Сахиусан тэнгэрийн нууц

 


L.A. Confidential (1997). Америкийн кино найруулагч Curtis Hanson-н нео-нуар, гэмт хэрэгт, триллер. Америкийн зохиолч James Ellroy-н "L.A. Quartet" цувралын гурав дахь ном болох 1990 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас үндэслэн Curtis Hanson, Brian Helgeland хоёр кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Уг киноны үйл явдал 1953 оны Лос Анжелест өрнөхдөө Лос-Анжелес хотын цагдаагийн газрын илжрэл доройтол Холливуудын алдартнуудтай хэрхэн холбогдон огтлолцож байгаа тухай өгүүлдэг. Киноны нэр нь 1950-аад оны "Confidential" гэдэг хов жив, хэрүүл шуугиан бичдэг сэтгүүлийн нэрнээс үүсэлтэй ба кинонд "Hush-Hush" гэдгээр нэрээр гардаг. Киноны гол дүрүүдэд; Russell Crowe, Guy Pearce, Kevin Spacey, Kim Basinger болон Danny DeVito нар тоглосон. Кино нээлтээ хийгээд критикүүдээс эерэг үнэлгээ авч, ашгийн хувьд ч амжилт олсон ба критикүүд жүжигчдийн тоглолт, зохиол, найруулга болон Jerry Goldsmith-н бичсэн хөгжимд алга ташсан. Оскарын кино наадамд шилдэг кино зэрэг 9 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг туслах эмэгтэй дүр (Kim Basinger), шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт гэсэн хоёр төрөлд ялагч болсон; тэр жил "Titanic" Оскарыг "шүүрдсэн" билээ.

Time сэтгүүл "L.A. Confidential" киног 1997 оны шилдэг бүтээлээр нэрлэсэн бол Кино Критикүүдийн Үндэсний Нийгэмлэг мөн уг киног жилийн шилдэг киногоор шалгаруулсан. 2009 онд Лондонгийн кино критикүүд "L. A. Confidential" киног сүүлийн 30 жилийн шилдэг киноны нэгээр тодруулсан бол New York Magazine Оскарын шилдэг кино төрөлд ялагч болоогүй шилдэг кинонууд жагсаалтдаа багтаасан буй. Хатуу чанд хэмнэлтэй, нягт зохиолтой, Оскарын калибрын жүжигчдийн тоглолттой, ухаалаг бас зугаатай энэхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

  1953 он, Лос-Анжелес хотын цагдаагийн газар шалаар унасан нэр хүндээ сэргээх гэж шаардлагатай бүхнийг хийж байсан үе. Албан тушаалаас өөр юм боддоггүй түрүүч Exley домогт мөрдөгч асан аавыг нь алсан (хэзээ ч олдоогүй) алуурчныг хайна; тэрээр сэжигтнийг "Rollo Tomasi" гэж нэрлэх буюу энэ нэр шударга ёсны хариуцлагаас мултарсан аливаа гэмт хэрэгтнийг илтгэнэ. Алдар нэр хөөцөлдсөн, "Холливууд" хочит түрүүч Vincennes шар сонины сэтгүүлч Hudgens-тай нягт хамтран ажиллах буюу Vincennes алдартай одуудыг баривчилж, үүнийг нь Hudgens сониндоо нийтлэх замаар харилцан ашигтай ажиллана. Мунаг, бүхнийг нударгаар шийддэг офицер White-н багад нь аав нь ээжийг нь зодоод алчихсан учраас эмэгтэй хүнийг хүчирхийлэгчдийг нэг нүдээрээ үзэхгүй. Зул сарын өмнөх өдөр White дээд зэрэглэлийн янханууд болох Lynn, Susan, болон халагдсан цагдаа Meeks нартай архины дэлгүүрийн гадаа таарна.

