Хайрын сар




Christmas in Connecticut (1945). Дэлхийн хоёрдугаар дайнаас эх орондоо баатарын дүрээр эргэн ирсэн усан цэрэг Jefferson \Dennis Morgan\ эмнэлэгт хэвтэн сувилуулж байхдаа өөрийнхөө сувилагч Mary \Joyce Compton \ хэмээх хүүхэнтэй амтад хоол нэхэх ходоодноосоо болж сүй тавичих агаад далай дээр хоолгүй олон хоносон Jefferson-г эмч хурц хоол идэж болохгүй зөөлөн, амтгүй хоол ид гэснээс болж өлсөж зовсон тэрээр сувилагчаа найран нууцаар мах, мөн амтад хоол идэхийн тулд ганц бие амьдралаасаа хагацах болсон нь хөгтэй.. харин сувилагч Mary усан цэргийн найраанд хялбархан автаж, ирээдүйгээ Jefferson-той холбоод эхэлчихсэн ч усан цэрэг маань ходоод нь цадаад ирэхээр жинхэнэ хэн гэдгээ таниулах буюу ганцаар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэгч, найз хүүхэн, эхнэр гэдэг бөөн ядаргаа гэж үзэгч бөгөөд үнэндээ Mary-д огтоос сэтгэлгүй билээ.. 

Хүүхэн түүнийг алдахыг хүссэнгүй, иймээс нэг арга бодож олсон нь энэ: ганц бие амьдалд дассан Jefferson-д гэр бүлийн дулаахан, сайхан амьдралыг амсуулчихад санаа нь өөрчлөгдөж, гэр бүл, эхнэр хүүхэд хүсээд ирэх бөгөөд энэ төлөвлөгөөг зул сарын баярын өдрөөр хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэж үзнэ, үнэндээ ч энэ нь суут санаа байв.. гэтэл Mary-д төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохирох тухтай сайхан байшин байсангүй, гэвч хүүхэн бас нэг сүрхий санаа сийлсэн нь Коннектикут мужийнхаа томоохон сонины газрын эзэн Alexander \Sydney Greenstreet\ гэгч руу захиа бичих бөгөөд захиа ийм утгатай: дайнаас дөнгөж эргэж ирсэн улсын баатар Jefferson зул сарын баяраа өнгөрүүлэх газар алга, иймээс та нинжин сэтгэлийн үүднээс манай мужийн хамгийн гайхамшигтай тогооч бас гэрийн эзэгтэй Elizabeth-ын \Barbara Stanwyck\  эдлэн газарт түүнийг урьж, эх орны үнэнч хөвгүүндээ хайр энэрэлээ үзүүлнэ үү гэсэн байв..

Энэ Elizabeth үнэхээр муждаа алдартай хүүхэн ба тогооч, хоолны ном бичигч, нөхөр болон нялх хүүхдийн хамт хөдөө мал аж ахуй эрхлэн амьдардаг жинхэнэ америк гэрийн эзэгтэйгээс гадна муж даяараа түүнээс үлгэрлэх бөгөөд Jefferson эмнэлэгт байхдаа түүний хоолны жорыг уншиж үнэнч фен нь болсоныг ч Mary захиандаа дурджээ.. сонины газрын эзэн Alexander захиаг аваад шууд зөвшөөрнө, учир нь дайны баатар өөрийнх нь сониныг онцолсонд, бас өөрийнх нь сонинд нийтлэлээ бичдэг, сониных нь гол амин сүнс Elizabeth-нд зул сарын баярыг өнгөрүүлнэ гэдэг сониныг нь сурталчилсан асар том сурталчилгаа болоод зогсохгүй нэр төрийн хэрэг болох байв.. ингээд Alexander Elizabeth-д энэ мэдээгээ утсаар хэлэхэд утасны цаана байсан Elizabeth бараг ухаан алдаж унах буюу хүүхний хувьд энэ мэдээ галав юүлэхтэй ижилхэн байлаа.. Elizabeth яагаад айв, үнэндээ хэн бэ гэвэл: тэрээр зүгээр сэргэлэн, асар зальтай хүүхэн агаад өндөгч шарж чаддаггүй энэ хүүхэнд юуных нь нөхөр, хүүхэд, бас ферм байхав, зөвхөн овжин зан, хөөрхөн төрх бие хаа л бий.. тэгвэл яаж тэрээр алдаршив гэвэл авга ах Felix \S.Z. Sakall \ гэгч нь хоолны ном, нийтлэлээс өгсүүлээд сонинд гардаг бүгдийг өмнөөс нь бичиж өгдөг бөгөөд Elizabeth-д мөн хоёр залуу тусалдаг нь нэг нь редактор нь болох Dudley \Robert Shayne\ болон баян, өөрийг нь эргүүлэгч  John \Reginald Gardiner \ нар ба редакторын хувьд хүүхний ашгаас хувь хүртэн гэр бүлээ тэжээх бол John түүнтэй гэрлэхийн төлөө хөлөө хугалахаас ч буцахгүй.. 

