Хүсэл тачаалын хийд

 


Black Narcissus (1947). Их Британийн нэрт кино урлаачид болох Michael Powell, Emeric Pressburger хоёрын хамтран продюсерлэж, найруулсан сэтгэлзүйн драм. Их Британийн зохиолч Rumer Godden-н ижил нэрт романаас сэдэвлэсэн уг киноны гол дүрүүдэд; Deborah Kerr, Kathleen Byron, Sabu, David Farrar, Esmond Knight, Flora Robson, Jean Simmons нар тоглосон. Киноны үйл явдал Энэтхэгт Их Британийн колоничлолын ноёрхол дуусч байх үед өрнөх бөгөөд Хималайн алслагдсан уулсын нэгэн оройд орших Энэтхэгийн Ражагийн эртний эмсийн ордоныг шинэчлэн засаад сургууль, эмнэлэг байгуулахаар очсон Английн христийн гэсэнмаа нарын хоорондын тэмцэл, зөрчлийг үзүүлдэг. Христийн гэлэнмаа нар хатуу ширүүн уур амьсгал болон дайсагнасан, үл ойлголцсон нутгийн ардуудтай зохицож эвээ олох гэж зүдэрдэг. Үүн дээр тэд Ражагийн Их Британийн төлөөлөгч болох марзан, эршүүд, ерөнхийдөө циник эрд татагдаж, хайр, дур тачаалын төөрөлдсөн эргүүлэгт унана.

  "Black Narcissus" киноны зураглалыг үлгэр жишээ болохуйц гэж үздэг буюу зураглаач Jack Cardiff энэ киногоороо Оскарын наадмаас шилдэг зураглаач төрөлд ялагч болсон бол киноны тайз заслыг хийсэн Alfred Junge төрөлдөө мөн Оскар хүртсэн буй. Критикч David Thomson: "Энэ бол ховор урлагийн бүтээл, гэлэнмаа нарын фантаазын тухай энэхүү эротик Англи киноны Kathleen Byron-той сцэн болгон гайхшрам байдаг". Кинонд, Deborah Kerr-тэй кадр бүдгэрэн уусах бүрт түүний нүд төдийгүй ухаанд оч гялалзаж байгааг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байдаг; Өмнөд Азийн толгой эргэм газар нутгийн тайлбарлашгүй, увдисын гялбааг түүний харцнаас харж болдог. Дарж, хавчсан хайр, эротик хүслийн тухай ер бусын энэхүү мелодрамын тайз засал, дэвсгэр зураг үнэмшилтэй бас үзэсгэлэнтэй. Үзэх болгонд гоо сайхан санагддаг уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 194-р байрт жагсаагаад байна. Ингээд Хималайн ууланд орших хүсэл тачаалын сүмд морилно уу.

Кино Америкт нээлтээ хийхэд Католик шашны ёс журмын легион бүлгэмийн зүгээс шашин ба шашны амьдралыг гутаан доромжилсон хэмээн уг бүтээлийг буруушааж "хэвийн бус, мэдрэлийн өвчтэй, солиотой хүмүүсийн зугтах зам" гэж тодорхойлсон байдаг аж. Америкт үзүүлсэн хувилбарт нь Clodagh-н гэлэнмаа болохоос өмнөх амьдралыг дурсамж маягаар харуулсан хэсэг байсныг Католик шашны ёс журмын легионы шаардлагаар засч өөрчилсөн аж. 10 орчим цомхотголыг найруулагч Pressburger өөрөө гардаж хийсэн ба энэ талаараа "зөв, шударга, боломжийн" цомхотгол болсон гэж хэлсэн байдаг. Киног түгээхийн тулд үүнийг зайлшгүй хийх шаардлага байж. КШЁЖЛ-ийн хар жагсаалтад орсон учир Нью-Йорк зэрэг томоохон хотуудад гаргах боломжгүй байсан ба цомхотголын дараа киног чөлөөтэй үзүүлэх боломжтой болжээ. Уг кино Энэтхэг улс 1947 оны 8-р сард Их Британиас салж, тусгаар тогтнохоос хэдхэн сарын өмнө нээлтээ хийсэн. Киноны төгсгөлийн кадрыг тухайн үеийн Их Британийн үзэгчид "нуран унаж буй эзэнт гүрэнтэйгээ хийсэн салах ёс" гэж тайлбарлаж болно гэж критикүүд үзсэн. Нэгэн Англи критикчийн бичсэнээр, энэ дүр төрх бол ялагдал бус угаасаа хэзээ ч эзэмшиж, ойлгож байгаагүй газраасаа хүндтэй, оновчтойгоор явах дүр төрх гэжээ.

