Залуу хүний эрэлхэг зориг, хүсэл тэмүүлэл нь хэрвээ хангалттай туршлагагүйн дээр гэнэн хөөрүү байваас мухар сохроор даган шүтсэн, зэрлэг фанатик болж болох аюултайг Гамелины дүрээс харж болно. Нийгэм, тухайн цаг үеийн оюун санааны нөхцөл байдал хэт нэг талдаа тэнцвэргүй байх аваас залуу хүн утсан хүүхэлдэй болох буюу зүрх сэтгэлгүй, хүйтэн хуулийн нударга болсон хэт фанатик араатан болох аюултайг мөн энэ дүрээс харж болно.
Нэг үгээр залуу хүн хөөрүү, омголон, алсыг харах чадваргүй байдал нь фанатик болох бэлэн суурь хөрс болдог ба ингэж "сохорсон" фанатик өөрийгөө сүйтгэхийн сацуу гэр бүл, ойр дотныхноо ч баллаж дуусдаг жамтайг тэмдэглүүштэй.Мэдлэггүй сайхан сэтгэл аюултай, хүн чанаргүй хууль сүйрэл болохыг Гамелинаас харж болох мэт. Харин Гамелины сэтгэлт хүүхэн Эдоли бүхий л дэвэргэн, тогтворгүй эмэгтэйчүүдийн хоёрдмол зан араншинг буюу Анатоль Франсынхаар бол дурламтгай зүрхтэнг төлөөлнө. Энэ нь хайр дурлалдаа үнэнч бус, эр эмийн ажлыг урьтал болгодог хүүхнүүдийн дүрслэл агаад Эдоли бол эмэгтэйчүүдийн нууцлаг сүүдрийн тусгал болсон дүр гэж хэлж болно. Францын бичгийн их хүн Анатоль Франсын "Ундаассан Бурхад" романд дээр бичсэн бүхэн гардаг; романд Францын хувьсгалын үйл явдыг тодорхой өгүүлдэг.Гамелины зураачийн мэргэжил нь номын үндсэн сэдвийн тусгал болдог буюу түүний шилдэг ажилдаа дүрсэлсэн Орестес болон Электра нарын зураг нь өөрийнх нь хөрөгтэй төстэй; Гамелин Орестес шиг гэр бүлийнхнээ хөнөөх чадвартай байдаг бол Элоди эхлээд түүний өршөөл энэрэлд нь, дараа нь харгис байдалд нь татагдан дурлаж байгаад хожим үхсэнийх нь дараа огт хайхарч дурсдаггүй нь Электратай мөн чанар ижил болохыг харна.
Мөн Элоди нь Франц улсыг илэрхийлдэг ажээ. Мөн уг романд сексийн олон төрлийн харилцааг хөндсөн байдаг.Нобелийн уран зохиолын шагналт Франс хүүхэд байхаасаа л номонд дурлагч нэгэн байсан агаад эцэг нь номын дэлгүүр ажиллуулдаг байсан нь Францын хувьсгалын тухай номуудаараа алдартай дэлгүүр байжээ. Тэднийхээр алдартай зохиолчид, эрдэмтэд үйлчлүүлдэг байсан нь бяцхан хүүд нөлөөлсөн гэдэг. 1869 онд тэрээр яруу найргийн "Le Parnasse Contemporain" бүтээлээ хэвлүүлсэн бол "Le Crime De Sylvestre Bonnard" бүтээл нь түүнийг алдаршуулсан юм.Түүний анхны эхнэр нь алдартай миниатюрист Жан-Урбайн Герений охин Валери Герен де Сувилл юм. Франсыг нас барсны дараа, түүний үлдээсэн өв руу нацистуудтай хамтарсан нутаг нэгтнүүд нь дайрч эхэллээ байдаг, учир нь Франс нь социалист хүн байсан; нэрт зохиолч Жорж Орвелл түүнийг хамгаалж байжээ. Марсел Пруст "Алдагдсан цагийн эрэлд" романыхаа хүүрнэгчийг Франсаас загварчлан бүтээсэн гэж үздэг ажээ.
ҮНДСЭН САНАА. Эх оронч үзэл бол "Ундаассан Бурхад" романы үндсэн сэдвүүдийн нэг юм. Эхнээсээ төгсгөл хүртэл Гамелин шиг хүмүүс эх орныхоо төлөө өөрийгөө төдийгүй хайртай дотно хүмүүсээ хүртэл золиослоход бэлэн байдаг аж. Хүмүүст учруулж буй бүхий л шийтгэл, аллага, зовлонгууд бол эх орондоо үнэнч байх гэсэн Гамелин шиг хүмүүсийн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй бөгөөд Гамелин эх орноо хамгаалахын төлөө дотно найзуудаа, эцэст нь бүр өөрийгөө ч үхэл рүү илгээдэг. Хайр дурлал бол романы удаах чухал сэдэв ба дүр болгон хайрын сэтгэлдээ хөтлөгдөн үйлддэг хэдий ч тэдний хайранд хандах сэтгэл ялгаатай байдаг. Банкир, дамлагчид гэх мэт зарим дүрүүд мөнгө, эд баялаг, бусдад гайхуулах хүсэлдээ хөтлөгдөн үйлдэх тохиолдлууд ч мөн бий. Ийм хүмүүс дур хүслээ хангахын тулд илүү их мөнгөтэй болох гэж баригдаж, уаазлуулахад ч бэлэн байдаг. Элоди, Десмахис нарын хувьд тэдний үйлдлэл бусад хүмүүс рүү чиглэсэн сэтгэлээр жолоологддог; Элоди Гамелиныг өөрт нь хайраа илчлүүлэхийг оролддог бол Гамелиныг нас барсны дараа Десмахис Элоди-г өөртөө хайртай болгох гэж зүтгэдэг. Романы зарим дүрүүдийг өөр нэгэн төрлийн хайр жигүүрлүүлдэг; Гамелин нь Марат, Робеспьер нар шиг эх орноо хайрлах хайраар жигүүрлэхийг хүсдэг.
