Wagon Master (1950). Америкийн домогт кино найруулагч John Ford-н найруулж, продюсерлэсэн Вестерн жанрын кино. Уг Вестерн-д Мормончуудын анхдагчид вагон тэргээр олон бэрх даваа, адал явдлыг туулан Ютагийн Сан Хуан мөрөнд хүрч байгаа аяллыг өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд; Ben Johnson, Harry Carey Jr, Joanne Dru, Ward Bond нарын харьцангуй олонд танигдаагүй жүжигчид тоглосон. Уг кино нь 1957-1965 он хүртэл Америкийн телевизээр гарсан "Wagon Train" цувралд үлэмж нөлөөлсөн байдаг бол Ward Bond сайхь цувралд нас барах хүртлээ тоглосон байдаг. "Wagon Master" бол найруулагч John Ford-н өөрийнх нь хийсэн олон кинонууд дундаас хайртай кино нь байсан ба 1967 онд найруулагч Peter Bogdanovich-д "The Fugitive", "The Sun Shines Bright" хоёр бүтээлийнхээ хамтаар уг киногоо өөрийнхөө хүрэхийг хүссэн зүйлдээ хамгийн дөхөж очиж чадсан тийм бүтээлүүд гэж хэлсэн байдаг.
Уг кино нээлтээ хийгээд үзэгчид хийгээд шүүмжлэгчдэд "тоогдоогүй" боловч жилээс жилд алдаршиж, өдгөө Ford-н хамгийн шилдэг киноны тоонд орох болсон. Ford өөрийнхөө хөнддөг гол сэдвүүдийн нэг болох нийгмийн төрөлтийг хөдөлгөөнт гоёмсог зүйрлэсэн зураглалаар дамжуулан илэрхийлдэг. Вестерн ландшафт нь итгэл найдвар, эрх чөлөөг бодитой бэлгэдсэн нь тун ховор байдаг ба энэ бол эгэл, даруухан хэрнээ Америкийн хамгийн уран яруу, маргаангүй шедевр Вестерн жанрын киноны нэг юм. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 481-р байрт эрэмбэлээд байна. Эл бүтээлийг Argosy Pictures продакшн хийсэн буюу Argosy Pictures компани нь Ford болон Merian C. Cooper хоёрын үүсгэн байгуулсан продакшн компани юм. Томоохон кино студидтэй хамтран хийсэн өөрийнхөө кинонуудыг хянах үүднээс Ford тус компаниа байгуулсан.
1946-1953 оны хооронд Ford. Cooper нар тус продакшн компаниаараа дамжуулан 8 кино бүтээснээс "Wagon Master" тавдахь кино нь байлаа. Ford 1949 онд гарсан "She Wore a Yellow Ribbon" киногоо Ютад хийж байхдаа уг киноныхоо санааг бодож олжээ. Кино зохиолч, найруулагчийн маань хүү Patrick Ford Мормончуудын экспедицийн түүхийг нутгийн Мормон морьтноос сонссон нь бас нөлөөлсөн гэдэг бөгөөд найруулагч Ford түүхэн экспедиц дээрээс үндэслэн зохиолоо боловсруулж эхэлсэн. Тэрээр түүхэн үйл явдлаас сэдэвлэн киногоо зохиох нь ховор явдал байв, тэртээ 1930 онд "Men Without Women" кинондоо л бодит түүхийг ашигласан байлаа. Ингээд тэрээр хүүдээ болон Frank S. Nugent хоёрт кино зохиол бичих даалгавар өгсөн. Гэхдээ дадаж заншсанаараа Ford киногоо найруулж байхдаа зохиолд чөлөөтэй гар хүрч өөрчилж байв. Ford өмнөх жил нь "She Wore a Yellow Ribbon" киноныхоо зураг авалтыг Ютагийн "Monument Valley" гэдэг газарт авсан байдаг, мөн "My Darling Clementine", "Stagecoach" гэсэн шилдэг бүтээлүүдээ ойролцоох газар нутагт авч байсан учир дараагийнхаа киног өөр төрх байдалтай харагдуулахыг хүсэн Ютагийн Моаб гэдэг газарт зураг авалт хийжээ.
