Интоорын өнгө


Claire's Knee (1970). Энэ түүх далан оны зургаан сарын хорин еснөөс долоон сарын хорин есөн хүртэлх Францын Lake Annecy гэх үзэсгэлэнтэй байгальтай газар нутагт болсон ба кино уг гучин өдрийн үйл явдлыг өдөр бүрээр нь тоймлох хэлбэрээр үзүүлнэ.. киноны маань баатар Jérôme мөд хуримлах гэж байгаа гуч нэлээд гарсан боловсролтой, мэдлэгтэй дипломат мэргэжилтэй нүдэнд дулаахан эр бөгөөд хуримлахаасаа өмнө Lake Annecy-д амарч яваад Aurora гэх зохиолч эртний найзтайгаа таараад баяртайгаар учран золгоно.. 

нэгэнтээ тэд амраглаж явсан ч одоо энгийн сайхан нөхөрлөх бөгөөд Aurora зохиолоо бичихийн тулд энэ газарт байшин түрээслэх агаад хүүхний суугаа газар Jérôme-ын байрлах газартай бараг хөрш байсан учир найзууд байнга уулзаж хуучнаа, одоогоо, мөн ирээдүйгээ ярицгаана.. Aurora-ын суугаа байшингийн эзнийг хатагтай Walter гэнэ, энэ айлынд олон ирсэнээр Jérôme хүндтэй зочин нь болох агаад түүний ухаалаг яриа энэ айлынханд таалагдсаны дотор охин Laura-д маш их таалагдана..
Laura арван зургаатай, тун хэрсүү охин ба Jérôme охин хоёр ойртон нөхөрлөж нэг мэдэхнээ Jérôme бараг охинтой уулзах гэж энэ айлд ирдэг болсон байх агаад охин хорвоо ертөнцөөс хайр сэтгэл хүртэл бүх зүйлийг Jérôme-той ярилцахдаа: намайг хөвгүүд тоодоггүй, би тэдэнтэй харилцаж чаддаггүй, харин миний эгч Claire найз залуутай, ер нь залуус бүгд түүний араас үхэлддэг гэх бөгөөд эдгээр эгч дүүс бол эх нэгтэй, эцэг өөртэй охид бөлгөө.. Walter-ынхан бага охиноо дипломатчинд дурлачихсаныг анзааран өхөөрдөж, үүнийгээ ч Jérôme-д хэлэхэд Jérôme мэдээж үүнийг анзаарсан байх агаад нэг удаа Laura, Jérôme хоёр уулаар аялж явах үеэр охины янзыг үзье гэсэн үү Jérôme Laura-ын уруул дээр үнсчихнэ, үүнд охин ихээхэн цочирдон дургүйцэх бол Jérôme мэдээж таван жил үерхэсэн, ирээдүйн эхнэрээсээ урвах гэсэнгүй, мөн Laura-д дурласан юм биш, зүгээр томоогүйдсэн сорилт, шалгалт агаад хүссэн бол өөрт нь дурласан гэнэн хонгорыг өвөртөө хялбархан хийчихэж чадах байв.. 

их удсан ч үгүй Claire найз залуугийн хамт гэртээ ирсэнээр Jérôme-той танилцах ба Claire бол арван наймаас хэтрэхгүй настай ч хөөрхөн хөх нь хэлбэрээ хэдийнээ олсон, ховорхон заяах тансаг хөлтэй, товчхондоо шүлс асгарам согоо бөгөөд харин найз залуутайгаа харьцах харилцааг нь ажиглавал даанч гэнэн хүүхдээрээ ажээ.. Jérôme Claire-ын гоо үзэсгэлэнг бишрэх ч дурлахгүй бөгөөд гайтай тэр нэгэн жимс түүцгээдэг өдөр охины хөл буюу өвдгөнд “дурлачихна”, өөрөөр хэлбэл зөвхөн тэр өвдөгт л хүсэн тачаадах ба Claire-ын өвдөгт л хүрэхийг галзуутай ихээр хүснэ.. эдгээр өдрүүдэд Jérôme Aurora-тай байнга уулзаж Laura-г үнссэнээ, Claire-ын өвдгөнд татагдах болсноо ярьж бас зөвлөлдөж байв.. Jérôme ямар нэгэн байдлаар Claire-ын өвдгөнд хүрэхийн төлөө хоёулахнаа байх завшааныг хүлээж байтал Claire-ын найз залуу ойр орших хот руу явах ба үнэндээ өөр охинтой болзож байхыг нь тэнэж явсан Jérôme олж харангуутаа Claire-д очиж хэлнэ.. 

