Alfedo James Pacino 1940 оны 4-р сарын 25нд Нью Иоркийн зүүн Harlem дүүрэгт Rose Gerardi болон Salvatore Pacino нарын хүү болж мэндэлжээ. Pacino-ын эцэг эх нь Итали гаралтай Америкийн иргэд байсан бөгөөд түүнийг хоёр настайд нь эцэг эх нь салцгаажээ. Бяцхан Pacino эхтэйгээ хамт Bronx руу нүүж, тэнд өвөө эмээтэй хамт амьдрах болсон ба ээжийнх нь эцэг, эх Sicily-ын Corleone тосгоноос гаралтай цагаачид байв. Өсвөр насанд нь түүнийг найзууд нь Sonny гэж хочилдог байсан; Pacino бэйсболлын тамирчин болох хүсэлтэй байсан агаад найзууд нь түүнийг мөн "жүжигчин" гэж хочилдог байжээ. Тэрээр Herman Ridder Junior high school-д сурч байсан ч удахгүй Англи хэлээс бусад ихэнх хичээлээ хаяж, сонгон шалгаруулалтад нь тэнцсэний дараа High School of Performing arts урлагийн сургуульд элссэн. Ээж нь шийдвэрийг нь хүлээн зөвшөөрсөнгүй, үүнээс болж ээжтэйгээ таарахаа больсон Pacino гэрээ орхин явжээ. Жүжигчний сургалтын төлбөрөө төлөхийн тулд тэрээр шууданч, жижүүр, шашны холбогдолтой сэтгүүлийн шуудангийн өрөөнд хүртэл ажиллаж амиа болон хүслээ оршин тогтоож байлаа. Pacino 9 настайгаасаа тамхи татаж, архи ууж эхэлсэн бөгөөд 13 настайдаа үе үе марихуана хэрэглэх болсон ч хатуу хар тамхинаас хол байж чадсан агаад 2 ч сайн найз нь хар тамхинаас болж залуугаараа амиа алдаж байжээ.
Bronx-д өссөн Pacino сургуульдаа асуудал таригч нэгэн байснаас гадна хааяа зодоон цохионд оролцчихдог "хүнд гар" байсан агаад хожим "надад бие хамгаалагч хэрэггүй, учир нь би Harlem-д өссөн" гэж хэлж байлаа. Тэрээр Нью Иоркийн модернист театрын жүжгүүдэд тоглож байсан бөгөөд өсвөр насандаа Actors Studio-д шалгалт өгсөн ч тэнцээгүй, ингээд HB Studio-д орж, тэнд өөрийнх нь сайн бас ментор нь болсон жүжгийн багш Charlie Laughton-той танилцжээ. Энэ хугацаанд тэрээр голдуу л ажилгүй, толгой хорогдох гэргүй явж, театртаа, найзындаа, заримдаа бүр гудманд хүртэл унтаж хоног төөрүүлдэг байв. 1962 онд Pacino-ын ээж 43 насандаа өөд болов, дараа жил нь өвөө нь бас нас нөгчив. Хожим тэрээр тухайн цаг үеийг амьдралынх нь хамгийн хүнд үе гэж дурссан байдаг; "би 22 настай байсан, амьдралын минь хамгийн чухал 2 хүн үгүй болж, намайг маш хүнд байдалд оруулж байлаа" хэмээжээ.
