The Conformist (1970). Италийн нэрт кино найруулагч Bernardo Bertolucci-н улс төрийн драм. Зохиолч Alberto Moravia-н 1951 онд хэвлэгдсэн романаас сэдэвлэн Bertolucci киноныхоо зохиолыг бичжээ. Киноны үйл явдал 1930-аад оны Италид өрнөх бөгөөд Парист амьдардаг, анти-фашист, хуучин баншийгаа алах тушаал авсан фашист намын дунд шатны албан тушаалтны тухай уг кинонд өгүүлдэг. Гэтэл түүний даалгавар багшийнхаа залуухан эхнэрт дурласнаар улам түвэгтэй болдог. Киноны гол дүрүүдэд; Jean-Louis Trintignant, Stefania Sandrelli, Gastone Moschin, Enzo Tarascio, Dominique Sandra, Fosco Giachetti нар тоглосон. Итали, Франц, Баруун Германы компаниудын хамтарсан бүтээл болох "The Conformist" нь Берлиний олон улсын наадмаар нээлтээ хийж критикүүдээс өндөр үнэлгээ авч, 1970 оны шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдсэн байдаг. Оскарын наадамд шилдэг кино зохиол хөрвүүлэлт төрөлд нэр дэвшиж байсан ба зураглаач Vittorio Storaro-н ажлыг өндрөөр үнэлж, түүнийг олон улсад алдаршуулжээ. Өнөөдөр уг киноны уран сайхны чанар болон улс төрийн агуулгыг онцлох болжээ.
Уг кино нь Francis Ford Coppola-н "The Godfather" трилоги гэх мэт хожмын уран бүтээлчдэд үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд багтаах болжээ. Фашизм ба гоо зүйн тайлбар болсон Bertolucci-н "The Conformist" кино нь сүрлэг дүрслэл, тансаг зураглалаараа гайхагддаг; Moravia-н улс төрийн баримтлал болон бие хүний ичгүүрийн дундах холбоосыг гүн гүнзгий судалсан зохиолоор Bertolucci бороотой үдшийн хот, нил ягаан шөнө зэрэг урьд хожид байгаагүй хараа булаам мизансцэнүүдийг бүтээсэн байдаг. Ил болон далд өгүүлэмжээс гадна энэхүү кинонд камерын гоёмсог хөдөлгөөн, нүд унагам өнгөлөг зохиомж, загварлаг дэгжин байдал, сэтгэлд хоногшим атмосферик шинжүүд нийлэн төгөлдөрждөг. Жүжигчид нь бараг л загвар өмсөгчид шиг харагддаг. Storaro-н камер гудамж, өрөө тасалгаа болгоныг барокко хэв маягийн тансаг орчин болгон хувиргадаг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 87-р байрт жагсаагаад байна.
"The Conformist" кино нь конфоризм ба фашизмын психологийн талаарх судалгаа болсон гэдэг; гол баатар Clerici бол оюунлаг, буржуа гаралтай албан тушаалтан боловч "хэвийн байх" тухайн үеийнхээ нийгэм-улс төрийн давамгайлсан бүлэгт харъяалагдах гэсэн хүчтэй хүслийнхээ улмаас хүнлэг шинжээ алдсан нэгэн юм. Clerici язгууртан гэр бүлд, асуудалтай гэр бүлд өссөн бөгөөд хүүхэд ахуйдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөр трауматай болсоноос гадна олон жил өөрийг нь хүчирхийлсэн эрийг өөрийн гараар буудаж алсан гэж итгэж явсан нь мөн сэтгэлийг нь мэрсээр ирсэн байдаг. Trintignant-н бүтээсэн дүр бол "хэвийн амьдрал" цогцлоохын төлөө өөрийн үнэт зүйлсээ золиослоход бэлэн байдаг хүн юм. Улс төрийн философич Takis Fotopoulos-н хэлснээр, нийгэм болон улс төрийн түвшинд бусдад захирагдан зохицож, "хэвийн байх" гэсэн психологийн хэрэгцээг энэхүү кино хийгээд зохиолч Eugene Ionesco-н "Rhinoceros" жүжигт хамгийн сайн дүрсэлсэн гэжээ. 1992 онд гарсан "Vision of Light" баримтат кинонд "The Conformist"-ийн дүрслэлийг урлагийн сор бүтээл гэж үнэлсэн. Зураглаач Vittorio Storaro өнгөний баялаг шийдэл, 1930-аад оны жинхэнэ хувцас хэрэгсэл, камерын урссан хөдөлгөөн хийгээд камерын ер бусын цуврал өнцөгүүд ашигласан нь уг бүтээлийг гайхамшигтай дүрслэлтэй болгож байна.
