Зэрлэг нэгэн буюу Марлон Брандо




1947 оны үдэш Broadway-ын тайзан дээр өмнө нь ямар ч жүжигчний үзүүлж байгаагүй гаймашигтай тоглолтыг Marlon Brando үзүүлсэн юм.. энэ жүжиг бол Tennessee Williams-ын "A streetcar Named Desire" хэмээх жүжиг байсан бөгөөд Америкийн театрын түүхэндэх мартагдашгүй дебют хийж байсан Elia Kazan уг жүжгийн найруулагч нь байсан бол тайзан дээр сул дорой бэр эгчийгээ тарчлаагч зэрлэг Stanley Kowalski-ын дүрийг амилуулагч залуухан Marlon Brando-ын тоглолт, жүжиглэлтийг юутай ч харьцуулашгүй, жинхэнэ тэсрэлт байсан юм.. тэр үдэш надад үзүүлсэн Marlon-ын нөлөөг хэзээ ч би мартдаггүй, мөн бусад үзэгчдэд ч тийм байсан гэдэгт итгэдэг.. миний харсан зүйл жүжиглэлтээс давсан зүйл байв.. энэ бол цэвэр, тун бодит байсан бөгөөд та шууд л тайз руу үсэрч гараад хөөрхий бүсгүйг Marlon-ын балмад савраас салгахыг хүсэх ч үүнийхээ хажуугаар садист, харгислалд саад хийхээс Marlon-оос айх буюу түүний тоглолт тийм л үнэмшилтэй, гүн сэтгэгдэл төрүүлэм байсан юм.. бидний уламжлалт театрын үзэгчдэд түүний бүдүүлэг ширүүн тоглолт цоо шинэ туршлага болсон агаад бидний нүдэн дээр драмын урлагийн шинэ нар мандаж байлаа..
хэврэгхэн бүсгүйтэй хилэнтэйгээр харьцаж, бүсгүйг бүрэн үгүй хийх Marlon-ын тоглолт үзэгчдийн гэдэс руу дэлсээд авах шиг цочир үзэгдэл байсан ба жүжиг дуусан хөшиг хаагдах үед үзэгчдийн алга ташилт аянга шиг бууж, бүгд хүндэтгэн зогссон байв, харин Marlon дахин дахин гарч ирж хүлээх ёстой хүндэтгэлээ бахдалтайгаар эдэлж байсан юм.. 
энэ гайхамшигтай шинэ жүжигчин хэн бэ? Биднийг уламжлалт Broadway-даа сэтгэл хангалуун байж байх хооронд энэ залуу хаана байв? Хэмээн би өөрөөсөө асуусан агаад найз нөхдөөсөө түүний талаар асууж, Marlon Brando-ын түүхийг сонирхож эхэлсэн юм.. холливуудын нажидын Хаан, бүх цаг үеийн хамгийн аугаа жүжигчдийн нэгээс гадна хамгийн нөлөө бүхий жүжигчдийн нэг хэмээгддэг аугаа Marlon Brando-ын талаар Budd Schulberg-ын (энэ эрхэм Marlon Brando-д анхных нь Оскарыг авчирсан On The Waterfront киноны зохиолыг бичсэн) бичсэн нийтлэл ийнхүү эхэлдэг.. Оскарын наадмаас хоёронтоо шилдэг эрэгтэй гол дүрээр шалгарч байсан Marlon Brando-г Америкийн кино хүрээлэн хамгийн аугаа эрэгтэй жүжигчид жагсаалтынхаа 4-р байрт эрэмбэлсэн байдаг агаад 1999 онд Time сэтгүүл зууны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэхэд уг жагсаалтад 6хан эрэгтэй жүжигчин багтсаны дотор нэг нь Marlon Brando байв, мөн Time сэтгүүл түүнийг зууны жүжигчин хэмээн өргөмжилсөн бол холливуудыг Marlon Brando-той холливууд, Marlon Brando-гүй холливууд гэж хоёр хуваадаг нь нэгийг хэлнэ.. түүний замнал 60 гаран жил үргэлжлэхдээ зөвхөн урлагт идэвхтэй байсангүй мөн улс төр болон нийгэмд дуу хоолойгоо хүргэж явсан бөгөөд Африк - Америк иргэдийн эрхийн хамгаалах хөдөлгөөн хийгээд уугуул Америкчууд буюу