Бурханаас татгалзсан эмэгтэй

 


The Silence (1963). Шведийн мастер кино найруулагч Ingmar Bergman-н зохиолыг нь бичиж найруулсан драм. Киноны гол дүрүүдэд Ingrid Thulin, Gunnel Lindblom нар тоглосон. Киноны үйл явдал нь эгч дүү хоёрын хурцадмал харилцааны тухай өгүүлдэг; тэд төв Европын зохиомол хотоор дайран гэр рүүгээ явж байдаг ба эгч нь оюунлаг, бие муутай хүүхэн бол дүү нь сэрэл мэдрэмж өндөртэйгөөс гадна бяцхан хүүгээ дагуулсан байдаг. Уг кино "Through a Glass Darkly", "Winter Light" кинонуудын дараа гарсан ба сэдвийн хувьд хоорондоо хамааралтай байдаг учир зарим критикүүд эдгээр бүтээлүүдийг трилоги гэж үздэг. Психологийн асуудлуудын тайлбараас гадна кинонд гарах эгч дүү хоёр бол нэг эмэгтэйн хоёр тал буюу нэг нь бие махбодь, нөгөө нь хэл яриаг илэрхийлдэг гэж мөн уг киног тайлбарладаг. Bergman киногоо амжилттай болно гэж бодоогүй байсан ч "The Silence" арилжааны амжилт олжээ. Мөн кино сексийн дүрслэлийг илэн далангүй гаргасан гэдгээрээ шуугиан тарьж байсан агаад модерн критикүүдээс талархал хүлээсэн байдаг. "The Silence" Bergman-н гарын үсэг бүхий үзэгдлээр эхэлдэг; галт тэрэг дотор хоёр хүүхэн, нэг хүү явна, хүү эсрэг замаар танкуудыг тээвэрлэж яваа галт тэргийг гайхшран харна.

Хүүхнүүдийн нэг болох Anna хүүгийн ээж, нөгөө хүүхэн Ester бол хүүгийн ээжийн эгч бололтой байдаг. Хүүхнүүд гайхшран төөрөлдсөн хүүгийн өмнө хүсэл тэмүүллийг зохиомлоор үүсгэж, эротик тоглоом тоглож, хуримтлагдсан гомдлоо чөлөөлж, нэгэн хэвийн ганцаардлаа тэвчдэг. "The Silence" киног Michelangelo Antonioni-н "L'avventura", Alain Resnais-н "Last Year at Marienbad" болон Luis Bunuel-н "Belle de Jour" зэрэг шедеврүүдийн хамтаар модернист кино урлагийн эргэлтийн цэг гэж судлаачид үздэг. Критикч Vernon Young эл киног ер бусын амжилт гэж нэрлэсэн бол критикч Roger Ebert киноны түгшүүртэй өнгө аясыг онцлоод, энэ кинонд теологи байхгүй, зөвхөн шашин бурхнаас салсан ертөнц л бий гэсэн буй. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 603-р байрт жагсаагаад байна.

  Дэлхийн 2-р дайны дараа найруулагч Bergman Европын олон хотоор аялсан ба тэрээр уг киноныхоо дизайнийг аялж явахдаа үзэж харсан зүйлс дээрээсээ үндэслэсэн; ялангуяа 1946 онд Холбоотнуудын бөмбөгдөлтөд өртөж сүйрсэн Германы Хамбург хотод нөлөөлсөн гэдэг. Bergman мөн нэгэн эмнэлэгт зочлоход, дөрвөн сувилагч тарган, хөгшин эрийг яг л хүүхэлдэй шиг өргөөд явж байсныг харсан тухайгаа дурссан байдаг; Bergman: "Тэр хүнийг хүүхэлдэй шиг өргөөд явж байгаа зураг миний санаанд хадагдан үлдсэн, гэхдээ яагаад гэдгийг нь би сайн мэдэхгүй байна" гэж хожим дурсан ярьсан буй. Хоолойн халдварын улмаас Bergman гүнж ба чөтгөрийн тухай үлгэрийн киноныхоо түүхийг боловсруулж чадаагүй, эдгэрснийхээ дараа тэрээр гадаадын хотод зочилж байгаа аялагчдын тухай санааг бодож олжээ. Анхлан хоёр гол дүр нь эрэгтэй хүмүүс байх ёстой байлаа. Тэрээр найруулагч Vilgot Sjoman гэгчид "дүрүүд но өөртэй нь хэтэрхий ойрхон байх бий гэж айсандаа дүрүүдийг эмэгтэй хүн болгон хувиргасан" гэж хэлж. Bergman өмнө нь кинондоо сексийн тухай харуулахаас ичдэг байсан гэж хэлсэн байдаг ба тэр үзэгчдэд киногоо мэдрүүлж, ойлгуулахын тулд  "The Silence" кинондоо сексийг зоригтойгоор тод дүрслэхээр шийдсэн.