4 жил HB Studio-д сурсны дараа тэрээр Actors Studio-ын сонгон шалгаруулалтад амжилттай тэнцэв. Actors Studio нь мэргэжлийн жүжигчид, театрын найруулагчид, зохиолчдыг багтаасан том байгууллага байлаа. Pacino жүжиглэх урлагийн багш Lee Strasberg-ын удирдлага дор "method acting" сургалтаар жүжиглэх урлагт суралцсан бөгөөд Lee Strasberg Pacino нар хожим "Загалмайлсан эцэг" киноны 2-р ангид, мөн ...And Justice for All кинонуудад хамтран тоглосон. Дараа нь өгсөн ярилцлагадаа тэрээр Strasberg болон сургуулийнхаа талаар ийнхүү хэлсэн "Actors Studio миний амьдралд чухал ач холбогдолтой байсан, Strasberg-д хүртэх ёстой гавъяагийн өгөөгүй; Charlie нэг талаараа намайг нээсэн, энэ нь миний амьдралд гайхалтай эргэлт болсон. Ингэснээр намайг ажлаасаа гарч зөвхөн жүжигчинээр ажиллахад хүргэсэн. Strasberg-ын төлөө ажиллах нь сэтгэл хөдөлгөм байсан, учир нь тэр сцэн юмуу хүмүүс талаар маш сонирхолтойгоор ярьдаг байсан; түүний ярихыг хүн бүхэн сонсохыг хүсдэг байсан бөгөөд тэр өмнө нь хэний ч сонсоогүй зүйлсийг ярьдаг байсан". 2000 онд Pacino Actors Studio-ын ерөнхийлөгчөөр Ellen Burstyn, Harvey Keitel нарын хамтаар ажиллах болсон байдаг. 1967 онд Pacino Boston-д нэг улирал болохдоо Clifford Odets-ын Awake And Sing жүжигт тоглов. Энэ жүжиг түүний анхны их хэмжээний цалинтай жүжиг болсон. Дараа нь Jean-Claude Van Itallie-ын America Hurrah жүжигт тоглов; энэ үеэрээ жүжигчин Jill Clayburgh-тай танилцсан агаад тэд хамтдаа Нью Иорк руу буцаж, романтик харилцаа нь 5 жил үргэлжилсэн байна.
1968 онд Israel Horovitz-ын The Indian Wants the Bronx жүжигт гудамжны танхайрагчын дүрд тоглосон ба тэрээр энэ дүрээрээ Obie Award хүртжээ. Энэ жүжгийн туслах дүрд John Cazale тоглосон байдгийг тэмдэглүүштэй. Продюсер Martin Bregman жүжгийг үзээд Pacino-ын менежер болсон агаад тэдний хамтрал хожмын олон шилдэг дэлгэцийн дүрийг Pacino-д авчирсан билээ. Pacino хожим дурсахдаа "дөнгөж 25-26 настай байхад минь Marty намайг олж нээсэн, түүний ачаар би энд байгаа бөгөөд би түүнд өртэй" гэж хэлж байжээ. The Indian Wants the Bronx жүжиг Италид тавигдахаар болж Pacino Итали явсан агаад энэ аялал түүнд гайхалтай туршлага болсон гэдэг. Энэ үед Jill Pacino хоёр Jill-ын аавын илгээдэг мөнгөөр санхүүгийн асуудлаа шийдэж, Jill телевизийн савангийн дуурьт тоглодог байлаа. 1969 онд Don Peterson-ын Does a Tiger Wear a Necktie? Жүжигт тоглосноор Pacino Broadway-ын дебютээ хийж, мөн анхны Tony Award-аа авсан бол 1970-аад онд хоёрдахь Tony Award-аа The Basic Training of Pavlo Hummel жүжгээрээ хүртжээ. Тэгвэл 1980 онд David Mamet-ын American Buffalo жүжигт тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй Drama Desk Award-д нэр дэвшсэн. 1990-д онд тэрээр тайзнаа хэд хэдэн жүжигт амжилттай тоглосон байдаг.
1983 онд Pacino Dustin Hoffman болон Paul Newman нарын хамтаар The Mirror Theater Ltd-ын томоохон хандивлагч болсон буюу Mirror нь Lee Strasberg-ын бэрийн үүсгэн байгуулсан театр юм. 2002 онд тэрээр Bertolt Brecht-ын The Resistible Rise of Arturo Ui жүжигт John Goodman, Steve Buscemi нарын хамтаар тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. 2010 онд тэрээр дахин жүжгийн тайзнаа ирж Шекспирийн The Merchant of Venice жүжигт Shylock-ын дүрийг бүтээсэн бөгөөд шүүмжлэгчид түүнийг халуун дотноор тэвэрч, Tony Award-д дахин нэг удаа нэр дэвшсэн. 2012 онд тэрээр David Mamet-ын Glengarry Glen Ross жүжигт, 2015 онд China Doll жүжигт тус тус тогложээ. Pacino-ын кино урлагийн замнал 1969 онд Patty Duke-ын Me, Natalie кинонд жижиг дүр бүтээснээр эхэлсэн ба 1970 онд тэрээр авъяастай жүжигчдийг зуучилдаг CMA компанитай гэрээлсэн. 1971 онд Jerry Schatzberg-ын The Panic in Needle Park кинонд хар тамхинд донтогчийн дүрд тоглож дэлгэцийн анхны гол дүрээ бүтээв. Энэ үеэс найруулагч Francis Ford Coppola түүнийг анхаарах болсон агаад аугаа "Загалмайлсан эцэг" киноныхоо Michael Corleone дүрийг Jack Nicholson, Robert Redford, Warren Beatty биш харин хэний ч танихгүй Pacino-д студийн захирлаасаа зөрсөөр байгаад өгсөн нь нүдээ олсон байдаг. Pacino Оскарт нэр дэвшив, мөн залуухан, туршлагагүй жүжигчин хичээвэл ямар амжилт гаргаж болохыг үлгэрлэн харуулав. Шүүмжлэгчид түүний тоглолтыг хүчирхэг бөгөөд чанга хатуу гэж тодорхойлж байлаа.