индианчуудыг холливууд кинондоо доромжилж, буруу ойлголт өгдөг хэмээн эсэргүүцэж, улмаар хоёрдахь Оскарын шагналаа биеэрээ ирж аваагүй нь түүний эсэргүүцлийн цар хүрээг харуулдаг.. тэрээр Stanislavski-ын жүжиглэлтийн систем болон түүний Method acting буюу чин сэтгэлээсээ, сэтгэл хөдлөлийн илэрхийллээ үзүүлэхийг эрэлхийлдэг жүжиглэх арга барил ба уг арга барилыг Marlon Brando олон нийтэд анх хүргэсэн бөгөөд таниулсан гол жүжигчин юм.. Marlon Brando 1924 оны 4 сарын 3-нд Nebraska мужийн Omaha хотод төрсөн бөгөөд аав нь химийн үйлдвэрт ажилладаг, ээж нь жүжигчин мэргэжмлтэй хүн байсан агаад Marlon Brando дээрээ хоёр эгчтэй  байв.. 
түүний бага нас ямар ч аз жаргалгүй өнгөрсөн гэдэг, аав, ээж хоёр нь архичид байсан ба аав нь үргэлж согтуун дээр маш харгис нэгэн байж хүүгээ ямар ч хэрэггүй амьтан хэмээн гадуурхадаг байв.. тэд түүнийг огт анхаардаггүй байсан агаад төд удалгүй салцгааж, Marlon ээжтэйгээ хамт California-д амьдрах болсон ч удалгүй эцэг эх нь дахин нийлсэн байдаг.. Marlon-ын эгч Jocelyn Нью Иоркийн драмын урлагийн сургуульд явдаг байв, Jocelyn дүүгийнхээ жүжигчин болох авъяастайг тэр үеэс анзаарсанаар дүүгээ жүжигчин бол хэмээн ятгах болов.. эгчийнхээ зөвлөснөөр Marlon Нью Иоркийн хүндтэй багш Stella Adler-ын дор сурж эхэлсэн бөгөөд Adler түүний гол ментор багш байсан ба Marlon түүнээс асар их урам зориг авдаг байсны дээр өөрийнхөө амжилтыг үргэлж багштайгаа холбодог байв. Adler маш хүчирхэг, гайхалтай хувь хүн байсан бөгөөд аугаа жүжигчин Jacob Adler-ын охин юм.. түүний бүрдүүлсэн театр өндөр зорилготой, жинхэнэ мэргэжлийн театр байсан агаад тэнд мөнгөний төлөө биш урлагийн төлөө гэсэн уур амьсгал, сэтгэлээр ажилладаг байсан гэдэг, өөрөөр хэлбэл  тэнд холливууд гэдэг бохир зүйл байв.. Adler Stanislavski-ын оюутнуудын нэг байж, түүний арга барил гүн бөгөөд өргөн, тэрээр сурагчдадаа дүрээ баяжуулахын тулд төсөөллөө ашиглахаас гадна дотоод сэтгэлээ даван гар хэмээн сургадаг байв.. Adler анх Marlon Brando-г хараад л онцгой авъяастайг мэдсэн ба Marlon-ын зовж зүдэрсэн хүүхэд насны байдал, төрөлхийн эсэргүү ааш авир зөв хүний гарт буюу хэрвээ тэрээр Adler-ын сурагч болоогүй бол хэрвээ Adler төрмөл энэ авъяасыг өлгийдөн аваад түүнийг сургаж хүмүүжүүлээгүй бол Marlon Brando хэн болох байсан нь бэрх бөгөөд нэгэнтээ тэрээр би жүжигчин болоогүй бол хулгайч, дээрэмчин болох байсан байх гэсэн байдаг.. түүний уугуул Америкчуудыг, мөн Африк - Америкчуудыг өмөөрөн босдог нь магад ххүхэд насандаа үзэж туулсан бүхнээс хамаарч орон гэргүй байх, шоовдорлогдох мэдрэмжийг илүүтэй мэдэрдэгтэйн холбоотой болов уу.. Marlon-ын бүтээсэн Stanley-ын дүр балмад авирын хажуугаар зөөлөн тал ч харагддаг, өөрөөр хэлбэл Adler түүний хоёрдмол байдлыг олж харсан буюу тэрээр Bogart шиг хатуу хэрнээ Chaplin шиг уйтгарласан байж чаддаг байв.. 