Ингэхээр Elizabeth хэрэв баригдал гудманд гарах бол Dudley бас хөлд нь үрэгдэхээр байсан тул хүүхэн Alexander-ын санааг өөрчлөх гээд чадсангүй нэмэрт нь бүр хөдөө байх тансаг гэрт нь Alexander өөрөө очиж зул сар тэмдэглэхээ хэлээд үүний төлөө цалинг чинь нэмнэ гэнэ, өөрөө очих болсон шалтгаан нь энэ Alexander хоолноос нүдээ өгөхөөс буцахгүй идэмхий нэгэн бөлгөө.. хөдөөний сайхан нутагт тансанг байшингүй, мал аж ахуй огт мэдэхгүй, нөхөр, хүүхэдтэй хэзээч байгаагүй ч энэ бүхнийг зохиож, энэ зохиомол ертөнцдөө амьдарч, бас болоогүй үүгээрээ буюу залилангаар хоолоо олж идэгч Elizabeth асар басар ноход болох John, Dudley хоёрын хамт одоо яахуу хэмээн архи ууцгаан бааранд сууна.. бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэгчээр тэд ийм төлөвлөгөө гаргана: John азаар хөдөө сайхан эдлэн газартай ажээ, энэ нь яг Elizabeth-ын зохиосон шиг газар агаад Elizabeth John хоёр эхнэр нөхөр болж жүжиглэхээр болох ба үүнийхээ хариуд харин John хүүхэнд тусалсаны шан болгож жинхэнээсээ тэнд очуутаа хуримлахаар болох бөгөөд үүнээс өөр сонголтгүй хүүхэн зөвшөөрнө, мэдээж тэд тэнд очоод нялх хүүхэд олчихно гэж үзэх бол хоолны асуудлыг Felix-д даатган түүнийг дагуулан явна.. зул сарын өмнөх өдөр Коннектикут мужийн хөдөө нутагт үхэр мөөрөн, шинэхэн орсон цас нүд гялбуулсан дулаахан өглөө Elizabeth, John, Dudley мөн Felix нар гаднаас нь харахад л тав тух, дулаахан нь мэдэгдэх байшинд хүрэлцэн ирэх ба тэдний дотор айдас, сандрал цасан шуурга шиг хуйларна.. John хэдий асар амиа бодогч хүн ч юмыг нарийн тооцдог болохоор ойр хавийн хөрш айлынхаа нялх хүүхдийг гуйж авсан төдийгүй хэрэгтэй бүх зүйлийг бэлдсэн байна.. 

Төд удалгүй Alexander хүрэлцэн ирэх бөгөөд тэр Elizabeth John хоёрыг яг ламаар адислуулан эр эм болох гэж байхад ирэн гэрлэх ёслолыг саатуулах бол манай хэд ламыг нууж амждаг.. Alexander-ыг ирсэнээс хойш төдийл удсангүй гол зочин Jefferson хүрэлцэн ирэх бөгөөд Jefferson Elizabeth-ыг хөгшин хүн гэж бодож байтал залуухан хүүхэн байсанд гайхаж бас шууд л сэтгэл татагдан дурлачих бол Elizabeth ч царай зүс сайтай усан цэрэгт сэтгэлийн жолоо алдана.. энэ үед хүүхэд уйлан Alexander, Jefferson хоёр үлгэр жишээч ээж Elizabeth-ыг хэрхэн хүүхдээ харахыг хүсэхэд авга Felix хүүхдийн талаар огт мэдэхгүй хүүхэнг аврах агаад хоол хийлгэх хүсэлт ирэхэд мөн л Felix түүний авран гардаг.. энэ мэтээр зугтааж, бултан, хуйвалдан бас худал хэлсээр тэр шөнийг өнгөрөөх бөгөөд энэ байшинд ганц л үнэн тогтвортой зүйл байсан нь Jefferson Elizabeth хоёрын дурлалын харц, хайрын сэтгэл байлаа.. харин байдлыг ажигласан John хардаж уурлан бушуухан Elizabeth-тэй гэрлэх явдлыг маргааш өглөөнөөс битүүхэн шамдуулах ба өөрийн усан цэрэг ирсэнээс хойш үл ойшоох болсонд хорсон ийм байвал бүх үнэнийг Alexander-д хэлнэ хэмээн Elizabeth-ыг сүрдүүлнэ.. Jefferson Elizabeth хоёрын нэг л жигтэй байгааг гярхай нүдээрээ мэдсэн Alexander тэднийг барагалж байнга дагаж өө сэв эрнэ.. ийнхүү маш эгзэгтэй үед буюу зул сарын өглөө нялх хүүхдийн ээж хүүхдээ авахаар ирэх бол мөн аман тохироогоор Jefferson-ын сүйт хүүхэн болсон Mary гэнэт байшинд ирсэнээр нөхцөл байдлыг улам ээдрээтэй, хөгжилтэй, заваарсан юм болгож орхино..  

Английн кино найруулагч Peter Godfrey-ын энэхүү ойворгон \романтик комедийн дэд жанр\ комеди шинэ жилийн буюу зул сарын гайхалтай романтик комеди киноны тоонд орж, өдгөө зул сараар байнга үздэг киноны нэг болсон ба  Peter Godfrey зул сарын гял цал хөөрлийг ойворгон жанртай чадварлагаар нэгтгэж чаджээ.. киноны гол дүрд холливуудад 85 кинонд тоглосон америкийн жүжигчин, модел, бүжигчин Barbara Stanwyck тоглосон ба энэ кино тэр чигтээ түүнийх буюу эхлэлээс төгсгөл хүртэл кино түүний нуруун дээр байсан.. холливуудын их найруулагчид болох Cecil B. DeMille, Fritz Lang, Frank Capra нарын хайртай жүжигчин нь Barbara Stanwyck байсан гэдэг.. Barbara Stanwyck жүжигчиний хувьд олон дүрд гайхалтай хувирч чаддаг байснаас гадна тэрээр нэн ялунгуяа эсрэг талын хорон дүрийг төгс гаргадаг байсан агаад түүнийг цаанаасаа л үзэгчийн сэтгэлийг татах увдистай цөөхөн жүжигчдийн нэг гэдэг.. зул сарын өдөр, бөөн цасан дундах байшинд өрнөх хөгтэй, зарим талаараа балай, бас хайрын талаар өгүүлэх энэ кино жинхэнэ баярын кино мөн..

Comments