Критикч Robin Buss эл киноны зураглалын шийдэл нь Clerici-н "хэвийн байх" бодит байдлыг хүлээн авч чадахгүй байгааг илэрхийлдэг агаад цаг үеийн бодит байдал нь өөрөө "гажууд" байсныг харуулдаг гэж бичжээ. Мөн түүнчлэн Bertolucci-н найруулгын хэв маягт экспрессионизм болон фашист киноны эстетикийн элементүүдийг нэгтгэсэн байдаг ба уг киноны хэв маягийг Leni Rienfenstahl-н "Triumph of the Will" болоод Fritz Lang-н "Metropolis" кинонуудтай харьцуулдаг. Кино урлаг болон архитектурын харилцан хамаарлыг судалдаг Interior сэтгүүл киноны Palazzo dei Congressi-д өрнөдөг сцэнд орон зайг хэрхэн ашигласан тухай нийтлэл гарсан; мөн сэтгүүлийн тус дугаарт кинонд архитектурын ашигласан байдлыг онцолж, "The Conformist"-ийг ойлгохын тулд Ром хотын EUR дүүргийн түүх, үүний фашизмтай холбогдсон гүн гүнзгий хамаарлыг ойлгох нь чухал гэж бичжээ. Критикч Vincent Canby Bertolucci-н кино зохиол, найруулгыг магтсан; "Bertolucci дундаж давхаргын, бараг уламжлалт хэв маягтай кино бүтээсэн нь Нью-Йорк кино наадмын гайхалтай гэнэтийн бэлгүүдийн нэг боллоо. Энэ нь найруулагчийн кино урлах хэв маягаас ч тод харагддаг; түүний хэв маяг тун баялаг, яруу найраглаг, барокко маягийн тансаг учраас зөвхөн илэрхийлж байгаагаар нь хязгаарлах боломжгүй" хэмээгээд жүжигчдийн бүрэлдэхүүнийг, тэр дундаа Trintignant-г онцлон магтжээ.
Критикч Pauline Kael уг киног сүрлэг сэтгэл хөдлөлийн хүчтэй мэдрэмж төрүүлсэн кино гэжээ. Variety сэтгүүл торгон мэдрэмж далд нуугдсан хүч, сэтгэлд хоногшим чанарыг үнэлж чаддаг хүмүүсийн хувьд энэ бол жинхэнэ үнэт эрдэнэ гэж бичсэн буй. Критикч Gene Siskel: "Түүх хүүрнэхээсээ илүү харагдах байдлыг чухалчилсан кино" гэж тодорхойлсон ба мөн тэрээр Bertolucci-н тухайн эринийг бишрэмээр сэргээн бүтээсэн дүрслэлд киноных нь гол агуулга, сэдэв нь бараг дарагдаж үгүй болсон буюу хувцас загвар, интерьерийн санаа хайж байгаа хүнд бол тохирох бүтээл гэж сөргөөр шүүмжилжээ. Критикч Kevin Thomas: "Энэ кино нь залуухан Bertolucci-г Италийн найруулагчдын тэргүүн эгнээнд төдийгүй дэлхийн шилдэгүүдийн дунд оруулж ирлээ" гэсэн бөгөөд мөн тэрээр Bertolucci нүд гялбам бүтээлдээ Fellini-н бахдам хэв маяг болон Visconti-н түүхэн үеийг онцгой мэдрэх мэдрэмжийг хослууллаа гэж сайшаажээ. Критикч Gary Arnold "The Conformist"-ийг ер бусын үзэсгэлэнтэй, гайхамшигтай кино гэж тодорхойлсон боловч утга агуулгыг нь задлан шинжилж үзвэл тийм гүн гүнзгий биш гэжээ. Зарим критикүүд киноны сул тал яг киноны өгүүлэмжийн өнгөцхөн шинжид байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг; киноны драматик материал сонирхолтой ч хангалттай хөгжүүлээгүй, нэг үгээр, холбоотой юмуу тайлбарласан сцэнүүд үгүйлэгддэг.