Adler Marlon-ын мэдрэмтгий чанарыг мэдэрсэн нь Stanislavski-ын аргыг заахад дөхөм байсан бөгөөд тэрээр Marlon-д өөр дээрээ үндэслэн урлаг бүтээх суурийг тавьсан агаад ерөөсөө Marlon Brando бол Adler-ын хамгийн том урлагийн бүтээл билээ.. Adler Marlon-г мэргэжлийн жүжигчин болгоод зогсоогүй юм, энэ буянтай асуудлаас өөр юм мэддэггүй Marlon-г барагалж өргөж аван орон гэр, гэр бүл гэсэн нандин зүйлсийг мэдрүүлсэн бөгөөд Adler Ellen гэх ухаалаг, сайхан охинтой байв, таагаад байх юмгүй, Marlon Ellen хоёрын дунд романс үүсгэсэн боловч тэдний харилцаа жаргалтайгаар өндөрлөсөнгүй, хамелон шиг хувирамтгай Marlon-д гэрлэлт тохирохгүй, тэр моногами байх нь эр хүний мөн чанарт таарахгүй гэж үздэг байв.. Adler уг нь тэднийг гэрлүүлэхийг хүсч байсан байдаг, гэхдээ тэд хуримлаагүй ч найзууд болж үлдсэн юм.. Marlon Brando "A streetcar Named Desire" жүжигт тоглосноороо анхаарлын төвд оров, тэгсэнээр уг жүжгээр хийсэн кинонд тоглох эрхээ олж авсан агаад ижил нэрт кинонд гол дүрийг бүтээснээр Оскарын наадамд анх удаа шилдэг эрэгтэй гол дүр төрөлд нэр дэвшсэн байдаг.. уг явдлаас нэг жилийн өмнө түүний кино дебют болсон буюу 1950 онд "The Men" гэх кинонд хөл нь мэдээ алдсан ахмад цэргийн дүриЙг бүтээсэн байдаг.. дараагийн хэдэн жил ёстой л түүний нэрэмжит жилүүд байв, нэг үгээр Marlon Brando замналынх нь эхэн үеийг тодорхойлох гол кинонууд болох Viva Zapata!, On the Waterfront болон The young Lions зэрэг бүтээлүүдээрээ дэлхийг байлдан дагуулж, холливуудын үнэмлэхүй аварга цолыг гуядан авсан билээ.. 1950-д он бол маргаангүй Marlon-ынх ба On the Waterfront кино бол түүний нэрийн хуудсын нэг буюу уг киногоороо тэрээр анхны Оскарын шилдэг гол дүр хэмээх хүндэт шагналаа хүртсэн бөлгөө.. мөн 1953 онд The Wild One кинонд бүтээсэн дүрээрээ тэрээр бүхэл бүтэн соёлын домог болсон байдаг, зөвхөн энэ дүрээр нь л култ соёл бий болсон байдаг боловч кино нь тийм ч алдартай биш агаад энэ талаар хожим нарийн өгүүлсү.. 1950-аад оныг бүрэн эрхшээсэн Marlon 1960-аад онд хэт таргалалт, оддын өвчин, архи хийгээд гол нь аймшигтай хүүхэмсэг чанараасаа болж олигтой амжилт үзүүлээгүй байдаг, нэг үгээр бүтэн аравныг ид үедээ байсан тэрээр шоудаж, ихэрхэн бардамнаж, мөн зүгээр л тохирсон дүрээ ололгүй "хэвтэж" өнгөрүүлсэн бөгөөд мянга авъяас байгаад хичээмтгий зан байхгүй бол сүйрдэгийг энэ явдал бүрнээ харуулна.. 1970-аад оноос тэрээр замналаа эргүүлсэн буюу мотор нь дахин ажиллаж эхэлсэн ба домогт The Godfather кинонд гол дүр бүтээснээр замналаа бататгаж, өөрийгөө бүх цаг үейин шилдэг гэгдэх эрхтэйг нотолсон агаад тэрээр Vito Corleone-ын дүрээрээ Оскарын наадмаас хоёрдахь Оскарын наадмын шилдэг гол дүр шагналыг хүртсэн..  
