Нулимсны мөр




2046 (2004)
. Хонг Конгийн суут кино найруулагч Wong Kar-wai-ын энд танилцуулах бүтээл нь түүний албан бус трилогийн гуравдахь буюу сүүлчийнх нь агаад трилогийн өмнөх “Days of Being Wild” болон “In the Mood for Love” зэрэг шилдэг бүтээлүүдийн амжилтыг унагалгүйгээр барахгүй өмнөх хоёр кинотойгоо зарим хэсэгээрээ холилдон, сүлжилдэх бөгөөд үйл явдал нь урдах кинонуудынхаа үргэлжлэл гэмээр ч бас тийм бишээр дангаар өрнөнө.. “In the Mood for Love”-ын киноны гол дүр Chow Su-гээс салаад Сингапурт хэдэн жил болсны эцэст Хонг Конг-доо эргэн ирж байгаагаар киноны ерөнхий үйл явдал өрнөх бөгөөд кино Chow-той холбоотой дөрвөн түүхээс бүрдэнэ: үүнд түүний Su-гээс хойших гурван өөр янзын хайрын түүх болон өөрийнх нь зохиосон уран зохиол багтаж, кино хронолог шугамаар бус урд хойноо орсон дурсамж, одоо цаг, \ одоо цаг гэхэд эргэлзээтэй ба тэр чигээрээ дурсамж ч байж болох?\ мөн уран зохиолын фантааз зэрэг олон хэлбэр, өгүүлэмжтэй учир үйл явдлыг дэс дараатай бичих нь маш хүндрэлтэй, тун сунжирсан болох учраас би энд голчлон Chow-ын хүүрнэлийг даган, түүний шинэ адал явдлуудыг аль болох цэгцтэй хүүрнэхийг хичээв.. кинонд “Days of Being Wild”-ын Lulu болон “In the Mood for Love”-ын Su нарын дүр их бага хэмжээгээр гарах ба түрүүн хэлсэнчлэн Chow-ын бичих фантааз зохиолд энэ кинонд гарах дүрүүд өөр хэлбэрээр буюу футурист ертөнцөд робот юмуу өөр дүрээр гарна.. дэлхий ирээдүйд асар том төмөр замаар холбогдсон байна, ганцаардсан хүмүүс 2046 гэдэг нэртэй нууцлаг газар руу алдагдсан хайраа эргүүлэн авахаар зорих ба 2046 гэдэг газарт юу ч өөрчлөгддөггүй учраас юу ч алдагдахгүй бас ямар ч гуниг зовлон үгүй.. 2046 гэдэг газраас Япон залуу Tak-аас өөр ямар ч хүн эргэж ирээгүй бөгөөд Tak 2046-аас буцан ирж буй урт аялалаар Chow-ын зохиол буюу кинон доторх богино кино маань эхэлдэг..

найруулагч Wong Kar-wai кино зохиолоо өөрөө бичсэн ба кино дөрвөн жилийн дотор бүтээгдэж Канны наадмын дээд шагналд өрсөлдөж байв.. киноны жүжигчдийн бүрэлдэхүүн: Tony Leung Chiu-Wai, Maggie Cheung, Faye Wong, Takuya Kimura, Zhang Ziyi болон Gong Li гэсэн Ази оддын чуулгаас бүрдэх ба судлаачид уг киног Хятадын жүжигчин, модел Zhang Ziyi “хулгайлчихсан” гэж үздэг, өөрөөр хэлбэл Zhang Ziyi-ын тоглолтод А үнэлгээ өгөөд түүнийг дэлхийн хэмжээний шилдэг эмэгтэй жүжигчдийн тоонд оруулах болсон.. киноны зураглаачаар Christopher Doyle, Kwan Pun-leung, Lai Yiu-fai гэсэн гурван өөр хүн ажилласан ч тэд зүүд мөрөөдлийн мэт манартсан, удааширсан, өнгөөр тансаг нэг хэлбэр загварын зураглалаар ажиллахдаа Faye Wong, Zhang Ziyi болон Gong Li гэсэн жүжигчдийн дур булаам, гуа үзэсгэлэнг толинд тусгах мэт зураглажээ.. найруулагч Wong Kar-wai жараад оны стил имижийг сүйрсэн футурист ирээдүйн хоттой хослуулан бүтээсэн нь онцлогтой: киноны бүх дүр байнга тамхи татан, архи үлэмж ихээр ууж орчин үеийн ганцаардсан, хайраар дутсан хүнийг дүрслэх ба кино цаг хугацаа, ой санамж руу өрөмдөн ороод тархинд эвлүүлдэг тоглоом өрж, хайр цэцэглүүлэн, гоо үзэсгэлэнгийн ариун сүлд дууг эгшиглүүлнэ.. судлаачид