  Тэд кино од хүүхнүүдийн дүрд хувиран гоо сайхны мэс засал хийлгэсэн янхан хүүхнүүд ба янхны нууц газар ажлуулдаг Patchett гэгч баяны "ажилчид" болно. Сайхь уулзалтаас эхлэн цагдаа White, янхан Lynn хоёрын дунд "учир" үүснэ. Тэр шөнө согтуу цагдаа нар хоригдлуудаа зодож, сонин хэвлэлээр бөөн шуугиан дэгдэж, Exley хэлтсийнхээ нэр нүүрийг аврахын тулд зөвхөн тэтгэвэрт гарсан цагдаа нарыг шүүх санал гаргаснаар дэслэгч цол хүртэх бөгөөд тэр Vincennes-г мэдүүлэг өг гэж ятгаж чаддаг ч White татгалзсанаар ажлаасаа халагдана. Мөн White-н найз, хамтрагч Stensland зодоонд оролцсон хэргээр ажлаасаа халагддаг агаад бусад цагдаа нар матаач байсных нь төлөө Exley-г гадуурхаж эхэлдэг. Эрх мэдэлтэй мафийн босс Mickey-г шоронд хийсний дараа цагдаагийн ахмад Smith шинэ мафийн босс болох гэж оролдсон этгээдүүдийг айлгахын тулд ширүүн White-г хажуудаа авдаг. Mickey шоронд орсон ч түүний дор ажиллаж байсан хүмүүс учир битүүлгээр үхэж, мөн их хэмжээний герион алга болчихно.

Нэгэн кофе шопт аллага болж, олон хүмүүс алагдсаныг дотор Susan, Stensland хоёр үхсэн болохыг хэргийг мөрдөхөөр болсон Exley олж мэднэ. Гурван Африк гаралтай Америк залууг уг хэрэгт сэжиглэн баривчлах ба байцаалтын явцад тэд нэг хүүхнийг хулгайлаад гэртээ нууж хүчиндэж байсан нь тогтоогдоно. White хүүхэнг суллахаар давхиж очоод барьцаалж байсан этгээдийг үг дуугүй буудаж хөнөөчихөөд аргагүй эрхэнд биеэ хамгаалсан болгон тохируулна. Бараг энэ үеэр өнөөх сэжигтэн гурав шоронгоос оргож, Exley араас нь хөөж очоод бүгдийг нь алснаар хэргийг хааж, Exley Эр Зоригийн одонгоор шагнагдана. Гэсэн хэдий ч энэ хэрэг цаанаа л дутуу санагдаад байгаа цагдаагийн зөнгөөрөө мэдэрсэн Exley, White нар орхиж ч чадахгүй бие даан мөрдсөөр байв. White Susan-н ээжийг байцаах явцдаа ээжийнх нь байшингийн дор Meeks-н цогцос байхыг олж илрүүлнэ. Мөн тэрээр Mickey-н хуучин бие хамгаалагчийг байцааж, Meeks алга болсон герионтой холбоотой болох нь илчлэгдэнэ.

Нэг нь хэргийг баримтжуулж, нөгөөх нь шоронгоор айлган хамтран ажилладаг Vincennes, Hudgens хоёр ижил хүйстэн жүжигчин Matt болон мөн "цэнхэр" дүүргийн прокурор Loew хоёрын болзоог зохион байгуулж, шантаажны зургууд авдаг. Гэтэл Matt алуулсан болох нь удахгүй тогтоогдсоны дараа гэмшсэн Vincennes Exley-н саналыг хүлээн аваад хамтарч эхэлнэ. Vincennes ухаж төнхсөөр Meeks, Stensland нар өмнө нь ахмад Smith-н удирдлага дор ажиллаж байхдаа Hudgens, Patchett хоёрын мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн садар самуун явдлыг зургаар баримтжуулаад улмаар шантаажилдаг байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг нь олж мэднэ. Гайхаж бас эргэлзсэн Vincennes Smith-тэй ярилцахаар гэрт нь очтол Smith түүнийг гэнэдүүлэн буудчихна; Vincennes үхэхдээ "Rollo Tomasi" гэж хэлдэг. Smith Exley-тэй уулзахдаа Exley-н зөвхөн Vincennes-д л хэлж байсан "Rollo Tomasi" гэж юу вэ гэж асуухад Exley-д хар төрж эхэлнэ. Smith угаасаа хоорондоо таардаггүй White, Exley хоёрыг алалцуулахын тулд Exley Lynn-н секс хийж байгааг Hudgens-ээр баримтжуулахыг хүсэн, улмаар амжилттай зохион байгуулна. Exley өрсөлдөгчийнхөө хүүхэнд татагдаж ирсэн бөгөөд дарга Patchett-нхаа заавраар хөдөлдөг хөөрхий Lynn-д эсэргүүцэх эрх мэдэл байсангүй, Exley-г урхидаад унтаж орхино.