Гэсэн хэдий ч Pacino Оскарын наадмыг бойкотлосон буюу Marlon Brando-гоос илүү цаг дэлгэцэнд гарсан байхад гол дүрийн шагналд биш туслах дүрийн шагналд дэвшүүлсэн хэмээн наадамд оролцохоос татгалзсан агаад тэрээр туслах дүрийн шагнал хүртээгүй бол Marlon Brando гол дүрийн шагнал хүртсэн ч мөн наадмыг бойкотлосон байдаг. 1973 онд Pacino Gene Hackman-ын хамтаар Jerry Schatzberg-ын Scarecrow кинонд тоглож, уг кино Канны наадмын дээд шагнал хүртсэн. Мөн тэр жилдээ Sidney Lumet-ын Serpico кинонд хахуульд автагдсан цагдаагийн ертөнцөд шударга ёсны төлөө тэмцэж буй цагдаагийн дүрийг бүтээсэн ба Pacino энэ дүрээрээ Оскарын шилдэг гол дүрд нэр дэвшсэн бөгөөд кино бодит түүхээс сэдэвлэсэн. 1974 онд тэрээр "Загалмайлсан эцэг" киноныхоо хоёрдугаар ангид тоглож, Michael Corleone-ын дүрээрээ хоёрдахь удаагаа Оскарт нэр дэвшсэн буюу Оскарт гуравдахиа нэр дэвшсэн. "Загалмайлсан эцэг" киноны хоёрдахь анги дахь тоглолтыг нь Newsweek сэтгүүл "кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг хатуу зүрхтэн" гэж тодорхойлсон. Дараа жил нь тэрээр бодит түүхээс сэдэвлэсэн Dog Day Afternoon кинонд тоглож дахин Оскарт нэр дэвшсэн ба киног Sidney Lumet найруулсан.
1977 онд Sydney Pollack-ын Bobby Deerfield кинонд авто уралдаанчын дүрийг амжилттай бүтээж алтан бөмбөрцөг кино наадамд нэр дэвшсэн бол дараагийн кино нь шүүхийн танхимын сэдэвт ...And Justice for All кино байсан агаад шүүмжлэгчид Pacino-ын жүжиглэх авъяас чадварын өргөн далайцыг магтан дуулж, Pacino 4 дэх удаагаа Оскарын наадмын шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшсэн ч Dustin Hoffman-д шагналаа алдсан буюу Dustin Hoffman энэ шагналыг Kramer vs Kramer киногоороо авсан байдаг бөгөөд Pacino Kramer vs Kramer кинонд тоглохоос татгалзсан байдаг юм. 1980-аад оны эхэн үе бол уран бүтээлийн хувьд Pacino-д зогсолтын үе байсан гэж хэлж болно. 1980 онд William Friedkin-ын Cruising кинонд тоглов, кинонд үзүүлэх ижил хүйстний сэдэв бөөн хэл ам дагуулсан 1982 онд Arthur Hiller-ын комеди-драм жанрын Author! Author! Кинонд тоглосон ч шүүмжлэгчдэд ад үзэгдэв. Гэсэн хэдий ч 1983 онд Brian De Palma-ын Scarface кинонд тоглож ямар жүжигчин болохоо дэлхий дахинд дахин нэг харуулсан ба кино ашиг орлого сайн олсон ч тухайн үедээ хэтэрхий харгис, хүчирхийлэлтэй гэгдэн загнуулж байв. Хожим Tony Montana-ын дүр Pacino-ын замналыг нь тодорхойлох дүрүүдийн нэг болоод зогсохгүй тэрээр энэ дүрээрээ дахин нэг удаа алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшсэн. 1985 онд Америкийн хувьсгалын дайны сэдэвт Revolution кинонд тоглож бүрэн утгаараа бүтэлгүйтэв. Энэ бүтэлгүйтлээ Pacino продакшны хэт яарсантай холбодог. Үүнээс болж Pacino 4 жил кино урлагаас хол байсан бөгөөд эдгээр 4 жилд тэрээр тайзнаа ажиллаж байлаа. Ингээд 1989 онд Harold Becker-ын Sea of Love кинонд цуврал алуурчныг барихын тулд өөрийгөө зольж буй мөрдөгчийн дүрийг бүтээж үзэгчдээс сайшаал хүртсэн. 