Rumer Godden-н 1939 оны романтай найруулагч Powell "The Thief of Bagdad" кинондоо хамтран ажилласан жүжигчин Mary Morris-оос анх сонсон танилцжээ. Pressburger, Powell хоёр 1939 онд "The Spy in Black" киногоороо анхлан хамтарчихаад байлаа. Godden номоо АНУ-д байх Lee Strasberg-н тайзны жүжигт зориулж хөрвүүлэн биччихээд байсан ч Powell, Pressburger хоёрт өөрийнхөө зохиолыг ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Kathleen Byron кинонд сонгогдсон анхны жүжигчин байсан ба Pressburger түүнийг "бүдэгхэн хоолойтой, шилүүс шиг нүдтэй" гэж тодорхойлсон нь найруулагчид сэтгэцийн эмгэгтэй дүрд яг тохирох мэт санагджээ. Deborah Kerr ахлах гэлэнмаагийн дүрд хэтэрхий залуудна гэж анх Powell эргэлзэж байсан ч Pressburger Deborah-г сонгосон. Powell энэ дүрдээ Greta Garbo-г тоглуулахыг хүсч байсныг дашрамд дурдъя. Гэлэнмаа Ruth-н галзууртлаа дурласан Их Британийн агент Dean-д David Farrar тоглож,  45 өдрийн ажлын хөлс гэж 4.500 фунт Стерлинг авчээ. Энэтхэгийн гурван дүрд тоглосон жүжигчдээс зөвхөн залуухан генералд тоглосон жүжигчин Sabu л Энэтхэг гаралтай байсан ба Kanchi-н дүрд Jean Simmons тоглосон бол хөгшин генералд Esmond Knight нар тоглосон. Godden Jean Simmons-г 17 настай охины дүрд тоглуулахыг зөвшөөрсөн буюу тэр миний дүрсэлсэнтэй төгс тохирч байсан гэж Godden тэмдэглэсэн байдаг.

  Судлаачид киноы нийт жүжигчдийн тоглолтыг магтаж, чадварлагаар угсарсан уур амьсгал, мөн зураг авалтыг сайшаасан. Критикч Philip Scheuer уг бүтээлийг "кино урлагийн тансаг эрдэнэ" хэмээсэн. Харин критикч Jane Corby: "шашны амьдралын өвөрмөц тоглолт. Гэхдээ шашны тусгаарлалт болон романтик хачирхалтай байдлын холимог уур амьсгал нь нэлээд төөрөгдүүлэм". Критикч James Agee "Black Narcissus" бол сэтгэлзүйн, атмосферик, гунигтай, бүхэлдээ ухаалаг гэж дүгнэжээ. Критикч Thomas M. Fryor найруулагчдын бүтээлч хамтралыг сайшааж, Tehnicolor-г шинэлэг байдлаар ашигласныг онцлон тэмдэглэж, ер бусын реализм хийгээд сэтгэл татам драматик нөлөөллийг бий болгосон гэжээ. Тэрээр цааш нь, Хималайн орчны уур амьсгалыг жинхэнэ бодитоор дүрслэхийн тулд кинонд миниатюр тайз, процессын зургийг чадварлаг ашигласныг сайшаасан. Гэвч Pryor өгүүлэмжийн хүрээнд гэлэнмаа нарыг циник, тусгаарлагдсан байдлаар дүрсэлсэн нь зарим үзэгчдэд тухгүй санагдаж магадгүй гэсэн буй. "Энэ бол миний хийж байсан хамгийн эротик кино" гэжээ "Black Narcissus"-ийг нар Powell хэлсэн байдаг; мөн тэр цааш нь "энэ бүхэн далд илэрхийлэгдсэн ч эротизм эхнээсээ дуустал бүх кадрт дүрслэгдсэн" хэмээжээ. Powell ихэмсгээр нэгэн цагт хамгийн их анхааралд өртөж, ярианы сэдэв болж байсан сор бүтээлийнхээ өвөрмөц шинжийн тухай ийнхүү өгүүлж байж.

