмийг өмсгөх гээд бараг тэврэлдэх мөчүүд тэдний хүсэл тачаал
дүүрэн сексийн эхлэлийн цэг болж мөн үүнээс хойш тэд албан бусаар сексийн
хамтрагчид болдог урт замын гараа болдог. Найзууд мөртлөө секс хийнэ, тэгээд
энэ харилцаа нь нууцаас нууц.. Jun энэ харилцаагаа сайн найзын харилцаа шиг
болгон харагдуулахыг хичээж, Pang руу ярих болгондоо хайр сэтгэлээ илчилж,
удахгүй энд авчирна гэх бол Qiao Jun-г ардаа хүнтэй гэдийг мэддэг ч бараг
мэддэггүй мэт царайлж, бас л нэг сайн найзын дүр эсгэнэ, гэхдээ тэд хамтдаа
байхдаа бүх зүйл дээр жаргалтай байлаа. Jun Pang-доо бугуйвч бэлэглэхээр үнэт
эдлэлийн дэлгүүр рүү хань татаж Qiao-г дагуулан явна, Jun тэндээс яг ижил 2
бугуйвч аваад Qiao-д нэгийг нь өгөөд нөгөөгийн Pang илгээнэ гэнэ.
Яг энэ үе
хүртэл хүлцэнгүй байсан Qiao тэсэлгүй уурлаж "Хоёр өөр эмэгтэй хүнд нэг ижил бэлэг өгдөггүй" гэж хэлээд энэ утгагүй харилцаагаа таслая гэдэг. Бүсгүй
үнэндээ Jun-д сэтгэлтэй болчихсон бөгөөд өөрийг нь сонгоно гэж хүлээж байжээ.
Харин Jun энэ үед л яг юу хийгээд байгаагаа нэг юм ухаарч, эвдрээгүй, шударга
болохоороо Pao-гоо сонгодог, гэхдээ тэр хайраасаа урваж буйгаа мэддэггүй. Энэ
үеэр Qiao-г мафийн босс Pao гэгч эргүүлж байв, Qiao-ын хүссэн амьдралыг өгч
чадах хүн байв, даанч гэм нь хөгшин, царай муутай намхан эр. Хэдэн жилийн дараа
Jun, Pang нарын хуримаар Qiao найз залуу Pao-ын хамтаар зочилж буйг бид харна;
Jun тогооч болсон бол эхнэр нь сайхан хүүхэн байв. Харин Qiao амжилттай бизнес
эрхлэгч болсон ба Pao түүнийг Jun-д одоо хүртэл сайныг энэ уулзалтаар ганц
хараад л ойлгодог. Тиймээ Qiao Jun-д одоо хүртэл сэтгэлтэй бол Jun хуримынхаа
өдөр Qiao-д сэтгэлтэйгээ ухаарч, ерөөсөө түүнд л сэтгэлтэй явж ирсэнээ мэдэрнэ.
Хуримаас хойш тэд гэр бүлийн найзууд болох агаад нэгэн тохиолдлоор Qiao Jun-г
машинаар хүргэж өгөх хэрэг гарна; тэд чимээгүй явсаар Jun машинаас буугаад
алхаж байтал Jun-д ямар их хайртайдаа бодлогширон, ухаанаа алдчихсан байж
байгаад санамсаргүй машиныхаа сигналыг дарчихна, машинаас 5 алхам л холдоод
байсан Jun цочин эргэж харахдаа бүсгүйн нүдтэй халз тулгарна. Jun шууд түүн рүү
алхаж очоод уруулд зүүгдчих бөгөөд хайрын секс ямар Байдаг билээ, тийм л юм болно. Орон дотроо Jun одоо ингэж
өөрийгөө ч, чамайг ч, Pang ч хуурч худлаа амьдарч чадахгүй, Pang-д бүх үнэнээ
хэлнэ гээд харин чи яахаа өөрөө л мэд гэж хэлэхэд Qiao түүнийг дагахаар болно.