Критикч Jan Dawson: "Moravia-н романыг дэлгэцнээ хөрвүүлэхдээ Bertolucci аливаа тайлбар эсхүл сэдэл шалтгааны анализ, мөн Clerici-н Lino-той анх учрахаас өмнөх амьдралын талаарх мэдээллийг хассан; цэвэр психологийн үүднээс авч үзвэл,эдгээр өөрчлөлтийн үр дүнд Clerici-н түүх нь Freud-н онолын классик жишээ болон хураангуйлагддаг". Критикч James Berardinelli: "Bertolucci, Storaro хоёр энэхүү кинондоо гэрэл ба сүүдэр ашиглан гоёмсог дүрслэлтэй шедевр бүтээсэн нь кино урлагт урьд хожид үзэгдээгүй дүрслэлтэй кино болжээ. Энэ бол зүгээр нэг гэрэл зураг бус, энэ бол хүчирхэг, үзэсгэлэнтэй үр нөлөөтэй урлагийн бүтээл юм". Критикч John Patterson эл киног экспрессионист шедевр хэмээгээд Шинэ Холливууд хөдөлгөөний найруулагчдад урам зориг өгсөн, Холливуудын шинэ төрлийн кино загварын сэдэл болсон кино гэж бичжээ. Clerici-н дотоод зөрчлийн гол зүрхэнд улс төр болон сексийн амьдралын хооронд зэрэгцээ байдал оршдог; энэ нь Bertolucci-н дараагийн бүтээл болох "Last Tango in Paris" киноноос Францын Шинэ Давалгаа хөдөлгөөнд зориулсан "The Dreamers" кино хүртэл үргэлжлүүлэн хөндсөн сэдэв аж. "The Conformist" киноны гол баатар Clerici нь өөрийгөө бүрэн таньж чадаагүй, тодорхойгүй зан төрхтэй бөгөөд хүүхэд ахуй насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болж бусдаас ялгарахыг хүсдэггүй, сүргийн нэг хэсэг байх мэдрэмжтэй болсон нь үнэндээ системийн үр дагавар ч байж мэдэх юм.
Дунд эргэм насны Ромд хангалуун амьдардаг түүний ээж нь мансууралах бодисын хамааралтай бол аав нь галзуугийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч. Фашист засгийн газарт ажиллах хэрэгцээгээр, мөн гэнэн, үнэнч Giulia-тай гэрлэснээр Clerici өөрийнхөө гүн гүнзгий зөрчил, цөхрөлөө далдалдаг. Парист өнгөрүүлэх бал сарын аялал нь хуучин багш нь байсан, одоо анти-фашист Quadri-г хөнөөх нууц даалгавар болон хувирахад Clerici багшийнхаа эхнэр Anna-тай санамсаргүй романс үүсгэснээр төрийн даалгавараа биелүүлэх үү, хүнлэг сэтгэл гаргах уу, гэсэн сонголтын өмнө ирнэ. Жүжигчин Trintignant дүрийнхээ хүлцэнгүй байдлыг тун нарийн, заримдаа бухимдмаар тод бүтээсэн бөгөөд хааяа түүнийг өрөвдөх сэтгэл төрөх ч жигшүүртэй шийдвэр гаргасных нь араас өнөөх симпати оргүй арилдаг. Анхандаа зорилготой, сэрэмжтэй мэт санагдах түүний үйлдлүүд дээд тушаалтны хүсэлтийн дараа номхон, бүрэн дуулгавартай, бөгс долоогч шиг болж хувирдаг; үүрэг, тушаал ахих хүсэл, байлдан дагуулалт бол Clerici-н эрхэмлэдэг үнэт зүйлс хэдий ч тэр улс төрийн үр дагаварт гүн рүү аюултайгаар алхан орж байхад түүний эхнэр Giulia юу ч мэдэхгүй мулгуу байдлаараа өөрийн жинхэнэ төрх шинжийг харуулж байдаг. Хайр, өөрийгөө хамгаалах зөн совины нэгдэл үү, эсхүл ердөө л тэнэг болохоор тэр үү, Giulia ямартай ч нөхрийгөө ажил хэргийн талаар хэзээ ч асуудаггүй. Anna-н тачаангуй, тоглоом шоглоомтой өдөлтийг дотроо нууцхан таашааж байсан ч Giulia няцааж, ер нь даруухан зорилготой, төгс гэмээр жирийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.