Тэрээр зураглаачаар Bert Glennon-г сонгосон; тэд өмнө нь 5 нь ч кино хийснээс "Stagecoach" нь Оскарт нэр дэвшиж байсан. Мөн Ford киногоо зориуд хар-цагаанаар хийжээ. Судлаачид Bert Glennon-н зураглаачийн ажлыг ид шидийн гэмээр, кадр кадраар нь авч үзсэн ч хамгийн үзэсгэлэнтэй зураглалтай кинонуудын тоонд орно гэсэн байдаг. Энд хүрээд киноны үйл явдлыг товчхон хүргэчихээд цаашилцгаая. Увайгүй, харгис Clegg өөр шигээ өсгөсөн дөрвөн хүү болоод үеэл дүүгийнхээ хамт дэлгүүр дээрэмдэж байгаад гартаа буудуулна. Clegg-н бүлэглэл зэрлэг, хэрцгийгээрээ зартай, хэдийнээ эрэн сурвалжлагдаж байгаа агаад нэг үгээр тэд бол замын дээрэмчид юм. Travis, Sandy хоёр залуухан боловч туршлагатай морины наймаачид төдийгүй гарамгай хөтөчид. Тэд Навахогоос Кристал Ситид ачаагаа буцаан авчирчихаад мөрийтэй тоглон амарч байна. Мормон шашинтнуудын ахлагч Wiggs вагон тэрэгтэй ахан дүүс, анд нөхдөө өвлийн бороо орохоос өмнө Ютагийн зүүн өмнөд хэсэгт орших Сан Хуан мөрний эрэгт удирдан амжиж очихоор яарч сандран байна. Мормончууд Сан Хуан мөрөнг итгэл найдварын газар гэж харах агаад тэд ачиж яваа үр тариагаа зорьсон газартаа суулгаж чадвал дараагийн хавар гэхэд тэдний араас их нүүдэл ирэх нь гарцаагүй гэж төлөвлөнө.
Wiggs морины наймачдад хөтчийн ажил санал тавихад эхлээд залуус татгалздаг ч хангалтгүй амарч, бас зүгээр сууж чаддаггүй зантай тул Мормончуудын вагон цувааг хөтлөн аюулт цөлөөр дагуулан явахаар болно. Цувааны анхны учрагсад хоёр хүүхэн, нэг ахимаг эрээс бүрдсэн явуулын жүжигчид байв. Жүжигчид золтой л цөлд хатаж үхэх гэж байхад нь авардаг. Travis, Sandy хоёр жүжигчин Denver гэх хүүхэнд нүд унагахгүй яахав. Жүжигчид тэдэнтэй нэгдэнэ. Зам хэцүү ч урагшилсаар л байлаа. Чанд шүтлэгтэнгүүд, ковбойчууд, хөгжилтэй жүжигчид гээд аяллын цуваа олон өнгөтэй болсон ч өөр хоорондоо эв нэгдэлтэй байлаа. Устай газарт ирсний баяр тэмдэглэж тэд бүжиглэж, дуулж байтал гэнэт харанхуйгаас Clegg хөвгүүдтэйгээ гараад ирэв. Clegg мориноос унаж бэртсэн гэж худлаа хэлэн тусламж гуйна. Clegg ба түүний нөхөд гаднаа эелдэг хандаж байгаа ч боломж л гарваас ар нуруу нь хутга шаахыг мэдсэн вагон тэргийнхэн сэрэмжтэй байж туслахаас өөр замгүйг ойлгоно.
