Стендаль "Улааныхан ба Харынхан"

 


Мари-Хенри-Бейл буюу Стендаль нь бурхан шүтдэггүй, сүм хийдийг үзэн яддаг байсан ба түүний боловсрол өвөөтэйн холбоотой агаад тэрээр өвөөгийнхөө ачаар хүн төрөлхтний мэдлэгтэй танилцаж, Локк, Вольтер болон Дидрогийн нөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвиж байсан байдаг. Францын их зохиолч Стендаль реализмын анхдагчдын нэгээс гадна дүрийнхээ сэтгэлзүйн анализыг хамгийн гайхалтай гаргадаг зохиолчдын нэг хэмээдэг бөгөөд түүний хамгийн чухал бүтээл болох "Улааныхан ба Харынхан" роман нь түүхэн сэтгэлзүйн романд хамаарагддаг.Номд Жульен хэмээх модчины хүү буюу эгэл ардын хүүгийн авъяас чадвараараа, шаргуу хөдөлмөрөөрөө хийгээд ов заль, хоёр нүүрт байдлаараа хэрхэн нийгмийн бүхий л шатыг өгсөн дэвжээд улмаар хайрын хүнд асуудлаас болж үхэж буйг өгүүлдэг. 19-р зууны Францын шинэ сэргэлтийн үеийн нийгмийг Стендаль Жульен дүрээрээ дамжуулан нийгмийн сэтгэлзүйн хувьд бас хувь хүний сэтгэлзүйн хувьд давхар анализ хийхдээ романтик гадаргуутай ч гүндээ шашны хоёр нүүртэй хуурамч чанар, (ер нь үнэн зөв шашин гэж байдаг юмуу? гэж Жульен асуудаг) төрийн нэр барьсан дээрэнгүй ихэмсэг, өнгө мөнгөнд худалдагдсан байдлыг хурцаар егөөдсөн бөгөөд олон судлаачдын үздэгээр цаг үеэсээ түрүүсэн уг роман зөвхөн 19-р зууныг ч биш бүхий л санаа нь 21-р зуунд ч хамаатай байхуйц сэдвүүд уг романд буй билээ.

Номын нэрний "Улаан" нь шашныг харин "Хар" нь төрийг илтгэнэ гэсэн тайлбар бол маш олон тайлбаруудын нэг билээ. Идеалистик хурц чанар хийгээд Наполеоныг санагалзсан носталжик байдлын дундаас Жульен урам зориг, амбицынхаа сэдлийг олох ба ажигч, юмыг хурдан ойлгодог, их хамба юмуу философич болохуйц өгөгдөлтэй Жульен атаархал, бардам зан болон хэтэрхий шударга зангаасаа болж цаг үе, нийгмээсээ нүүр буруулж байгааг бид харах ба тэрээр үхэхдээ ч өөрийн бардам зан, чин шударга байдалдаа хатуу зогсоод энэ авилгажсан, хоёр нүүртэй, бялдууч нийгэмд тийм худал хуурмаг, дүр эсгэхээс залхан амьд явахаасаа татгалздаг.Энэ бол бүхий л хүсэл эрмэзлэл дүүрэн, амбицтай гэхдээ шударга, моралтай залуусын даган дууриах мөн унших ёстой ном болой. Түрүүн хэлсэнчлэн уг романы анхны сэдэв нь хайр; гоё залуу Жульен өөрөөсөө эгч, хүүхэдтэй хотын даргын эхнэр маш сайхан хүүхэнд эхлээд дурлах бол дараа нь язгууртан Матильд хэмээх охинд дурлана. Хотын даргын эхнэр Реналь үзэмж гуа ч хүний юм хүнийх гэгчээр тэд холдох бол Матильдын хайр гал шиг аюултай байсан ч шүд зуугаад тэвчсэнээр хайрын сэтгэлийг нь олох ч жинхэнэ хайр нь нөхөр, хүүхэдтэй Реналь авхайд байгааг манай баатар эцэстээ ойлгоно.