уг киноны дараа Wong Kar-wai-г хорьдугаар зууны аугаа найруулагчдын залгамж гээд түүний кино хийх аргыг Fellini-ын фантааз дүрслэл, Antonioni-ын нарийн хийцтэй оршихуй, Godard-ын алиа хийгээд урам хугаралт болон Bergman-ын тодорхойгүй бодлогшролыг хослуулан бүтээгч хэмээн магтсан ба кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 875-р байрт жагсдаг.. кинонд бүх дүр өөр өөрийнхөө улсын хэлээр ярина: Chow кантоноор, Bai мандаринаар, Tak \Takuya Kimura \ японоор тус тус ярих боловч тэд бие биенээ төгс ойлгоно.. ингээд киноныхоо үйл явдлыг товч өгүүлсү.. идеал хайраасаа хагацаж ихэд шаналсан Chow \Tony Leung Chiu-Wai\ Хонг Конг-д эргэн ирээд Su-г мартахын тулд таарсан хүүхэнтэйгээ унтан, жинхэнэ дон жуан болсон байх агаад архи болон секс түүний ганцаардал, шаналалыг илаашруулахгүйн тодорхой.. зул сарын өмнөх өдөр Chow Сингапурт танилцаж явалдаж байсан, одоо харин биеэ үнэлэгч Lulu-тай \Carina Lau \ уулзан хамт ууцгаах ба тэд Lulu-ын гэрт буюу хөлсний байранд очно, гэтэл хүүхэн тасраад уначихна, Chow явахдаа санамсаргүйгээр байрных нь  түлхүүрийг нь аваад явчихна.. өрөөний дугаар 2046 буюу Chow, Su \Maggie Cheung\ хоёрын хайраа солилцдог байсан буудлын өрөөний дугаартай ижил болохыг Chow анзаарна, хэд хоногоос Chow түлхүүрийг эргүүлж өгөхөөр ирэхэд байрны эзэн тэр өрөө түр засвартай байгаа гээд 2047 дугаартай өрөөг санал болгох бөгөөд Lulu тэр шөнөдөө хартай найз залуудаа хутгалуулсан болохыг олж мэднэ, гэхдээ хүүхэн азаар амьд үлджээ.. 
Chow энэ байранд үлдэж 2047 дугаартай өрөөнд амьдрахаар болдог агаад 2046 дугаартай өрөө засагдаж дууссан ч тэрээр 2047 дугаартай өрөөндөө дассан тул тэндээ үлдэхээр шийддэг бөгөөд энэ хоёр өрөө нэг коридоорт байрших тул Chow 2046 дугаартай өрөөнд ямар хүмүүс орж гарахыг байнга ажиглана.. 2046 дугаартай өрөөнд орсон эхний хүн бол байрны эзэний охин Wang \Faye Wong\ байв, Chow-ын ажигласнаар Wang Хонг Конг-д ажилладаг Японы иргэнтэй хайр сэтгэлийн холбоотой ба харамсалтайн хүүхний аавын хатуу хоригоор хосууд салцгааж Японы иргэн нутаг буцах бол Wang хагацлаас үүдсэн гансрал, зовлонгоосоо болж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэхийг Chow ажиглаж мэднэ.. их удалгүй нөгөө өрөөнд байрны эзэний бага охин орох бөгөөд залуухан, сэтгэл татам бас банзал охин Chow-д сээтэн хаях боловч Chow тухай бүрт нь  татгалздаг.. ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд Chow санхүүгийн асуудалтай тулгаран гадуур тэнэхээ больж нэмэлт мөнгө олохын төлөө 2046 гэдэг нэртэй уран зөгнөлт зохиол бичиж эхлэх бөгөөд зохиолын үйл явдал ирээдүйд өрнөхдөө шархласан зүрхтэй хүмүүс хайраа хайж буй тухай гарах ба Chow зохиолоо гаж байдлаар, мөн маш их эротик дүрслэлээр бичихдээ \трилогийн энэ кинонд нөгөө хоёр киногоо бодвол илүү их секс сцен гардаг\ зохиолынхоо дүрүүдийг өөрийнхөө амьдралд учирсан хүүхнүүдээс сэдэвлэнэ.. ийнхүү байтал 2046 дугаартай өрөөнд Su шиг хувцасладаг хэдий ч зан авирын хувьд шал өөр буюу маш түрэмгий зантай, асар аальгүй Bai \Zhang Ziyi \ гэгч дээд зиндааны нүүж орох ба