Нэг талаараа Giulia Clerici-н үзэн яддаг бүхнийг агуулсан хүн боловч нөгөө талаараа Clerici-н хүсэмжилдэг ч хүрч чаддаггүй ухааны илэрхийлэл юм. Sandrelli-н бүтээсэн дүрдээ хүүхэд шиг гэнэн цайлган, фантааз хандлагыг өгсөн ба түүний Sanda-н бүтээсэн дүртэй хамт гардаг сцэнүүд болох Парис дахь шөнийн цэнгээний газарт бүжиглэж байгаа, Anna-н гэрт өрнөдөг хоёр хүүхний яриа зэрэг нь киноны хамгийн дурсамжтай мөчүүдийн тоонд ордог. Clerici-н трауматик хүүхэд нас, улс төрийн аллага үйлдэгдэх өдрийн үйл явдал, мөн үүнээс өмнөх бал сарын аялал зэргийн дунд хөвөн нүүх уг кинонд найруулагч маань өгүүлэмжийн хувьд төөрөгдөл бий болгодог ч, дутагдлаа өнгө аяс хийгээд сэтгэл хөдлөлийн нэгдлээр төгс нөхөж чадсан. "The Conformist" киноны дийлэнх хэсэг засгийн газрын нууц хуйвалдааны тухай уламжлалт хэв маягийг дагадаг ч ерөнхий утгаараа төрөл жанр болон үзэгчдийн хүлээлтийг чадварлагаар эвддэг. Зураглаач Storaro нь дүрүүд өөрсдөдөө эргэлзэж эхлэхэд кадр, тусгал, мөн цэнхэр, улаан өнгийн тод туяаг өшиглан тэдний сэтгэл хөдлөлийг буулгаж чадсан ба продакшн дизайнер Ferdinando Scarfiotti мөн Storaro-н ажилтай төгс хоршин 1930-1940 оны төрх байдлыг мэдрэмжтэйгээр бүрдүүлснээр Bertolucci-д камерын хөдөлгөөнөө чөлөөтэй сонгон шийдэх боломжийг олгосон. Clerici-н машин Quadri-н машиныг ухрах замгүй болгон ард нь хавчин зогсох үед киноны эстетик болон өгүүлэмж оргил цэгтээ хүрч, гэнэт огцом өөрчлөгддөг. Clerici аллагыг биечлэн үйлдэхгүй, тэр бол аллагад оролцдоггүй ч засгийн газарт захирагддаг хүүхэлдэй буюу уг хэрэгт хүчээр гэрч болдог.
"The Conformist"-ийн туршид цаг хугацаа, орон зайгаар дураараа тоглож ирсэн ч төгсгөлийн аллагын үзэгдэлд гэнэт камер өндөр моддын дээгүүр тогтоод дор өрнөх үйл явдлыг удаан ажиглах нь ямар нэгэн муу ёрыг илтгэх мэт сэтгэл төрүүлнэ. Өндөр, нарийнхан моддын дундуур тусах нарны гэрэл нь орчинд тайван уур амьсгал төрүүлж, эгээ л янаг амрагууд өвлийн аялалд гарах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ энд ямар нэгэн аюул заналхийлж буй нь тодорхой байдаг; багш асуудлыг шалгахаар машинаасаа буутал нам гүм байдал хурцаар уур амьсгалаар солигдож, хэсэг эрчүүд толгод уруудан гарч ирээд багшийг зэрлэгээр хөнөөдөг. Дотно харилцаатай байсан учир өөрийг нь аварч магадгүй гэж итгэсэн Anna Clerici-н машины өмнө амь гуйх сцэн үнэхээр аймшигтайгаас гадна Anna авралгүйгээр үхэхийг харах Clerici-н харц жигшүүртэй. "The Conformist" киноны сцэн бүрд Bertolucci өгүүлэмжийн элементүүдийг зүгээр л өөрсдөөр нь байлгахыг зөвшөөрдөггүй; тэнцвэргүй кадрын өнцөг, жижиг нарийвчилсан хэсгүүд аажмаар тодрох байдал, мөн цаг хугацааны замбараагүй хэрнээ урссан шинжтэй шилжилтүүдээр дамжуулан гадаргын дор нуугдсан гүн гүнзгий утга санааг илэрхийлэх гэж оролджээ.
Clerici Quadri-тай дахин уулзахаар хуучин багшийнхаа өрөөнд ордог ба коллежид байхдаа Quadri-н хамгийн ухаалаг оюутан байсан Clerici түүний дор Plato-н "Allegory of the Cave" философийн идеагаар магистрын ажлаа хийх гэж оролдож байснаа эргэн санадаг. Эргэн санаад Clerici эвгүй байдалд ороход Quadri яриагаа үргэлжлүүлж, хуучин шавийнхаа фашизмын үзлийг буруушаадаг. Агуй дотор байгаа хүмүүс гэрлээс үүссэн сүүдэрт хэрхэн хариу үзүүлж байгаагаар өөрсдийнхөө ертөнцийг төсөөлдөг гэж багш ярьдаг ба үүгээрээ тэр шавиа агуйн хүн шиг юу ч мэдэхгүй бас харалган байна гэж зэмлэдэг. Багш Clerici-г өөрчлөгдөнө гэж итгэдэг ч тэр ямар ч өөрчлөлтгүйгээр явж, эцэст нь багшийгаа алахад хамсаатан болдог билээ. Киноны төгсгөлд л тэр хэн байснаа ухаардаг. Гэхдээ энэ нь дэндүү оройтсон байж магадгүй. Өнөөдөр Монголд байгаа нам дагасан конфористууд хэзээ нэгэн цагт өөрийгөө ухаарах нь зайлшгүйн дээр тэд үйлийн үрээ эдлэх нь мөн л зайлбаргүй юм.

Comments
Post a Comment