1990 оны бокс оффисын хит Dick Tracy киноны Big Boy Caprice-ын дүрээрээ тэрээр оскарт нэр дэвшсэн бөгөөд Roger Ebert түүнийг "олны анхаарлын татагч жүжигчин" хэмээж байв. 1991 онд тэрээр Michelle Pfeiffer хамт Garry Marshall-ын Frankie and Johny кинонд амжилттай тоглосон, кинонд шоронгоос гарагч нэгний амьдралын үзүүлнэ. 1993 онд Pacino хүсэн хүлээсэн, аль эрт хүртэх ёстой байсан Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналаа Martin Brest-ын Scent of a Woman киноны сохор хурандаагийн дүрээр хүртэв. Тэр жилдээ мөн Glengarry Glen Ross кинонд тоглосон дүрээрээ Оскарт шилдэг туслах дүрд нэр дэвшсэн агаад нэг жилд хоёр киногоор Оскарт нэр дэвшсэн анхны эрэгтэй жүжигчин болж байлаа.
1993 онд Brian De Palma-ын гэмт хэрэгт драм жанрын Carlito's Way кинонд Sean Penn-тэй хамт тоглов. Дараагийн кино нь 1995 оны Michael Mann-ын Heat байсан бөгөөд Robert De Niro-той хамтран тоглосон буюу "Загалмайлсан эцэг" киноны хоёрдугаар ангиас хойш анх удаагаа Pacino Bobby хоёр хамтран тоглосон тохиолдол болжээ. Дараа жил нь баримтад драм төрлийн Looking for Richard гэх Шекспирийн нөлөө олон нийтийн соёлд хэрхэн нөлөөлж буйг судалсан кинонд тоглов. 1997 онд Keanu Reeves-ын хамтаар Taylor Hackford-ын триллер жанрын The Devil's advocate кинон тоглосон ба кино ашигтай ажиллаж, Pacino ч шүүмжлэгчдээс сайшаал хүртсэн. 1997 онд Мафийн доторх бүтцийг үзүүлсэн Mike Newell-ын Donnie Brasco кинонд Johnny Depp-тэй хамт тоглов. 1999 онд Оскарын наадамд олон төрөлд нэр дэвшиж байсан Michael Mann-ын The Insider кинонд Russell Crowe-той хамт мөн тэр ондоо спортын сэдэвт Oliver Stone-ын Any Given Sunday кинонд тус тус тоглосон. 2000 оны анхны кино нь Chinese Coffee гэх жижиг төсөвтэй кино байв. 2002 онд тэрээр Christopher Nolan-ын Insomnia бүтээлд Robin Williams-тай хамт тоглосон бөгөөд шүүмжлэгчид түүний тоглолтыг өндрөөр үнэлж, бокс оффист ч кино сайн ажиллав. Дараагийн S1m0ne кино нь харин амжилт олоогүй байдаг. People I know хэмээх жижиг кинонд тоглосон ч харин сайн шүүмж сонссоны дараа Pacino Martin Brest-ын Gigli кинонд жижиг дүр бүтээжээ. 2003 онд тэрээр Colin Farrell-тай хамт Roger Donaldson-ын The Recruit гэх тагнуултай кинонд тоглов, кино төдий л сайн үнэлгээ авсангүй. Мөн тэр ондоо Tony Kushner-ын Pulitzer-ын шагналт жүжгээс сэдэвлэсэн Angeles in America гэх мини сериалд тоглож, Алтан бөмбөрцөг наадмаас 3 дахь шагнал буюу шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртжээ.