түүний бүтээсэн Vito Corleone-ын дүр бүх цаг үеийн хамгийн шилдэг дүрүүдийн нэгээс гадна миний хувьд Marlon Brando-ын хамгийн шилдэг дүр бүтээлд гэж боддог.. мартагдан, зүгээр л их цалинтай бардам жүжигчин болоод байсан Marlon үхэж дуусч байсан замналаа The Godfather киногоороо дахин сэргээсэн ба мөн өөрийн оргил тоглолтуудын нэгийг бүтээсэн Last Tango in Paris бүтээлд 1970-аад онд тоглов.. нэгэнт хийдгээ хийж, өв өө үлдээсэн Marlon Brando 1980-аад онд зүгээр суусангүй, 1979 онд Apocalypse Now бүтээлд гайхалтай тоглон хэн болохоо дахин нэг сануулсан бол 1980 онд The Formula хэмээх кинонд амжилттай тоглосон ч тухайн жилдээ урлагаас зодог тайлж буйгаа зарласан байдаг.. 1989 онд тэрээр кино урлагтаа эргэн ирсэн боловч хөгширсөн байв, тиймээс гол дүрд биш голдуу туслах дүрээр хэд хэдэн кинонд амжилттай тоглосон буй.. Marlon Brando-ын хувийн амьдрал шиг түвэгтэй амьдрал хаана ч, бас хэзээч байгаагүй болов уу..  түүний гэрлэлт болон гэрлэлтээс гадуурх амьдрал эмх замбраагүй байсан ба тэрээр маш олон хүүхдийн эцэг билээ.. Marlon анх 1957 онд Анна гэгчтэй сууж, нэг хүүтэй болсон байдаг ч төд удалгүй салсан.. 1960 онд тэрээр Movita гэх бүсгүйтэй суусан агаад тэд 2 хүүхэдтэй болсон ч гэрлэлт удаан үргэлжилсэнгүй  Marlon Brando 1962 онд 3 дахь эхнэрээсээ салахдаа эхнэрийнхээ хүүхэд болон үеэл дүүг өргөж авсан ба Marlon Brando мөн энэ үеэр гэрийнхээ үйлчлэгч Maria Christina Ruiz гэх хүүхэнтэй урт хугацааны харилцаатай байж, тэд 3 ч хүүхэдтэй болсон байдаг агаад мөн түүнтэй хайрын түүх зохиож, хүүхдийг нь гаргасан хүүхнүүдийн тоо тоймгүй олон, Marlon Brando бол үе үеийн хүүхнүүдийн зүрх сэтгэлийг булаагч, 1950-аад оны секс симбол болж явсан нэгэн билээ.. түүнийг классик драмын сургуулилтаас татгалзсан, хамгийн алдартай "Method" арга барилтай жүжигчин гэдэг, мөн түүний жинхэнэ, хүсэл эрмэлзлэл дүүрэн жүжиглэлт өөрийнхөө үеийн хамгийн нөлөөтэй жүжигчин хэмээх алдрыг хүртэхэд хүргэсэн байдаг.. 1950-аад онд түүний дүр төрх, жүжиглэлт зэрэг Америкийн соёлд тусгалаа олж эхэлсэн байдаг бөгөөд The Wild One кинонд бүтээсэн дүр соёлын култ болж, эл кинод өмсөж зүүсэн хувцас болон хэлбэр маяг хүмүүсийн даган дуурайх загвар болоод зогсохгүй James Dean, Elvis Presley зэрэг алдартанууд Marlon Brando-г даган дуурайдаг болсон байв, үүгээр зогсохгүй тэрээр ижил хүйстнүүдийн дунд шүтээн болтлоо мандсан агаад Marlon Brando-г бисексуал байсан гэдэг яриа байдаг.. 
