Шулам шүүрс алдсан нь

 


Suspiria (1977). Италийн мастер хоррор жанрын найруулагч Dario Argento-н supernatural хоррор. Английн зохиолч Thomas De Quincey-н 1845 онд бичсэн "Suspiria de Profundis" эссэнээс үндэслэн кино зохиолыг Daria Nicolodi, Argento хоёр хамтран бичжээ. Европын нэр хүндтэй балетын академид суралцахаар Америкаас шилжиж ирсэн залуухан бүсгүй учир битүүлэг цуврал аллагын дараа амьдарч бас сурч байгаа академи нь шуламын үүр болохыг ухаарч байгаа уг кино нь Италийн giallo хоррор жанрын сүр сүлд, Argento-н цуст классик юм. "Suspiria" бол  Argento-н "The Three Mothers" трилогийн анхных нь буюу 1980 онд "Inferno", 2008 онд "The Mother of Tears" кинонууд гарснаар трилоги бүрддэг аж. Аймшгийн кинонд хөгжим чухал элемент болдог; "Suspiria" киноны хөгжмийг Италийн прогрессив рок хамтлаг Goblin бичсэн ба Argenro гар бие оролцсон. Goblin хамтлаг найруулагчийн өмнөх "Deep Red" кинонд ажилласан байсан бол "Suspiria" киноны дараа ч Argento-н хэд хэдэн киноны хөгжим дээр ажиллажээ. Аугаа Ennio Morricone найруулагч Sergio Leone-н хэрхэн хөгжим бичиж өгдөг байсан шиг Goblin хамтлаг зураг авалтаас өмнө хөгжмөө бичээд найруулагчид нь илгээжээ. Киноны гол дүрүүдэд; Jessica Harper, Stefania Casini, Alida Valli, Joan Bennett, Flavio Bucci, Udo Kier зэрэг Америк, Италийн жүжигчид тоглосон. Аймшгийн кино төрөлд хамгийн нөлөө бүхий киноны тоонд ордог, маргаангүй хоррор жанрын ноён оргилуудын нэг болсон шуламын үүрэнд зориглон зочилцгооё.

Орос гаралтай зартай хоррор жанрын кино урлаач Val Lewton-н кинонууд хар-цагаан байснаараа илэрхийлэгдэж, илүү аймшигтай болдог шиг "Suspiria" өнгөнүүдийг тодруулж ашигласнаараа цуст үхлийн найрыг дүрслэн бүтээдэг. Гэхдээ цус нөж хэзээ ч энэ кино дээрх шиг үзэсгэлэнтэй харагдаж байгаагүй, харагдах ч үгүй болов уу. Argento-н тод өнгөний схем нь 1950-аад оны Technicolor-ийн мюзикл шиг дэлгэцнээс үсрэн гарч ирээд таны нүүрэнд наалдчих шиг санагдахаас гадна Cinemascope-ийн тод ногоон, шар, цэнхэр, улаан өнгөөр дүүрсэн кадр нь таныг эгээ л шулам, чөтгөрийн гэрийн зочин шиг санагдуулна. Култ классик болсон уг киног дүрслэлийн хувьд хамгийн гайхамшигтай хийгдсэн киноны нэг үздэг бөгөөд хоррор жанрын splatter хэв маягийг тэргүүлэгч болсон уг бүтээлийг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 412-р байрт жагсаагаад байна. Тэгвэл The Village Voice сэтгүүл 20-р зууны хамгийн шилдэг 100 кино жагсаалтдаа "Suspiria"-г багтаасан бол Empire сэтгүүл хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 312-р байрт уг хоррорыг маань эрэмбэлсэн байна. Критикч Maitland McDonagh тэмдэглэхдээ, Argento-н бүтээлийн гурван эх нь Юнгийн архетипийн дүрслэлээр тодорхойлогдсон кино ертөнцийг бий болгож, кинонуудад гарах хот болгоныг тодорхой далдын хүчээр эрхшээдэг гэж ойлгогдож байна гэжээ.