хүүхэн урт хугацааны “эрүүл” харилцааг хүснэ.. Chow хүүхэнтэй танилцаж, улмаар олон арга мэхээрээ дотно харьцаа үүсгэж чаддаг, тэдний анхны романтик болзоо зул сарын өмнөх өдөр болж тэд нэг оронд орохдоо энэ харилцаа маань яаж төгсөх нь хамаагүй ч бие биеэ хүсэн тачаадаж байгаа үед уулзаж байя, ингэхдээ хэн хэнийхээ амьдралд саад болохгүйн тулд уулзахдаа бие биенээ зээлж байхаар тохирно.. тэдний уулзалт хэр халуухан, ямаршуу нойтон байсныг дүрслэх илүүц бөгөөд Chow харилцаагаа энэ чигээр нь үлдээхийг хүсэх бол Bai Chow-той уулздаг болсоноос хойш биеэ үнэлэхээ больж энэ харилцаагаа илүү гүн, баттай болгохыг хүснэ.. нэгэн жаргалтай учралын дараа даашинзыг нь урсны төлбөр гэж 10 долларыг Chow хүүхэнд өгөхөд Bai гайхаж бас доромжлуулсан төрхөөр мөнгийг авахдаа энгийн хосын харилцаа хүсэж байсан нь талаар болсныг ухаарахын сацуу Chow түүнийг янхан л гэж хардаг болохыг ойлгоод уулзах болгондоо Chow-оос 10 доллар авдаг болно.. ээлжит нэг үүлэн борооны дараа Bai-д хандан Chow ажлаа хийлээ өрөөндөө ор гэхэд хүүхэн хамт хоноё хэмээн гуйж, хамт хонох мөнгийг нь ч өгье гэж хэлэхэд Chow хүйтнээр үгүй гэх бөгөөд угаас эмоцтой Bai үүнд уурлан цамнаж гарах ба би чамтай уулздаг болсоноос хойш өөр эртэй уулзахаа больсон чи ч бас өөр хүүхэнтэй уулзахаа боль гэхэд Chow нүүрний хувиралгүйгээр чадахгүй гэж шууд хэлдэг.. 
уг явдал тэднийг салгах ба тэд ямарч газарт таарсан ч бие биенээ хараагүй юм шиг, огт танихгүй улс шиг өнгөрцгөөх бөгөөд Bai хардуулах гэж бас өшөөгөө авах гэж янханы ажлаа улам урам зоригтойгоор хийх бол Chow шөнийн хүүхнүүдээ жам ёсоор авчирсаар.. ингээд Bai 2046 дугаартай өрөөнөөс гарч Wang эмнэлэгээс эдгэсэн оноштойгоор гаран 2046 дугаартай өрөөнд эргэн орох агаад хүүхэн Япон залуугаа мартаагүй бодон гунигласаар ба Япон залуу нь захиа бичсээр боловч хүүхний аавын хоригоор хүүхэн хариу бичих боломжгүй байтал Chow зориг болон сайхан сэтгэл гарган Япон залуу болон Wang-ын хайрын гүүр болох буюу нууцаар холбогч нь болно.. энэ явдал тэднийг найзууд болгох агаад Chow зохиолоо хэвлүүлэхээр зэхэж түүнд нь Wang тусална, энэ хэсэг “In the Mood for Love”-ын буудал дахь хэсэгтэй их төстэй бөгөөд Chow-д мөн өнгөрсөнийг нь эргэн сануулж, Su-тэй хамт өнгөрүүлсэн сайхан үеэс нь хойших хамгийн жаргалтай цаг мөч нь Wang-тай хамт зохиол бичсэн хэсэгхэн хугацаа байсныг мэдэрдэг.. Chow-ын Wang-г харах харц өөрчлөгдөн, сэтгэлд нь хайрын цэцэг аажмаар дэлбээлж, сэтгэлээ хүүхэнд ойлгуулах гэхэд Wang-ын Япон залуугаа гэх сэтгэл дэндүү бат бас найдвартай болохыг мэдээд сэтгэлээ татах ба Chow зохиолынхоо гол баатарыг Wang-ын Япон залуугаар сэдэвлэн бичсэн боловч үнэндээ энэ зохиол нь өөрийнх нь тухай, өөрийнхөө сэтгэл хийгээд туршлагыг бичсэнээ ухаардаг..  