Эх орондоо үйлчлэх хүсэл нь даанч хүчтэй байсан тул Гамелин Элодид өгсөн хайраасаа ч татгалзана. Харин Маратын ард түмэндээ өгч буй хайр нь түүнийг ядуу амьдрахад хүргэж, эцэстээ шөнө дунд амиа алдахад хүргэнэ. Шударга ёсыг тогтоох хүсэл Гамелиныг хөтөлдөг; ард түмэн, улс үндэстэнээ хамгаалах гэсэн түүний хүсэл асар хүчтэй учир тэр санал хураалтад оролцоогүй хүмүүсийг торгож, дамлагчдыг цаазлах санал дэвшүүлдэг. Хүмүүс нэгэн ламын хэтэвч хулгайлсан хэмээн буруутгахад Гамелин ламыг хамгаалдаг, учир нь тэр ламыг буруугүйг мэдэж байсан тул шударга ёсыг эрхэмлэх хүсэлдээ хөтлөгдөн ламд туслахгүй байж чадаагүй юм. Гамелин өөрт оногдсон ажил үүргийг цалин мөнгөний төлөө бус харин хүмүүс зөв үйлдэж байна уу, Бүгд Найрамдах Улсад хор хөнөөлтэй байна уу гэсэн шударга ёсыг чухалчлан авч үздэг. Түүнд шударга ёс л нэн тэргүүнд болохоор найз нөхдөө шийтгэж, үүнийгээ ч зөв зүйл хийж байна гэж үздэг. Романы төгсгөл тэрээр хулчгар хүн шиг нуугдах нь зөв биш гэж үзээд өөрийгөө барьж өгдөг бөгөөд ингээд тэрээр цаазлуулдаг; Гамелин өөрийнхөө үхлийг ч шударга ёсонд нийцсэн хэрэг гэж итгэдэг.
СИМБОЛ, МОТИФ. "Ундаассан Бурхад" романы дүрүүд нь өөрсдөө голлох симбол болдог учир уг бүтээлийг ёгт үлгэр гэж үзэх нь бий. Жишээлбэл, Гамелин бол Францын хувьсгалын симбол болдог ба тэр анхандаа идеализмын галыг тээж байдаг ч удалгүй хэт туйлширсан, фанатик байдлын галдаа шатаж дуусдаг. Гамелин бол хамгийн сайхан сэтгэл ч туйлширахаараа гажуудан бурууддаг болохын симбол юм. Элодигийн овгийг Блез гэдэг; энэ нь залхам, уйтгартай гэсэн утгатай үг бөгөөд Франс энэ нэрийг зориуд сонгосон болох; учир нь Элоди эргэн тойрондоо өрнөж буй эмх замбараагүй бүхэнд хайхрамжгүй, сонирхолгүй ханддаг. Элодид тодорхой идеологи байхгүй, идеологийн салхи хаашаа эргэнэ тийшээ хийсэхэд бэлэн байдгаараа Францын ард түмнийг төлөөлсөн ёгтлолт симболик дүр юм.
Романы үйл явдалд бодитоор оролцдоггүй дүр ч гэсэн симбол болон ашиглагддаг; Гамелин хувьсгалч болохоор өмнө зураач байсан, түүний хамгийн онцлох бүтээл нь Эртний Грекийн жүжгийн баатар Орестес буюу Еврипидийн жүжигт гардаг Орестес юм. Франсын уг роман шиг Орестесийн түүхэнд ч улс төрийн ёс бус тохиролцоонууд, мөн ёс суртахууны доройтолд орсон баатарлаг идеализмаас үүссэн галзуурал гэсэн сэдвүүд гардаг аж. Хувьсгалын тухай үзэл бодол, хандлага нь Францын иргэдийн үзэл бодол өөрчлөгдөхийн хэрээр даган хувьсдаг. Хувьсгалын тухай хамгийн урт удаан, өргөн хүрээтэйгээр хүмүүсийн дунд яригдаж ирсэн яриа бол хувьсгал эхэндээ сэтгэл догдлуулж, урам зориг төрүүлдэг ч хэт удаан үргэлжлээд ирэхээрээ эцэстээ уйтгартай залхмаар зүйл болдог ажээ.

Comments
Post a Comment