The Man Without a Past (2002). Финландын нийслэлд галт тэргээр нэгэн эр
чемодантайгаа бууж ирэх бөгөөд гунигтай, муухай төрхтэй энэ том биетэй эр
хэзээч жаргалтай байж үзээгүй болов уу гэмээр ууртай харагдах нь энэ эр лав л
муу хүн юмуу, эсхүл гэмт хэрэгтэн мэт санагдана.. тавин нас эргэм энэ эр явсаар
цэцэрлэгт хүрээлэнд ирж ядарсандаа тэндээ дугхийчих ба нойрсож буй ганцаараа
яваа эрийг гурван танхай залуу дээрэмдэн тонохоор шууд түүн рүү давшилан
орчихно тэр.. сувдаг шунахай сэтгэлтэй муу залуус хөөрхий эрийг ёстой нэг
нэвширтэл нь зодох нь арай ч хэтрүүлчихэв үү гэсэн сэтгэгдэл төрүүлэх бөгөөд
мэдээж чемоданыг нь аваад арилж өгнө.. маш хүнд бэртсэн манай баатар шөнө
сэрээд нэгэн дэлгүүрийн жорлонгийн өрөөнд ороод ухаан алдчих агаад тэндээсээ
шууд эмнэлэгт хүргэгдсэнээр азаар амь гарна.. тэрээр эмнэлэгт гэнэт сэхээ ороод
айж, балмагдсандаа зугтаачих ба сайтар тэнхрээгүй байсан учир голын эрэг дээр
дахиад ухаан алдчихна, энэ үед түүнийг Nieminen гэгч хижээл насны ядуу эр авран
гэртээ аваачдаг.. энэ Nieminen бол ядуучуудын зуслан маягийн газарт эхнэр болон
хоёр хүүгийн хамт амьдрах ба энэ зусланд хүмүүс, айлууд чингэлэг дотор
амьдарна, харин тэр хавийг хариуцсан цагдаа тэднийг удирдаж, бараг захирна.. Nieminen
болон тэр хавийн сайн хүмүүсийн ачаар одоо хүртэл нэр нь үл мэдэгдэх нөгөө
муухай төрхтэй эр сэхээ орж бүр тэнхрээд ирэх ч нэрээ, хаанаас ирсэнээ, ямар
ажил хийдэг байсан, ямаршуу хүн болохоо санахгүй бөгөөд хүнд бэртэл түүний
тархийг бэртээн ой санамжийг нь бүрэн арчсан агаад үзэгч бид түүний нэрийг
мэдэхгүй учраас зүгээр л М гэж нэрийдье..
М зүгээр суусангүй өөрийгөө хэн
болохыг мэдэхийг хүсэн холбогдох газарт очиход хүмүүс түүнийг шоолон, бүр зарим
нь тоглодог газар чинь биш хэмээн загнана, байдал энэ байдлаараа дордох нь гэж
айсан М амар тайвнаар нь ядуучууд руугаа буцах ба үнэндээ өөр хаашаа ч явах
билээ.. Nieminen нэг өдөр түүнийг гадуур хооллоё гээд дагуулж гараад Авралын
арми хэмээх олон улсын ядуу болон зовсон хүмүүст тусалдаг байгууллагын үзүүлдэг
тусламжын төв дээр авчиран үнэгүй хоол идүүлэх бөгөөд Авралын арми нь эдгээр
хүмүүст үе үе хоол, хувцсаар тусалдаг бөлгөө.. энэ үеэр М маань Авралын армийн
ажилтан өөрийн насны хүүхэн Irma-тай уулзан танилцаад хайр сэтгэлийн аянганд
хэн хэн нь цохиулцгаана.. хоолны дараа Nieminen М-г явж пиво ууя гэнэ, энэ Nieminen
мөнгө олдвол пивоноос өгчихдөг сайн эр, харин М уухгүй гэх бөгөөд М-ын гарыг
хараад Nieminen: чи их хүнд ажил хийж байсан бололтой гэдэг.. М шинэ амьдралдаа
хурдан дасаж, өөрийн гэсэн оромжтой болохоор шийдэн захирагч цагдаагаас нэг чингэлэг
түрээслэн аваад засаж янзлаад хүн суухтайгаа болгох ба Авралын армиасаа солионы
хувцсаа аваад амьдрал нь хөөрхөн дээшлээд ирнэ.. түүний чингэлэгт ойр хавьд нь