Argento-н хэлснээр, киноныхоо санааг Лион, Прага, Турин зэрэг Европын хэд хэдэн хотоор аялсны дараа төрсөн гэдэг. Тэрээр Франц, Герман, Швейцарь орнуудын уулздаг "Шидэт гурвалжин"-д татагдсан буюу энэ нь зартай нийгмийн шинэчлэгч, оккултист Rudolph Steiner-н антропософийн нийгэмлэгийг байгуулсан газар юм. Argento шулам болон оккултизмын талаар хэлэхдээ "үүнийг шоолох зүйл биш, энэ бол оршин байдаг зүйл" гэсэн буй. "The Three Mothers" трилогийн нэр болон ерөнхий концепт, ялангуяа "Inferno" ба "Mothers of Tears" кинонуудын концепт нь De Quincey-н эссэнээс санаа авч өргөжүүлсэн ч санаа авсан гэсэн тодорхой кредитийг өгөөгүй байдаг. Эссэнд "Levana and Our Ladies of Sorrow" гэсэн хэсэг байдаг агаад энэ хэсэгт гурван хувь тавилан, гурван Харитууд, гурван уй гашуу гэж байдаг аж. Daria Nicolodi Argento-д кино зохиол бичихэд нь тусалсан ба Daria өөрт нь санаа өгсөн "Alice's Adventures in Wonderland", "Pinocchio", "Bluebeard" гэх мэт үлгэрүүдтэй Argento-н сонирхож байсан оккулт сэдвүүдийг хослуулсан. Daria мөн киноныхоо зохиолд багадаа эмээгийнхээ ярьж өгдөг байсан үлгэрүүдээс оруулж өгсөнөөс гадна өөрт нь тохиолдсон нэгэн түүх зохиолд тусгалаа олсон гэдэг; эмээ нь нэгэн академид төгөлдөр хуурын хичээлд суухаар явж, тэнд хар шидтэй учран, үхтлээ айж, зугтаасан аж. Гэхдээ дараа нь, Argento үүнийг зохиомол түүх гэж хэлсэн.

  Daria-н үндсэн идеануудыг ашиглан Argento кино зохиолыг түүнтэй хамтран бичсэн бөгөөд киноны үйл явдлыг Швейцарь, Францтай хиллэдэг Германы хилийн ойролцоох Фрайбург-им-Брейсгау дахь бүжгийн академид өрнөхөөр сонгосон. Гол дүр болох Suzy-г "Snow White"-аас үндэслэсэн; анхандаа кинонд гарах дүрүүд бага насны охидууд байхаар байж, наймаас арав орчим насны. Гэвч киноны продюсерүүд голлох жүжигчид нь хэт залуухан байх нь зөв эсэхэд эргэлзэж, улмаар өөрчилсөн байна. Нэмж хэлэхэд,  киноны эцсийн үзэгдлүүдийг Daria-н Лос-Анжелес хотод байхдаа зүүдэлсэн зүүднээс сэдэвлэжээ. Америкийн жүжигчин Jessica Harper-г найруулагч маань Brian De Palma-н "Phantom of the Paradise"  кинонд гүйцэтгэсэн гүйцэтгэлээс нь үндэслэн сонгожээ. Жүжигчин бүсгүй маань кинонд сонгогдсоныхоо дараа Argento-н хэв маягийг ойлгохын тулд "Four Flies on Grey Velvet" киног нь үзсэн. Jessica уг хоррорт тоглохын төлөө Woody Allen-н "Annie Hall" бүтээлд тоглохоос татгалзжээ.