  Галзуу бух шиг ууррсан White Exley-г балбана ч ухаалаг Exley хөшигний ард Smith байгааг учирлан ойлгуулж чадна. Тэдний дүгнэлтээр Stensland-г алахын тулд кофе шопийн аллагыг зохион байгуулсан, Meeks бас энэ бүхнийг нэг хэсгээс гадна Африк гаралтай гурван залууг хилсдүүлэн энэ хэрэгт оруулсан буюу бүхний ард Smith байгаа нь тодорхой. White, Exley хоёр дүүргийн прокурор Loew-той нэлээд чанга "ярилцсаны" эцэст Smith, Patchett хоёр Mickey-н үлдээсэн эзэнт гүрэнд эзэн суухаар энэ бүх аллага, хядлагыг хийж байгааг мэдэж авна. Гэвч тэд Patchett, Hudgens хоёр алуулсан болохыг удалгүй мэднэ. Smith эцсийн аргаа хэрэглэн White, Exley хоёрыг устгахаар биечлэн хэдэн хүмүүсийн хамтаар хөдлөх бөгөөд багагүй цус асгаруулсаны эцэст White маш хүнд шархдаж, Smith алуулж, Exley дахин нэг одонгоор шагнагдана. Киноны төгсгөлд олон нийтэд хэлтсийн нэр хүндийн төлөө Smith-г баатар болгодог. Харин Lynn, White хоёр Аризона руу явдаг.

Найруулагч Curtis Hanson "L.A. Confidential"-аас өмнө James Ellroy-н номуудыг уншиж байсан ба үйл явдалд нь бус дүрүүдэд нь татагдсан гэдэг. Ellroy-н энэхүү роман нь Hanson-г Лос-Анжелес хотын тухай бодоход хүргэж, улмаар 1920-1930-аад  оны алтан үеийн Лос-Анжелесын бүхий л мөрөөдөл нуран унаж байгааг харуулсан кино хийх боломжтойг ухаарчээ. Кино зохиолч Brian Helgeland анхлан найруулагч Uli Edel-тэй хамтран "Viking" гэдэг кино дээр ажиллахаар Warner Bros-той гэрээ байгуулсан. Helgeland Ellroy-н романуудыг бишрэгч байсан бөгөөд 1990 онд Warner Bros "L.A. Confidential" номын эрхийг авсан гэж сонсоод зохиолчоор нь ажиллахаар лоббидож үзсэн ч студи алдартай кино зохиолчтой ажиллахыг илүүд үзэж байв. Hanson найруулагчаар ажиллахаар болсныг олж мэдсэн Helgeland "The River Wild" киногоо хийж байхад нь Hanson дээр явж очоод ярилцсан ба тэд хоёулаа Ellroy-н номуудад дуртай байсан учир асуудалгүй ойлголцож, номыг хэрхэн кино дэлгэцнээ хөрвүүлэх талаар тохиролцсон аж.