Уг роман бол хайрын талаарх сайн, заавал унших романуудын нэг; романд гарах гурвалжин нь зарим судлаачдын үздэгээр роман тэр чигээрээ гурвалжин бүтэцтэй буюу шашин, язгууртан, энгийн ард хийгээд хайрлагч, хайрлуулагч болон хардагч гэсэн 3 хэсгээс бүрдэх ба дүрүүдийн хайр сэтгэлийн дур тачаалыг дуураймал илэрхийлэмжтэй гэсэн байдаг. Бидний хэн нэгнийг хайрлах сэтгэлд заавал гуравдагч этгээтийн оролцоо байдаг агаад тэр нь чамд юмуу нөгөөхөд чинь заавал нөлөөлсөн байдаг бөгөөд хардалт үүнд хамгийн гол дүр байдаг билээ.Стендаль уг романдаа уран зохиол, яруу найраг болон түүхээс олонтаа ишилсэн байдаг нь эл бүтээлийг улам нөлөөтэй болгодог. Судлаачид Стендалын харилцан яриа болон бүхнийг мэдэгч хүүрнэгчийн дүрслэх аргуудаар дамжуулан дүрийнхээ бодол, мэдрэмж, сэтгэл хийгээд монологийг гайхалтайгаар нэгтгэн гаргасан буюу түүний уран зохиолын бичлэгийн техник нь сэтгэлзүйн романыг үндэслэгч болгодог гэсэн буй.

  ҮНДСЭН СЭДЭВ. Стендаль романыхаа хуудас болгонд 19-р зууны Францын бодит амьдралыг буулгахыг зорьсон. Тэр цагт хүмүүс нийгэмд хүндлэглэж, тодорхой байр суурь эзлэхийн тулд дүр эсгэх юмуу сэтгэл мэдрэмжээ нуудаг байсан нь 21-р зуунд ч хэвээрээ байна. Нийгмийн давхаргуудын хооронд хатуу ялгаа оршин байсан ба баян айлын хүү ядуу, нэр хүндтэй бус айлын охинтой гэрлэх боломжгүй байсан; тиймээс хүмүүс өөр хоорондоо худал ярьж, ашиг харж л бусадтай нааштай харьцдаг байсан нь одоо ч ихээхэн танил дүр зураг юм. Бид өнөөдөр мөнгө, эд баялаг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлдээ автагдсан шиг Стендалын романы ертөнцийнхөн ч өөрцгүй байв. "Улааныхан ба Харынхан" роман хайр дурлалаар гэрэлтдэг. Жульен хотын даргын эхнэрт хайртай болсон нь эргэлзээгүй хориотой хайр юм. Дур хүсэл, чин сэтгэлийн тэмүүллээр дүүрэн энэхүү хайр нь хосуудыг харалган болгодог, тэдний зөвхөн хайрын сэтгэл нь жаргалтай болгодог; жинхэнэ хайр өөрөөр илүү яаж илрэл билээ?. Өөр нэг хайрын түүх байдаг нь Жульен болон Матильд хоёрынх агаад Жульений түүнийг гэх сэтгэл хуурамч, тэр Матильдын эцгээс мөнгө, хөрөнгө, ажил олж авч, өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг босгохын тулд Матильдад хайртай дүр эсгэсэн. Тиймээс Жульений гаргасан бүх сонголт, шийдвэрүүд хайртай холбогдоно. Уг романы бүх дүрүүд жаргалтай, амьдралдаа сэтгэл дүүрэн байхыг хүсдэг; Верьер хотын дарга хотынхоо хамгийн баян, амжилттай хүн байхыг хүсдэг бол түүний эхнэр нийгмийн дээд давхаргад багтахын хүссэн учраас л түүнтэй гэрлэсэн. Жульен Верьер хотыг эгнэгт орхиж, илүү тансаг амьдралаар амьдарч, ур чадвараараа бусдын анхааралд өртөж, үнэлэгдэхийг хүсдэг. Матильд харин Жульентэй хамт жаргалтай амьдрахыг хүссэн Жульенийг бүх сэтгэлээрээ хайрлан, шүтэн бишрэгч байдаг. Дүрүүд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд чадах бүхнээ хийдэг, тэдний хувьд жаргал гэдэг онцгой, өөр өөр утгыг агуулна.