Marlon Brando дэлгэцнээ Bad boy гэсэн имижийг төгс тамгалсан нэгэн ба тэрээр 7 сарын 1-д зүрхний шигдээсээс үүдсэн амьсгалын дутагдалд орж нас барсан билээ.. тэрээр 1978 онд Superman кинонд тоглохдоо тухайн үед үзэгдэж, дуулдаж байгаагүй өндөр цалин авч Guinness-ын номонд бичигдэж байв.. Mario Puzo The Godfather романаа бичиж дуусгаад Marlon Brando руу илгээжээ, Puzo Vito-г бичихдээ Marlon Brando-г бодож, түүнийг энэ дүрд тоглоно гэж бодож байсан бол Marlon Brando замнал нь уруудах тийшээ хандаж, хүмүүс түүний ааш болон өндөр цалингаас болж хөндийрөөд байв.. Marlon мэдээж романыг уншсангүй, харин түүний хувийн нарийн бичиг Alice Marchak (олон жил түүний туслах, нарийн бичиг хийсэн итгэлтэй бүсгүй) гэгчид тун таалагдаж номыг анхаарахыг Marlon-оос гуйгаад ядсан ч Marlon би мафийг алдаршуулах кинонд тоглохгүй гээд огт халгаахгүй байжээ.. энэ үед Alice болон Puzo хоёр утасны найзууд болж амжаад аль болох Marlon-г татан оруулахыг хичээцгээж байсан гэдэг.. нэг өдөр Alice-г ирэхэд Marlon нүүрэн дээрээ сахал, хөмсөг зурчихаад би ямар харагдаж байна хэмээн асуусан бөгөөд эцсийн эцэст тэрээр тийнхүү Vito Corleone-ын дүрийг бүтээхээр болсон байдаг.. Marlon өөрөө Paramount руу явсан нь түүний амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй зүйл байсан агаад тэрээр тийм л зөрүүд, бардам хүн байв.. Paramount түүнтэй ажиллахыг хүсэхгүй байсан ч найруулагч Coppola бүрэн түүний талд байснаар энэ асуудал шийдэгжээ.. Marlon мафийг бизнесийн байгууллага шиг, аллагыг бизнесийн ажлаа явуулах арга зам шиг бүтээсэн бөгөөд уг киногоороо тэрээр 18 жилийн дараа ахин Оскар авч, холливуудыг дахин нэг удаа эрхшээсэн юм.. Marlon амьд сэрүүн сүүлийн жилүүддээ жүжичгин Harry Dean-тэй ойр байж, тэд маш их зүйлсийн талаар ярилцдаг байсан ба Harry Dean The Godfather 2 кинонд тоглосон байдаг билээ.. Harry Dean хэлж байна: Marlon бид хоёр Азийн Шашны талаар их ярилцдаг байсан, тухайлбал Буддизм, Таоизмын талаар ярьдаг байв.. тэрээр Буддизмыг ихээхэн сонирхож байснаас гадна яруу найраг, философи, шашин гэх мэт олон зүйлсийн талаар ярьж, зарим тохиолдолд Marlon Шекспирийн Макбет юмуу 12 дахь шөнийн монологоос өгүүлдэг байсан.. нэг удаа тэрээр надаас гэнэт чи намайг юу гэж бодож байна гэж асуухаар нь би юу ч биш гээд хариулчихсан чинь Marlon инээж эхэлсэн бөгөөд бүр үхтлээ инээсэн юм даг..

Comments