2004 онд Michael Radford-ын The Merchant of Venice кинонд Shylock-ын дүрээ дахин бүтээсэн бөгөөд энэ удаа уламжлалт эсрэг талын дүрийг энэрэнгүй байдлаар гаргасан. 2005 онд нээлтээ хийсэн Two for the Money кинонд тэрээр Matthew McConaughey-ын хамтаар тоглож шүүмжлэгчдээс талархал хүртэв. 2006 онд Америкийн кино хүрээлэн дээд шагналаа Pacino-д олгожээ. Тэрээр Steven Soderbergh-ын оддын чуулга болсон Ocean's Thirteen кинонд туслах дүр бүтээв. 2008 онд тэрээр 88 Minutes кинонд тоглов, харамсалтайн кино амжилт олоогүй агаад шүүмжлэгчид Pacino-г биш кино зохиолыг буруутгасан. 2008 онд Pacino Robert De Niro нар дахин нэг удаа хамтран гэмт хэрэгт жанрын Righteous Kill кинонд тоглосон бөгөөд аварга загаснуудын нэгдлээс үүдэн хүлээлт өндөр байсан ч боловч кино бүрэн утгаараа бүтэлгүйтсэн. Pacino 2010 онд HBO Films-ын You Didn't know Jack кинонд тоглож хоёрдахь Emmy award-аа хүртээд зогсохгүй 4 дэх Алтан бөмбөрцөгөө авлаа. 2011 онд комедий жарны Jack and Jill кинонд тоглож шүүмжлэгчдэд зад загнуулсан бөгөөд Golden Raspberry шагнал хүртэж доошоо оров.
Тэр жилдээ
"миний хамгийн хувийн шинжтэй төсөл" гэж тодорхойлсон Wilde Salome
киног найруулж бас өөрөө гол дүрийг нь бүтээжээ. 2012 онд Barack Obama-аас
National Medal of arts шагналыг хүртсэн. 2013 онд Pacino HBO-ын Phil Spector
намтарчилсан кинонд тоглосон бол 2015 онд комеди драм жанрын Danny Collins
кинонд тоглосон. 2016 онд тэрээр Kennedy Center honor шагналыг хүртжээ. 2018
онд HBO-ын намтарчилсан спортын жанрын Paterno бүтээлд тоглосон агаад жилийн
дараа Brad Pitt, Leonardo DiCaprio нарын хамтаар Quentin Tarantino-ын Once Upon
a Time in Hollywood кинонд тоглосон. 2019 оны сүүлээр Netflix-ын The Irishman
кинонд тоглож, уг киног шүүмжлэгчид тухайн оны шилдэг бүтээл хэмээн өргөмжлөв.
Киног Martin Scorsese найруулсан ба Robert De Niro Pacino, Joe Pesci гол дүрүүдэд тоглосон.
Тэрээр Julie Marie, Anton James, Olivia Rose (сүүлийн хоёр нь ихэр) гэсэн 3
хүүхэдтэй бөгөөд хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Pacino "Загалмайлсан
эцэг" трилогийнхоо үеэр Diane Keaton-той дотно харилцаатай байсан бөгөөд
салж нийлж явсаар трилогийн гуравдахь ангийн дараа нэг мөр салжээ. Diane Keaton
"Pacino бол маш хөгжилтэй хүн, миний хувьд тэр хамгийн царайлаг эр хүн.
Тэр үнэхээр хөөрхөн, ёстой алуурчин царайтай" гэж хэлж байжээ. Pacino
нийтдээ Оскарт 9 удаа нэр дэвшиж (нэг л авсан), алтан бөмбөрцөгт 18 удаа нэр
дэвшсэн (4 удаа авсан) бол Оскар, Эмми, Тони гэсэн жүжигчин хүний хувьд гурван
чухал шагналыг бүгдийг нь авсан цөөхөн хэдэн жүжигчдийн нэг билээ. Их Британий
Channel 4-ын явуулсан нэгэн санал асуулгаар Pacino-г бүх цаг үеийн хамгийн
аугаа жүжигчинээр тодруулж байжээ.
Comments
Post a Comment