Энэхүү киног критикүүд, бишрэгчид нь, хамтран зүтгэгчид нь экспрессионист, эротик, экзотик буюу гурван Э гэж онцолсоноор эл урам бадраам киноны зарим нэг чухал өнгө аяс, нарийн ширийнийг орхигдуулсан гэж үздэг. Жүжигчин Jean Simmons-н гуйлгачин бүсгүйн дүр дур татам байдаг, Kathleen Byron-н гэлэнмаа Ruth дүрийн шуламлаг төрх авир киног бүхэлдээ чимдэг; нэг үгээр энэ бол үнэхээр эмэгтэй хүний дур тачаал, янаг хайрын тухай түүх мөн; газар орон, харагдах бүтэц, бие муу дохио хөдөлгөөн бүхэн эротизмыг санагдуулдаг ч бид эл киног зөвхөн эротизмын зураглал гээд өнгөрчих нь даанч хөнгөн хуумгай хэрэг болно. "Black Narcissus"-д эротизмын дур хүслийг сүүдэрлэсэн илүү том, илүү нууцлаг үзэгдэл байдаг ба кинонд үргэлжийн алдаатай ойлголтыг нухацтайгаар авч үздэг; энэ бол бодит байдлыг идеал дүр төрхтэй нийцүүлэхийн тулд дахин тохируулж болно гэсэн хүсэл, чин сэтгэлийн итгэл үнэмшил юм. Гэлэнмаа Clodagh болон түүний сүмийнхэн өнгөрснийг (тэдний хувьд шинэ орон байр болсон хийд бол үнэндээ өнгөрсний эмсийн ордон) одоо цагт халдахаас сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байгаа ч энэ нь боломжгүй. Гэлэнмаа Ruth туслаж ч, туслахгүй байж ч чаддаггүй бол гэлэнмаа Honey орон нутгийн нярай үхлийн аюултай өвчтэй ба түүний хүүхдийн үхэл зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэлэнмаа нарын хэн нь ч уулын хийдийн цаад гүнээс ирэх толгой эргүүлэм хүчтэй нөлөө, үргэлжид нэвт үлээх шижир, цэвэр салхи, Хималайн аугаа оргилууд хүртэл үргэлжилсэн аварга том, гялтганасан алслагдсан орон зайг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.

"Black Narcissus" бол ертөнцийг өөрсдийн шаардлагад нийцүүлэн дахин бүтээхийг оролддог ч бүтэлгүйтдэг хүмүүсийн тухай кино ба хачирхалтай нь, киног гэрлийн хугарал, салхины сэвшээ бүхнийг хянахыг хүсдэг хүмүүс та бидний "хөлдсөн" ухааныг өчүүхэн ч атугай гэсгээхийн тулд хийсэн билээ. Кинонд, агент Dean болон гэлэнмаа Clodagh хоёрын хайр дурлал, ойлголцол байнгын өсөлттэй явагддаг ч сэтгэл хийгээд мэдрэмжээ солилцох тэр ганцхан, гялсхийх харцаар өөд өөдөөсөө хараагүйн улмаас тэд ганцаардмал, биелэгдээгүй ертөнцдөө үлддэг. Найруулагчид маань өмнөх кинонууддаа тулгарсан туршлагаасаа үндэслэн зураг авалтыг тухайн орчинд нь бус студид болон ойролцоо төстэй газар орчинд хийх аргыг олжээ. Найруулагчид киногоо хяналттай нөхцөлд хийх ёстой гэж үзсэн бөгөөд кинонд гарах Мопугийн генералын ордныг Пайнвудын зураг авалтын талбайд, Хоршамын цэцэрлэгт хүрээлэнд авч, Энэтхэг хүмүүст Европ жүжигчид тоглуулсан нь соёлын хувьд тийм ч сайхан бас зөв харагдахгүй байж магадгүй. Powell Godden-н эх зохиолын бүтцэд, Энэтхэгийн хойд хэсгийн соёлд үнэнч байхыг хүсэн ийм алхам хийсэн гэдэг ч Godden киног үзсэнийхээ дараа; би өөрийнхөө номыг дахин хэзээ ч кино болгохыг зөвшөөрөхгүй гэсэн тангараг өргөсөн гэдэг.