СИМБОЛ БА МОТИФ. "Улааныхан ба Харынхан" романы нэрний хоёр өнгөнүүд нь эсрэгцсэн концептуудыг буюу амьдралын замнал хийгээд сэтгэл хөдлөлийн симболчилдог. "Улаан" өнгө нь гол баатруудын хүсэл, дур, мөрөөдлийг илэрхийлдэг; тэд бүгд амьдрал, улс орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлж, сайн сайхан руу тэмүүлцгээдэг. Мэдээж бүх зүйл тийм амар биш юм; амьдралд саад тотгор, жаргалтай замыг адармаатай болгогч хүчин зүйлсийн илтгэсэн симбол нь "Хар" өнгө болж байна. Мөн түүнчлэн "Хар" өнгө хүний сэтгэлийн харанхуй талын симбол болдог байж болшгүй. Яагаад гэвэл Жульен хайрын оронд мөнгийг, хатагтай Реналь жинхэнэ сэтгэлийн оронд жаргалгүй гэрлэлтийг сонгодог ба харин түүний нөхөр бусдаас дээгүүр байх гэсэн хүсэлдээ автан эхнэртээ хийгээд бусдад үргэлж шударга бус ханддаг. Эл бүтээл романтик уур амьсгал, өнгө аястай тул үйл явдлууд бүхэлдээ тун драматик, гүн гүнзгий, хөгжилтэй өрнөдөг. Романд гарах хайр нь хориотой гэгдэж байгаа ч гал шиг дүрэлздэг учир хайр хүнийг галзуу зүйлс хийлгэхэд хүргэдэгийг харуулжээ. Жульен шоронд орсноор амьдралыг өөрөөр харж эхэлдэг; шорон нь түүнд өөрийн үйлдэл, бодлоо эргэцүүлэн тунгаахад хүргээд зогсохгүй өөрийгөө таньж ойлгох боломжийг олгодог газар болдог. Шорон бол түүний хийсэн үйлийн үр буюу өөртөө хийгээд бусдад чин сэтгэлээсээ хандаж байгаагүй хуурмаг байсных нь төлөөх төлөөс юм.

  МЕТАФОР. Жульений эцэг нэгэнтээ түүнд "бууж ир, гахай минь! Чамтай ярих юм байна!" гэж хэлдэг. Жульен зүгээр суугаад ном уншиж байсан нь эцэгт нь таалагдаагүй нь энэ юм. Тэрээр хүүгээ "гахай " гэж дуудсанаараа хүүгээ залхуу гэж зэмлэж байгаа ба угтаа энэ метафор нь Жульенийг залхуу гэсэн бус харин эцгийнх боловсролгүйг харуулж байна. Өнөөдөр бид ч бас ном уншиж байгаа нэгнээ хийцгүйрлээ гэж зэмлэдэг нь үнэндээ оюуны хөдөлмөрийг огт ойлгож, үнэлдэггүйг харуулдаг. 19-р зууны Францын тосгоны иргэдээ биеийн хүчний ажлын оронд ном унших нь гаж зүйлд тооцогддог байсан. Гэтэл Жульен боловсрол бол хүч чадал, эрх мэдэл гэдгийг ойлгосон байлаа. Мөн Стендаль уг метафороор дамжуулан Жульений эцгийн хүүдээ хандах бүдүүлэг хандлагыг илэрхийлэхийг зорьсон ба үүнээс Жульен яаж гэр бүлээ үздэггүйг ойлгож болно. Хатагтай Реналь чинээлэг гэр бүлээс гаралтай боловч тийм ч ухаалаг, боловсролтой нэгэн биш юм. Хотын даргын эхнэр болсноор түүнд боловсролтой байх тийм ч чухал биш болсон; Стендаль "түүний боловсрол гунигаар төлөвшсөн" гэж бичсэн байдаг. Мөнгө сэтгэлийн тодорхой хугацаанд дүүргэж болох ч уртдаа гүн гүнзгий хоосролд унагадаг; боловсролтой болон жинхэнэ хайр л хүний сэтгэлийг урт хугацаанд хангалуун байлгах боломжтой зүйлс юм. Тэр цагт өндөр мэдлэгтэй, оюунлаг хүмүүс ховор байсан, Стендаль тухайн үеийн дээд давхаргынхны дунд боловсрол тийм ч түгээмэл байгаагүйг, мөн баян хүн бүр оюунлаг байдаггүйг харуулахыг зорьсон. Өнөөдрийн "Улааныхан ба Цэнхэрийнхэн" болсон Монгол орон танд санагдахгүй байна гэж үү? 

Comments