Хөтөч залуус илүүтэй сэрэмжтэй байж, бусдыгаа ч охид, хүүхдүүдтэйгээ ойрхох байхыг зааварлана. Ингээд олон өнгат цуваанд маань дээрэмчид нэгдэнэ. Тэдний удаах учрагсад Навахогийн уугуул индианчууд байна. Индианчууд эхлээд дайсагнах аястай байсан ч тэднийг Мормончууд болохыг олж мэдээд хуарандаа урин ёслолын бүжиг хамт хийхийг хүсдэг. Тэд зочлох ба аймшигтай нь, Clegg-н нэг хүү индианчуудын нэг охиныг хүчиндэж байгаад баригддаг. Ухаалаг Wiggs алаан хядаан гаргахгүйн төлөө Clegg-н бусармаг хүүг нэвширтэл нь ташуурдаж аль аль талынханд дундыг барина. Харин хүүгээ зодуулсан Clegg дотроо өш санаж үлддэг. Travis, Sandy хоёр ингэж удаан явбал мөд Clegg-н гарт үхэхээ мэдээд боломжтой үе ирвэл өрсөж довтлохоор бэлтгэж эхэлдэг. Энэ бол маш аюултай амь өрссөн хэрэг байв. Тэд яг таг л хөдөлж Clegg-н хөвгүүдийг нэг амьсгаагаар хөнөөхгүй бол өөрсдөө үхээд зогсохгүй Мормончуудыг ч үхэлд хүргэж, Сан Хуан мөрөнд үр тариа тарьж чадахгүй болж, том зорилго бүтэлгүйтэх эрсдэлтэй байв. Ингээд хүлээсэн мөч ирэв, хөтөчид Wiggs-тэй хамтран нэгэн зэрэг хөдлөн Clegg-г, бас түүний зэрлэг хөвгүүдийг бүгдийг нь хөнөөж чаддаг. Мормончуудын анхдагчид ургацаа авах нь тодорхой болж, харин хөтөчид маань шагнагдах нь мэдээж болсноор кино маань кино төгсдөг.
Кино шүүмжлэгч Tag Gallagher "John Ford: the man and his films" номондоо уг киног "Ford-н томоохон бүтээлүүдийн нэг болох энэхүү кинонд морьтонгууд гуравны нэгийг эзэлж байгаад гайхах хэрэггүй юм. Энэ бол ямар ч одгүй, авсаархан түүхтэй, багасгасан драм буюу найруулагчийн хувийн төсөл юм. Бараг бүх кадрт хүнлэг сэтгэл, байгаль эх, кино урлаг шингэсэн байгаа нь Roberto Rossellini-н "Voyage in Italy" кино шиг" гэж бичжээ. 2009 онд киноны DVD гарснаас хойш кинотой холбоотой шүүмж нийтлэл маш их гарах болжээ. Орчин үеийн ихэнх шүүмжлэгчид "Wagon Master" бол кино урлагийн томоохон шедеврт дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх болсон. Dennis Lim уг киног Ford-н чухал сэдэв болох нийгэмлэг бий болж байгааг хамгийн тод бас бүрэн илэрхийлсэн кино гэжээ. Энэ кинонд Henry Fonda, John Wayne нар шиг том од байхгүйн дээр гол дүр, онцолчих дүр ч байхгүй, харин киноны гол дүр нь хамтач байх, нийт нийгэмлэг өөрөө болж байна.
Шүүмжлэгч Richard Jameson: "Энэ магадгүй Ford-н хамгийн шилдэг кино байх? Маш олон нэр дэвших кино байгаа учраас бидэнд ингэж байх шаардлага алга. Гэхдээ энэ бол хамгийн шижир нь. Өөр хэн ч энэ киног хийж чадахгүй бас хийх гэж оролдохгүй байсан" гэжээ. Шүүмжлэгч Jeremy Arnold: "Энэ бол урьд хожид хийгдэж байсан хамгийн яруу найраглаг өгүүлэмжтэй киноны нэг юм" гэсэн буй. "Wagon Master" нь Мормончуудын анхдагчдын амьдралын хэв маягийг онцлон үзүүлэхдээ байгалийг төгс байдлаар киноны нэг хэсэг болгодог билээ. Киноны үндсэн төвлөрөл байгаль ба байгальтай харьцах хүмүүний нийгэмлэг бол үйл явдал кинонд хоёрдугаар зэргийн үүрэгтэй юм, тиймээс ч киноны үйл явдал дэндүү жижигхэн байдаг. Linda Rasmussen: "Энэхүү гайхамшигтай кино нь эв нэгдэл, золиослол, хүлцэнгүй тэвчээртэй байдлын сайн чанарыг онцолж, найруулагч Ford дүрслэлийн зохиомжийн өргөн хүрээнээс жүжигчдийг сонгох хүртэл бүхий л продакшныг гарамгай хяндаг мастер болохыг харуулдаг" гэсэн буй. Жүжигчдийн ур чадвар, мэдрэмжтэй хошигнол, бишрэм сцэнүүдээрээ эл бүтээл нь Америкийн Вестерн киноны дээд жишээ болж байна.
Comments
Post a Comment