Критикч Janet Maslin "Suspiria"-г сэтгэл татам шинж багатай авч, голомттой үзэгчдийг төөрөгдүүлэх нь гарцаагүй гэсэн дундыг барьсан шүүмж бичсэн. Критикч Kevin Thomas хүчилсэн, маш муу ам барилттай боловч үргэлжийн түгшүүртэй, бас зугаатай гэж дүгнэжээ. Үнэхээр ч уг бүтээлийн цөөхөн сул талуудын нэг бол Англи хэл дээрх диалогийг ам барьсан явдал ба тухайн үед Италийн кино урлагт энэ нь энгийн зүйл байсан юм. Критикч John Stark киног туйлын цус нөж болсон, үйл явдал багатайн дээрээс сонирхол татамгүй гэжээ. Критикч Gene Siskel жүжигчин Jessica дүрдээ тохирохгүй хөгшин харагддаг гэж шүүмжлээд харин Argento-н дүрслэлийн загварлаг байдлыг сайшааж, "The Exorcist" киноны сулхан дуурайлт гэж тодорхойлжээ. Тэгвэл критикч Bruce McCabe өөрийн тоймдоо эл бүтээлийг, хийрхэлийг бүтээх гэж оролдсон ч оронд хяналтгүй, тасалданги, тэнцвэргүйг бүтээчихсэн гэжээ. Критикч Dave Kehr илүүтэй эерэг үнэлгээ өгсөн: тэрээр найруулагч эффектүүдийнхээ төлөө шаргуу ажилладаг гээд цочим монтаж, өнгөт гэрэл, өвөрмөц камерын өнцөгүүдийг нь магтан үнэлсэн. Зарим критикүүд "энэ бол зөвхөн харагдах байдлаараа л тааламжтай кино" гэж байв. Киноны зарим элементүүдийг Америкийн зохиолч Edgar Allan Poe-н бүтээлүүдтэй харьцуулагсад байсан. Энэ бол түгшүүр, айдсын жанрт дурлагсдад зориулагдсан кино, ойлгох гэхээсээ илүүтэй мэдрэх учиртай кино гэж хэлж болно. "Suspiria" киног өнөөдөр критикүүд култ классик гэж нэрлэх болсон ба "European Nightmares: Horror Cinema in Europe Since 1945" гэдэг номонд Европ хоррорын үлгэр жишээ бүтээл" гэсэн байдаг.

  "Suspiria" киноны тайз засал хийгээд өнгөний нарийн хийц бүтцийг кино түүхчид, судлаачид магтсан байдаг; кино судлаач John Kenneth Muir: "Энэ киноны кадр бүрийг өнгөнд онцгой гойд анхаарсан уран сайхны зохиомжоор бүтээсэн". Жихүүцэм дуу чимээ, догшин, яруу найраглаг хийгээд аймшигтай дүрслэлийн цогц болсон "Suspiria" бол үзэшгүй аймшиг ба дүрслэлийн гоо сайхныг нэгэн зэрэг санал болгодгоороо хоррор жанрыг таашаагчдын шүтээн болсон цөөхөн шедеврүүдийн нэг билээ. Argento хэдэн арван жил кино салбарт ажиллахдаа ерөнхийдөө гайхшруулам өнгөлөг, харгислалыг харуулсан хоррор кинонуудаараа танигдаж алдаршсан найруулагч. Кино критикч, кино зохиолчоор ажиллаж байгаад (Sergio Leone-н "Once Upon a Time in the West вестерний кино зохиолд оролцсон) Argento 1970 онд Италийн giallo хоррор жанрын жишээ болсон "The Bird with the Crystal Plumage" киногоороо найруулагчийн гараагаа эхлүүлсэн. Уг кино Италид том хит болж, дэлхий даяар култ болтлоо мандсаны дараа найруулагч маань giallo жанрын "The Cat O'Nine Tails" болон "Four Flies on Grey Velvet" гэсэн хоёр кино хийсэн нь мөн л хит болжээ. Арай өөр жанрт өөрийгөө сорьж үзэхийг хүсэн "The Five Days" нэрт комеди-драм хийсэн ч хүмүүс түүнийг сонирхосонгүй, иймээс буцаад хоррор-триллер жанртаа эргэж ороод 1975 онд "Deep Red" шедеврээ хийж шуугиан тарьсан ба өнөөдөр "Deep Red" киног хамгийн нөлөө бүхий giallo жанрын кино төдийгүй хоррор жанрын ноён оргилуудын тоонд авч үзэх болжээ.