  Киноны нэр "Timoka", "The City" болон "God's Silence" гэх мэт байсан. Timoka гэдэг үгийг Timuka гэдэг Эстони үгнээс авсан буюу энэ нь "цаазаар авагч" гэсэн утгатай аж. Bergman Timoka хотод ярьдаг хэлийг өөрөө боловсруулсан. "The Silence", "Through a Glass Darkly" болон "Winter Light" бүтээлүүд нь хүний ухаан, психологид анхаарлаа хандуулсан байдаг тул гурамсан кино гэж үздэг ч Bergman хожим өөрөө ингэж үзэхээсээ татгалзсан байдаг. Гэхдээ тэр бичихдээ, эл гурван кино өөрчлөлтийн тухай асуудлыг хөндсөн гэж. "Through a Glass Darkly" давж гарах тухай, харин "Winter Light" ухаарлын сэдэвтэй бол "The Silence" үгүйсгэлийн тамгалалтын өгүүлсэн гэж найруулагч маань тодорхойлж. Bergman-г нас барсны дараа найруулагч Woody Allen киноны гол дүрүүд болох Ester, Anna хоёр бол нэг эмэгтэй хүний хоёр зөрчилдөөнт талуудыг илэрхийлж байна гэсэн онол дэвшүүлсэн. Англи хэлний профессор Leo Braudy мөн адил аргумант гаргасан нь Anna усанд орж, секс хийх гэх мэтээр биет үйлдэл хийдэг тул бие махбодийг төлөөлдөг бол Ester бичиж, орчуулж, мөн биеийн хувьд сул дорой байдгаас гадна зөвхөн гар хангалга хийж, сексийг жигшиж байдаг, нэг үгээр тэр оюун ухааныг төлөөлж байна гэжээ. Braudy мөн Anna, Ester хоёрыг цус ойртолтын харилцаатай байж магадгүй гэж үзсэн бөгөөд хүү Johan бол Bergman өөрөө бололтой.

  Киноны "The Silence" нэр болон альтернатив "God's Silence" нэр нь гол дүрүүд хийгээд зохиомол хотын хүмүүсийн хооронд харилцаа холбоо байхгүй байгааг, ер нь дүрүүд ч холбогдож чадахгүй байгааг илтгэсэн. Дүрүүдийн цорын ганц ойлголцол бол Johann Sébastian Bach-н хөгжмийг хамтдаа үнэлэх явдал байдаг. Киноны нэг сцэнд, Johan хүү шөнийн гудамжаар нэг танк явж байгааг цонхоор ширтдэг; үүнийг Америкийн зохиолч Susan Sontag өөрийнхөө номонд Bergman гудамжаар өнгөрөх танкаар эр билэг эрхтэнг симболчилсон гэж бичжээ. Зарим судлаачид энэхүү кино найруулагчийн хувьд хэтэрхий хувийн шинжтэй гэсэн. Критикч Bosley Crowther: "Ганцаардал болон хуял тачаалын олон янзын төлөв байдлын энэхүү хачирхалтай холимог нь тодорхой мессежийг илэрхийлж байгаа эсэх нь эргэлзээтэй байж болох авч ядахнаа хүнийг тэнүүчилсэн симфони шиг хөдөлгөдөг балархай нөлөө бүхий мэдрэмж болж хувирдаг". Crowther мөн Ingrid Thulin, Gunnel Lindblom, Jorgen Lindstrom нарын тоглолтыг "дээд зэргийн темпэртэй" гэж үнэлсэн. Критикч Richard Brody: "Bergman өөрийнхөө хүүхэд нас хийгээд дарагдсан мэдрэмж, насанд хүрсэн үе ба эдгэж аниагүй сэтгэлийн шарх гэх мэт томоохон сэдвүүдийг дуугүй киноны эрин үеэс үзэгдээгүй тарчлам хурц дүрслэлүүдээр харууллаа".