Ингээд хайрандаа үнэнч байхаар хэлэлцэж тохирсон тэдний байдлыг нөгөө хоёр нь
яаж хүлээж авсныг хэлье. Шинэхэн эхнэр Pang дуу цахилгаантай бороо лугаа уурлаж
буцаад хөдөө рүүгээ явъя гэсэн ч Jun хайрандаа үнэнч үлддэг. Тэгвэл Qiao-г
гэртээ ирэхэд цагдаа нар угтаж Pao-г эрэн сурвалжилж байгааг хэлнэ, өөрөөр
хэлбэл Pao Хонг Конгт байх боломжгүй болсон байна. Qiao нууцаар тэгэхдээ эцсийн
удаа Pao-той уулзахаар болоход Jun түүнийг бороонд дунд шүхэр бариад эргэж ирнэ
хэмээн хүлээж байв. Харин Pao-д салъя гэж хэлэх гэж ирсэн Qiao түүнийг хараад
хэлээ залгидаг, өөрт нь энэ олон жил сайн хандаж ирсэнд бас одоо энэ хүнд үед
нь бүсгүй түүнийг орхиж чадах хатуу сэтгэлтэн биш байв. Qiao ингэснээр түүнийг
даган Америкт дүрвэн гардаг бол Jun эхнэр ч үгүй, хайр ч үгүй үлддэг. Хэдэн жил
өнгөрчээ; Qiao Pao нар Америкт ядруухан амьдарна, Qiao хүүхэдтэй болохыг
хүсэхэд Pao ийм амьдралд хүүхэд зохихгүй гэнэ. Энэ үед Jun Мөн Америкт
цагаачлан гарсан байх ба тогоочоороо ажиллаж байв. Pao Америкийн гудамжны
хулгайн нарын гарт амь алдана, ингэснээр Qiao эрх чөлөөтэй болох бөгөөд хувь
тавилангаар Qiao болон Jun нар нэгэн цахилгаан барааны дэлгүүрийн өмнө Teresa
Teng-ын дууг сонсож байгаад дахин учирдаг.
Энэхүү романтик драмыг Хонг Конгийн
кино найруулагч Peter Chan найруулж гол дүрүүдэд Maggie Cheung, Leon Lai болон
Eric Tsang нар тоглож, зураг авалт Хонг Конг болон Нью Иоркт явагджээ. Киноны
нэр нь Хятад болон зүүн Азид алдартай дуучин Teresa Teng-ын дууны нэрээс гадна
энэ киног Teresa Teng-ын дурсгалд зориулсан буюу кино нээлтээ хийхээс жилийн
өмнө нэрт дуучин бурхан зүг оджээ. Энэ кинод Teresa Teng-ын дуу болон дуучин
эмэгтэй өөрөө дэд сэдэв болохуйц чухал байдаг. Хонг Конгийн нэрт дуучин,
жүжигчин Leon Lai өөрийнхөө тоглосон дүрийн талаар энэ дүрийн байдал өөрийнх нь
туулсан амьдралтай олон талаар адилхан байсан гэсэн бол уг кинонд нэрт
зураглаач Christopher Doyle жижиг дүр бүтээсэн байдаг. Уг кино Хонг Конгт,
Тайваньд шилдэг киногоор шалгарсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг Хятад киноны
11-р байрт жагсдаг бол Weekly сэтгүүл 20-р зууны хамгийн шилдэг 100 хятад кино
жагсаалтдаа уг киног багтаажээ. Мөн судлаач, шүүмжлэгчид Maggie Cheung-ын
тоглолтыг магтсан байдаг ба үнэхээр хайр татам байдгийг онцломоор байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд сайн найз гэж байдаггүйг нотлосон бүтээл бөгөөд
чи хайранд худлаа хандвал өөрөөсөө гадна 2 хүнийг хуурч мэхэлж буй юм шүү
гэдгийг харуулсан маш гоё дуутай романс болой.
Comments
Post a Comment