"Deep Red" түүнийг хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч болгосноос гадна чухам ямар замаар явбал өөрт нь тохирохыг бататгасан тамга болсон учир Argento хоррор жанрт supernatural элементийг оруулсан кино хийхээр шийдэн De Quincey-н эссэнээс кино зохиол гаргаж авахаар романтик харилцаатай байсан Daria-тай хамтарсан ба ингэж л түүний бас нэг шилдэг туурвил болсон "Suspiria" мэндэлсэн. Өмнөх бүтээлүүддээ өгүүлэмжийн хөгжлийн дүрмийг ягштал мөрдөж байсан Argento үзэгчдэд цэвэр мэдрэмж төрүүлэхийн тулд буюу бидний амьдралд энгийн, гэмгүй, зүв зүгээр байгаа зүйлсийн цаана хамгийн муу муухай нуугдан, далдлагдан байж болзошгүй тийм ертөнцийг уг кинондоо бүтээхийн төлөө тэрээр өмнөх арга барилаасаа татгалзсан. Найруулагч маань энэ санаагаа хамгийн сайн илтгэн үзүүлэх арга бол бидний хамгийн сайн мэддэг үлгэрүүдийн харанхуй, илүү насанд хүрэгчдийн хувилбарыг бүтээх явдал байсан ба кино ч харанхуй, ширүүн бороотой шөнө эхэлж, харанхуй ой, шуламын шившлэг ба ариун, цайлган эмэгтэй баатар зэргийг багтаасан байдаг билээ. Argento киноны зүүдний мөн чанарыг улам бүр хөгжүүлж, бүх хэв маягийн аргыг гартаа авч, хязгаарт нь хүргэж, түүнээс цаашилдаг барокко маягийг ашигладаг. Найруулагчийн маань гол хамтрагчдын нэг бол зураглаач Luciano Tovoli юм. Tovoli өмнөхөн нь найруулагч Michelangelo Antonioni-н "The Passenger" кинонд энгийн реалист ажлаараа алдаршаад байв. "Suspiria" кинонд Tovoli боломжит бүхий л чиглэлд явсан ба киноны өөр ертөнцийн дүрслэлийн схемд толь, шүүлтүүр, аварга том нуман гэрэл, тод өнгөнүүдийг Technicolor-оор авсан.

  Тод өнгөнүүд нь байнгын хөдөлгөөнтэй камертай нэгдэн тухай цагийн хоррор жанрт байгаагүй харагдацтай өвөрмөц кинонуудын нэг болсон гэдэг. Киноны сюрреал уур амьсгалд Goblin хамтлагийн зохиосон хөгжим үлэмж нөлөөтэй байсан бөгөөд Argento зураг авалтын талбайд Goblin хамтлагийн зохиосон хөгжмийг цуурайтуулдаг байсан гэдэг. "Suspiria" нь Argento-н зохион бүтээсэн аллагын тайз заслаараа алдартай бөгөөд энэ нь одоо ч хоррор кинонуудын хамгийн алдартай хэсгүүдийн нэг хэвээр буй. Argento хамгийн аймаар мөчүүдийг хамгийн зэвхий сайхнаар дүрсэлсэн нь Jackson Pollock-н уран зургийг санагдуулна. Харгис хүчирхийлэл, гайхалтай үзэсгэлэнтэй дүрслэлийн дор амиа алдагсад нь дандаа эмэгтэйчүүд байсанд уг киног болон Найруулагчийг нь мисогинист гэж буруутгахад хүргэсэн. Argento 1983 онд өгсөн нэгэн ярилцлагадаа, эмэгтэйчүүдийг хайрладаг, ялангуяа үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдэд хайртай, би царай муутай охин юмуу эрэгтэй хүнээс илүү үзэсгэлэнтэй эмэгтэйг алж байхыг үзэхийг илүүд үзнэ гэж ярьсан байдаг аж. 

Comments