Критикч Rose Pelswick кинонд "ойлгомжгүй" халхалсан мессеж байсан гээд Thulin, Lindblom хоёрын тоглолтыг сайшаажээ. Кинонд, Anna, Ester гэдэг хоёр хүүхэн Anna-н арван настай хүү Johan-н хамтаар шөнийн галт тэргээр удаан аялж, дайн болох гэж байгаа мэт уур амьсгалтай харь улсад ирдэг; тэд эгч дүүс эсхүл бүр амрагууд болов уу. Тэдний ирсэн газрын хүмүүс, соёл, хэл нь тэдэнд харь, үл мэдэгдэм бөгөөд хүүхнүүдийн аяллын шалтгаан бас тодорхойгүй. Магадгүй энэ аяллаар тэд ердийн амьдралынхаа хавхнаас гарах эсхүл хэн бэ гэдгээ таних зорилготой байх. "Smile of a Summer Night" болон "The Seventh Seal" кинонуудаараа олон улсад алдаршсаныхаа дараа Bergman эл бүтээлээрээ Лютеран шашэы лам, хожим Шведийн Хааны ордонд санваартан байсан эцгийнхээ хатуу сүсэг бишрэлд боомилогдон өссөн сэтгэлээ илэрхийлэхийг оролджээ. Гэхдээ дэлхийн болон тэнгэрлэг эцгүүдийн аль аль нь дэлхийн 2-р дайны дараах Bergman-н аяллын туршлагаасаа үндэслэсэн "The Silence"-д байхгүй. Уншигдахгүй гудамжны тэмдэгүүд, бужигнасан олон нийт, шөнийн турш хүрчигнэх танкуудтай ойлгомжгүй ертөнц л байдаг; дотор нь гурван аялагч-гол дүрүүд маань буусан том зочид буудал оршино.

  "The Silence" кино бол хожим хийсэн кинонуудын прелюди буюу Bergman гол анхаарлаа Бурханаас хүмүүс рүү, шашнаас психологи руу шилжүүлсэн байдаг. Гэхдээ идеанууд нь дүрслэлээр илэрхийлэгдэхгүй бол "амьгүй" агаад Bergman-н мэргэн ухаан бол үзэгчдэд хэт ойрын зураглалаар дамжуулан хүмүүс, тэдний нүүр царайгаар нь нууцад нь нэвтрэхийг урьдаг. Нүүр царайны бодлогошролоор тэдний юу нууж байгаа, юу илэрхийлж байгааг Bergman-н олон киноны адилаар уг кино ч харуулахдаа түүний сонгосон чадварлаг жүжигчдийн гүйцэтгэлээр төгс төгөлдөр шинжийг олдог. Ingrid Thulin, Gunnel Lindblom хоёр "Winter Light" кинонд тоглодог бол Jorgen Lindstrom "Persona" киноны эхэнд гардаг билээ. Bergman замналынхаа ихэнх хугацаанд хамтран ажилласан нэрт зураглаач Sven Nykvist-тэй энэ кино дээрээ ч хамтарсан ба Nykvist-н тусламжтайгаар Bergman-н "Winter Light" кинондоо эхлүүлсэн гэрэл хийгээд хугацааны судалгаагаа энд улам эрчимжүүлсэн. Хотын ойлгомжгүй "аниргүй" байдал нь хүүхнүүдийн гадаад ертөнцтэй харилцах харилцааг бараг тэг түвшинд хүргэдэг. Хувийн харилцаа болгон мурий бас зуурдын ба дохио зангаа, симбол нь голдуу бүдэг бадаг юмуу ахархан хугацааны заналхийлэлт айдсын уур амьсгалыг цогцлоодог.

Найруулагч маань үүнийгээ "дэлхийн тамыг дүрслэх нь - миний там" гэжээ. Этгээд харь зочид буудлын коридороор тэнүүчлэх залуухан бас сониуч Johan-д дүнсгэр бараан гадаадын хот ердөө л насанд хүрэгчдийн ертөнцийн бүрхүүл буюу түүний ухааршгүй сэтгэл хөдлөлийн аашийг ээж, эгч хоёр нь тодорхойлдог. Bergman: "Миний урам зориг оюун ухаан эсхүл симболтой холбоогүй; энэ бол зөвхөн зүүд, хүслэн, найдвар, тачаал, тэмүүлэлтэй холбоотой". Саундтракын давхарласан хөгжим, чимээ шуугиан хийгээд аниргуйн дунд Anna, Ester хоёр Johan-н нүдэнд бас мэдрэмжинд нь өрнөж буй нууцлагдмал тэмцэлд түгжигдсэн байдаг агаад Anna, Ester хоёр хүүгийн сэтгэлийн төлөө уралцаж байх шиг байдаг. Уг киноноосоо хойш Bergman бүтээлүүдээрээ хүний мөн чанарыг эмэгтэй хүний амьдралаар судлах болсон ба хэдийгээр үзэгчид Johan-н хараагүй олон зүйлсийг хардаг ч хүүгийн мэдрэмж, харах өнцөг киноны гол цөм билээ. 

Comments