юу юугүй зул сар болж Chow Wang-г оройн хоолонд урина, хүүхэн Япон залуугаа санаад хэцүүдэж байгааг, аав нь холбоо бариулахгүй хэвээрээ байгааг мэдэн түүнийг өрөвдөөд ажлынхаа оффист аваачин Япон залуутайн утсаар яриулдаг бөгөөд Chow цонхны цаанаас утсаар жаргалтайяа ярих Wang-ын царайг харангаа баярын өдрөөр хүн илүүтэй ганцаарддаг ба нэмэлт хайр хэрэгтэй болдог юм байна гэж боддог.. зул сараас хойш төд удалгүй Wang Япон явж тэндээ нөгөө залуутайгаа суухаар болдог ба одоо аав нь охиноо хориглохоо больжээ.. Wang-г явсанаас хойш Chow сэтгэлээр унаж, ганцаардаж эхлэх бөгөөд гунигаа сурсан аргаараа тайлахаар Lulu дээр очиход хүүхэн өөр нэг хүүхэнтэй эр булаалдан хэрэлдэж байхыг Chow хараад Lulu үүрд өнгөрсөндөө үлдсэнийг, тэгээд энэ нь гунигтай зүйл биш болохыг ажиглаад Su-г \энэ нь “In the Mood for Love”-ын Su биш ба адилхан нэртэй энэ хүүхний талаар хойно өгүүлнэ\ эргэн олж авах хүчээр цэнэглэгдэнэ.. ингээд хэсэг хугацаа өнгөрлөө, Chow Bai руу утас цохин оройн хоол хамт иддэг бөгөөд Bai Сингапур явах гэж байгаагаа хэлээд Chow-оос яаж явах талаар зөвлөгөө авдаг, мөн тэд нэлээд ууцгаана, Chow бид хоёр архины найзууд хэмээхэд Bai-ын царайд гомдсон, итгэл алдарсан байдал тодорсон ч зүгээр инээмсэглээд өнгөрдөг.. өнгөрсөн зул сараар хаана байсан бэ, би чамайг их санасан энэ хугацаанд, уулзахыг маш их хүссэн хэмээн Bai хэлэхэд Chow надруу залгахгүй дээ, би чамтай уулзах байсан гэж худлаа хэлдэг бөгөөд үнэндээ тэрээр тэр үед Сингапурт экс хайр, хар аалз хочит Su-гээ хайхаар явсан байсан билээ..
 Chow Su-гээс салж Сингапурт очоод мөрийтэй тоглоомд гүн автсан ба хөзрөөр наадаж л бүтэлгүй хайраа мартагнадаг байв, ингэж явсаар тэр нэлээд өрөнд орж баларч яваад хар аалз хочит мэргэжлийн мөрийтэй тоглогч Su-тэй танилцана, энэ хүүхэн өмнөх хайр Su-тэй ижилхэн нэртэй мөн ижилхэн үзэсгэлэнтэй.. тэд хосууд болж хоёрдахь Su \Gong Li \ түүнийг өрнөөс гаргаж бас ахиж мөрийтэй тоглохгүй гэсэн амыг нь авдаг ба Chow хүүхний талаар илүү ихийг мэдэхийг хүсэхэд хүүхэн цааргалж, хэрэв чи намайг хөзрөөр хожвол би бүх юмаа чамд яръя хэмээх бөгөөд тэд тоглож мэдээж хоёрдахь Su хожсоноор нууцаа өөртөө үлдээнэ.. Chow Хонг Конг-доо буцах болж хоёрдахь Su-г хамт явъя гэхэд хүүхэн ахин хөзрөөр шийдэх санал тавиад мөн л хожсоноор Chow ганцаараа буцах болдог ба тэд салахдаа янаг халуунаар үнсэлцдэг.. энэхүү явдал хронологийн хувьд киноны эхэнд болсон ч хойно нь гардаг бөгөөд Chow зохиолоо бичиж дуусгасаны дараа хоёрдахь Su-г өнгөрсөнд зүрхийг нь гүн шархлуулсан хар дурсамжтай болохоор өөртэйн хамт яваагүйг ойлгодог.. тэр зул сараар Chow хоёрдахь Su-г хайж Сингапурт очоод сургыг нь гаргаж чадаагүй ба хүүхэн ор тас алга болсон байв.. ингээд Bai-г Сингапур явахаас өмнө Chow тэр хоёр уулзаж оройн хоолонд орж мөн л уух агаад Bai нэгэн үйлчлүүлэгчээсээ маш их мөнгө авсан гээд тэр мөнгөөрөө Chow-г худалдаж авмаар байна, хүссэн хэмжээгээр чинь мөнгө төлнө надтай хамт байгаач хэмээхэд Chow татгалзана, хүүхэнд таван мянган доллар байх ба тэдний дүрмээр 10 доллар нэг шөнийн хамт байх эрх билээ.. хоолны дараа Chow хүүхнийг гэрт нь хүргэж өгнө, тэд Bai-ын гэрийн үүдэнд ирэхэд хүүхэн Chow-г сүүлийн удаа өөрийгөө зээлүүлээд ганц шөнө хамт хоноё хэмээн бардам зангаа гээн гуйхад Chow түүнийг өчүүхэн ч өрөвдөхгүйгээр, хүйтнээр татгалзан алхаж одоход Bai гашуунаар мэгшин уйлсаар үлддэг ээ..

Comments