их бороотой өдөр байв, мөн тэд хоёулахнаа байв, Claire-ын гомдлын нулимс гадаах бороо шиг цутгахад Jérôme-ын жаахан давсалсан яриа чухал нөлөөлсөн бөгөөд эцсийн эцэст Jérôme-ын хүссэн өвдгөнд хүрэх боломж ирэхэд тэрээр зориглон хүрэхэд охин огт дургүйцэхгүйгээр зогсохгүй удаахан илхэд таашаах маягтай болж, цаашлахад татгалзахааргүй байхад Jérôme биеэ татах ба түүний хувьд зөвхөн өвдгөнд хүрэх л чухал, тэр л хангалттай байв.. бороо татарч Claire харилаа, Jérôme ч хуримандаа бэлдэх цаг иржээ.. киноны дүр болгон өөрийн гэсэн сэтгэлгээний түвшинтэй бөгөөд Jérôme-ын үл үзэгдэх сүйт хүүхнийг оруулаад тэрээр дөрвөн өөр төрлийн эмэгтэйтэй харилцахыг бид харах бол Laura эгч шигээ хөөрхөн биш ч үнэндээ эгчээсээ илүү аз жаргалтай болохыг бид бас харна..

 Францын кино найруулагч, кино шүүмжлэгч, мөн сэтгүүлч Éric Rohmer-ын эл бүтээл бол түүний ёс суртахууны зургаан үлгэр цувралын тавдахь кино нь бөгөөд бүх цувралаасаа хамгийн хайр татам, хамгийн тунгалаг кино нь ажээ.. Éric Rohmer кино зохиолоо өөрөө бичсэн агаад түүний зохиолын амарлингуй, нягт нямбай бүтэц нь байршсан камерын зураглалтай нэгдэн киног тогтуун болгож, дүрүүдийн хамтаар үзэгчийг хайрын, хүсэл тачаалын болон фетишийн талаарх гүн бодолд унагаана.. Éric Rohmer бол хамгийн шилдэг кино логикчдын нэг гэдгээ эл бүтээлээрээ нотлох ба хайрын нууц чанарыг тоо бодлогын асуудал шиг гарган тавина.. түүний дүрүүд хэзээч хүмүүнлэг, ёс суртахуунаасаа урвахгүй бөгөөд энэ киноны гол баатар Jérôme нь бүх зүйлд өөрийнхөө суралцсан соёл, ёс суртахуун болон философийн үүднээс хандах нь үнэхээр зохимжтой, үлгэрлэм.. 

кино тэр жилийнхээ Францын оны шилдэг киногоор шалгарч байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 687-р байрт жагсдаг.. шүүмжлэгчид эл бүтээлийг нэгэн дуугаар кино урлагийн эрдэнэс, төгс кинонд ойртсон бүтээл хэмээн өргөмжилдөг бөгөөд мөн дүрүүдийн хайрын талаарх харилцан ярианууд нь үнэхээр тааламжтай, бараг уран зохиол шиг болохоор энэ кино нь хайр сэтгэл болон хүсэл тачаалын талаарх сурах бичиг гэгддэг ба сайн ном уншдаг, сайн киног анхаарч үздэг, мөн хааяа ч атугай аливаа юмыг эрэгцүүлж боддог хүнд зориулагдсан кино гэгддэг.. энэ кино нь Éric Rohmer-ын хоёрдахь өнгөтөөр хийгдсэн кино нь ба найруулагч энэ талаараа: нуур болон уулсын байдлыг хар-цагаанаар зурагласнаас өнгөтөөр зураглах нь илүү хүчтэй мэдрэмж төрүүлнэ, энэ киногоо би хар-цагаанаар төсөөлж чадахгүй байсан бөгөөд кинонд ногоон өнгө үндсэн үүрэгтэй байх юм шиг надад санагдсан гэжээ..

Comments