байхгүй хөгжим байсан учир хайрт Irma-тайгаа болзоход түүнд давуу тал олгох
байв, насаараа ганц бие байгаа Irma-д болзооноос цаашлаад М-ээс татгалзах
шалтгаан байсангүй тул тэд амрагууд буюу хосууд болно.. хүүхэнтэйгээ уулзах гэж
Авралын армийн оффист байнга очих М тэдний амьд хөгжмөөр тоглодог хамтлагийн
уйтгартай бас хуучинсаг болохыг шүүмжлэн өөрийн рок хөгжмийн мэдлэгт дулдуйдан
уйтгарт хамтлагийг жинхэнэ рок хамтлаг болгож хөөрхөн алдаршаад авна.. тийнхүү
байтал цагдаа М дээр ирээд түрээсийн мөнгө өг үгүй бол аймшигт нохойгоороо
хэдэн хэсэг болгон тасчуулна гэнэ, гэтэл тэр нохойн жижигхэнээс гадна киноны
турш ганц ч удаа хуцдаггүйн хөгтэй.. М түрээсийн асуудлаа хонгор Irma-ынхаа
ачаар шийдэх хэдий ч энэ үеэр банк дээрэмдэх үйл явцад оролцон адгийн зарга
арван хоног гэгчээр асуудалд унана.. түүнийг өнөөх л Авралын арми өмгөөлөгч
илгээн аврах бөгөөд дөнгөж суллагдаад байхад нь банк дээрэмдсэн өвгөн түүн дээр
ирээд: асуудалд оруулсанд уучлаарай, би үхлүүт өвчтэй хүн, амиа хорлолоо гээд
мөнгөө М-д өгчихнө, харин М мөнгийг ядуу найз нөхөддөө тэнцүүхэн тараадаг.. М-г
шоронд орсон байхад нь зураг нь улс орноор таран улмаар гэрт нь хүрсэнээр
түүний хэн болох нь танигдана: М бол төмрийн үйлдвэрт ажилладаг, эхнэртэй эгэл
жирийн эр байлаа.. М одоо яадаг ч байсан гэртээ харих ёстой ба Irma үүнд уйлж
майлсангүй харин: чи миний анхны хайр байсан шүү гэж хэлдэг.. М гэртээ ирэхэд
эхнэр нь аль хэдийн хар хүнтэй болсон буюу М эхнэрээсээ салчихаад явж байсан нь
тэр бөгөөд одоо хайргүй, угаасаа ч хайргүй тул хорогдох юмгүй М бушуухан
буцахыг хүсэхэд эхнэр нь түүнд хандаж: чи их мөрийтэй тоглодог байсан ч харин
огт уудаггүй байсан гэж хэлдэг.. М галт тэргээр буцан явахдаа сэтгэлдээ Irma-гаа
л бодох агаад тэрээр замдаа нөгөө гурван танхай этгээтүүдтэй дахин таарчихна.. Финландын хамгийн алдартай кино найруулагч Aki Kaurismäki бол кино урлагийн
ертөнцийн онцгой, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө эрс ялгарч чаддаг кино урлаач ба
эл бүтээл нь түүний бүхий л онцлогийг шингээсэн буюу гуниг болон инээдмийг
хослуулсан “deadpan” төрлийн кино болой.. гоо зүйтэй өнгө, дүрүүдийн огт
инээдэггүй үхмэл төрх нь киноны гүн гүнзгий хийгээд баялаг хошигнолтой нийцэх
бөгөөд элэг хөшөөж, татаж унагаахгүй ч уг киноны хошигнол маш нарийн мэдрэмж
шаардахын сацуу гуниг төрүүлнэ.. киноны гол дүр М-д алхам тутамд нь хүмүүс
тусалж, тэрээр хүмүүсийн ачаар амьдралаа ахин олж байгаа нь сайхан бол кинонд
үйл явдал гээд байх юм бага, жанраасаа улбаалж уншихаасаа илүү үзэж мэдрэх
бүтээл болой.. Aki Kaurismäki энэ бүтээлийнхээ зохиолыг өөрөө бичиж бас
продюсерлэсэн ба энэ бүтээл нь түүний Финландын трилогийн тоонд ордог агаад тэр
жилийнхээ Канны кино наадмын Grand Prix шагнал хүртэн, Оскарт шилдэг гадаад
кино төрөлд өрсөлджээ..
Comments
Post a Comment