"Энэ киноны уур амьсгал бол хамгийн чухал нь, бид үүнийг бүтээж, эхнээс нь удирдах ёстой" гэж Powell "Black Narcissus" киноныхоо продакшны анхны уулзалт дээр хэлж байж. Powell: "Салхи, өндөр уулс, үзэсгэлэнтэй газар орчин; энэ бүхэн бидний хяналтад байх ёстой. Хэрвээ бид Энэтхэгт очоод төлөвлөгөөний дагуу гадаах кадруудыг авчихаад Пайнвуд-д буцаж ирээд тэдгээрийг тохируулахыг оролдвол хоёр өөр өнгө, хоёр хэв маяг гарах болно". Тухайн цаг үед Энэтхэг руу киноны багаж хэрэгсэл тээвэрлэнэ гэдэг хар дарсан зүүд шиг хүсэшгүй зүйл байсныг бодолцвол Powell-н санаа маргаангүй мэргэн байж, үр дүнгээ ч өгчээ. "Black Narcissus"-д гэлэнмаа нар төгс сүнслэг дэг журмын талаарх хуурмаг төсөөллөөсөө салдаг; энэ кино бол хаалттай оюун ухаанд танил бус, харийн салхины үнэр, өнгө, гэрлийн үзүүлсэн нөлөөний тухай. Powell, Pressburger хоёр хүний психологи, сэтгэлд зоригтойгоор энэ хандсан буюу тэрээр "үлгэрийн" ертөнц хүний хүсэл тэмүүлэл, сэдэлжилтээр амьдарч байдаг гэлтэй. Энэ кино таны уншсан ямар ч романтик шүлэг, туужаас дутахааргүй үнэн хийгээд гашуун санагдана. Powell, Pressburger хоёрын киноны бодит бус гоо үзэсгэлэн, формал удирдлагыг психологийн яг таг байдлаас салгах нь сонирхолтойгоос гадна кинонуудынх нь бүтэц, араг яс нь болсон байдаг. Дүрүүд болон үзэгчид ямагт гоо үзэсгэлэнгээр согтсон байдаг ба энэ нь ертөнцийн гоо сайхан хийгээд урлагийн гоо сайхан буюу энэ нь өнө мөнхөд байх боломжгүй ч үргэлжийн найдварыг агуулдаг. Гэхдээ, үүний зэрэгцээ хүн байна гэдэг үргэлж үймээн самуун, алдаа дутагдал, хүсэл тэмүүллийн машины амин сүнс байхыг хэлдэг.

  Үзэгч бид гоо үзэсгэлэнгийн сэтгэл татам хавх болон түүний аюулын үр дүнг нэгэн зэрэг мэддэг; жишээлбэл,  Powell-н алслалт болон өнцгийн харааны мэдрэмжийн гайхалтай нарийвчлал уг кинонд дээрээс харах уран бас ухаалаг шийдлээс олонтаа харагддаг ба энд ганц хоёр жишээг дурдвал; гэлэнмаа Clodagh хоолондоо орж байгаа бусад гэлэнмаа нарыг дээрээс нь харж байгаа сцэн киноны эхэнд байдаг бол түүний Ирландад байхдаа эмээгийнхээ хөлний сандал дээр сууж байснаа дурсах, мөн залуу генерал Kanchi-г ширтэж байгаа,  гэлэнмаа Ruth хийдийн задгай хонгилд гэлэнмаа Clodagh болон агент Dean хоёрыг нууцаар ажиглаж байгаа зэрэг юм. Дээрээс доош гэсэн энэ харилцаа нь киноны дүрүүдэд үйлчилж буй удаан ч нөлөөтэй сэтгэлзүйн зураглалыг харуулж, тэдний психологийн өөрчлөлтийг илтгэх мэт. Жүжигчдийн гүйцэтгэл хийгээд биет харагдац хоёрдмол утгатай. Гэлэнмаа Ruth-н улаан нөмрөгтэй харанхуйгаас гарч ирэх хэсэг ухаан санаанд хадагдам ба жүжигчин Kathleen дүрийнхээ өөрийгөө чухалчилсан зан, хачирхалтай мэдрэмжийг эвгүйцэм инээмсэглэлээрээ илэрхийлж чаддаг.

Гэлэнмаа Clodagh кино төгссөний дараа ямар байдалд байх бол гэж бодох бол кино урлагийн гайхамшиг юм. Энэ гэлэнмаа маш их өөрчлөгдөх нь тодорхой. Clodagh бол гоё сайхан гэдгээ дэндүү сайн мэддэг чинээлэг айлын охин бөгөөд дээд тушаал гэлэнмаа нь түүнийг ахлах гэлэнмаа болно гэж хэлэхэд Clodagh-н чанга, зөөлөн үзэсгэлэнтэй царайд ялан дийлсэний инээмсэглэл тодордогийг ажиглахгүй өнгөрөх аргагүй. Хөгширсөн ахлах гэлэнмаагийн муухай царайг залуухан шинэ ахлах гэлэнмаагийн хөөрхөн царайтай зэрэгцүүлэн ойроос авсан энэ сцэн шинэ ба хуучны ойлголтыг анхнаас нь мэдрүүлэхээс гадна кино урлагийн суралцахуйц арга юм. Уг кинонд олон эротик шинжтэй, эротизмын агуулгатай хэсгүүд байгаа ч би таныг кинонд гарах Зул сарын баяр өмнөх өдрийн ёслолд согтуу ирээд гэлэнмаа Clodagh-г харж байгаа агент Dean-н харц болон төрх байдлыг ажиглахыг хүсье. Энэ бол хамгийн шилдэг нь юм. 

Comments