Helgeland-н хэлснээр, Hanson тэр хоёр номноос гол дүрийн гурван цагдаа ороогүй бүх үзэгдлийг хасаад дараа нь хассан үзэгдлүүд дээрээ ажиллажээ. Hanson-н хэлснээр, тэд үзэгчдийг сорихыг хүссэн ч бас төөрөгдүүлэхийг хүсээгүй аж. Тэд кино зохиол дээрээ хоёр жил ажилласан. Тэд мөн Ellroy-той ярилцсан байдаг. Ellroy Hanson-н "The Bedroom Window", "Bad Influence" кинонуудыг үзсэн бөгөөд Hanson-г "чадварлаг, сонирхолтой түүх хүүрнэгч" гэж үзсэн боловч Hanson-тай биечлэн уулзах хүртлээ номоо кино болно гэдэгт итгэлгүй байв. Хожим Ellroy "Тэд номын үндсэн цөм хийгээд гол сэдвийг хадгалсан" гэсэн буй. Найруулагч Hanson жүжигчин Russell Crowe-г "Romper Stomper" киноноос хараад хайж байсан "зэвүүн, аймаар гэхдээ сэтгэл татам" зан төрхөө олжээ. Russell Crowe уг киноны эх романыг бичсэн James Ellroy-ын "The Black Dahlia" бүтээлийг уншиж байсан ч яг "L.A. Confidential"-ийг нь уншаагүй байж.

Кино зохиолыг уншсан жүжигчин маань Bud White дүрийнхээ "өөрийгөө зөвтгөсөн ёс суртахуунтай загалмайн дайчны" зан чанарт татагдсан ба найруулагч зохиол дээрх White-н зарим хэсгийг Crowe-тай хамт сургуулилт хийн бичиж аваад продюсер нартаа үзүүлэхэд тэд ногоон гэрлээр зөвшөөрчээ. Дараа нь Guy Pearce сонгон шалгаруулалт орсон ба Ed Exley дүрд түүнийг яг тохирно гэж Hanson удаан хугацаанд бодож явжээ. Тухайн үед Guy Pearce "The Adventures of Priscilla" киногоороо алдаршаад байсан ч Hanson эл киног зориуд огт үзээгүй агаад үзчихвэл шийдвэрт нь нөлөөлж магадгүй гэж эмээжээ. Pearce анхлан дүрдээ дургүй байсан ч аажмаар дүрээ ойлгож, хүндэлж эхэлснээр асуудал шийдэгджээ. Тухайн үед Crowe, Pearce хоёрыг Хойд Америкийн үзэгчид сайн мэддэггүй байлаа. Hanson номоос мэдэрсэн мэдрэмжээ жүжигчдээрээ дамжуулан киногоороо илэрхийлэхийг хүссэн; Hanson:"эхлээд дүрүүдийн аль нь ч танд таалагддаггүй ч тэдний түүхэнд гүнзгий орох тусам илүү ихээр ойлгож эхэлдэг. Би үзэгчид жүжигчдийг мэддэг учраас аль хэдийнээ таалаад эхэлсэн байгаасай гэж хүсээгүй". 

  Hanson жүжигчид болон кино багийнхандаа 1950-аад оны Лос-Анжелесийн тухай ойлголт төрүүлэхийн тулд жижигхэн кино наадам зохиож, долоо хоногт нэг кино үзүүлдэг байжээ. Холливуудын гял цал тансаг байдлыг харуулах гэж "The Bad and the Beautiful" киног, Холливуудын энэ тансаг сайхны цаадах муу муухайг мэдрүүлэх гэж "In a Lonely Place" киног, 1950-аад оны футуристик, цөмийн дайны эрин үеийг ойлгуулахын тулд "Kiss Me Deadly" зэрэг классик кинонуудыг үзүүлсэн аж. Мөн Hanson зураглаач Dante Spinotti-той хамт гэрэл зурагчин Robert Frank-н 1958 оны "The Americans" номыг судалсан нь киноных нь дүрслэлд үлэмж нөлөөлсөн байдаг. Критикч Roger Ebert уг киног "дур булаам, үзэсгэлэнтэй, увайгүй бас гэнэтийн эргэлттэй, маргаангүй оны шилдэг кинонуудын нэг"  гэсэн. Kevin Spacey энэ кинонд дэгжин, тайван цаанаа л нэг зэвүүн дүрийг тултал бүтээсэн; ер нь Spacey-г үзэх үргэлж тааламжтай байдаг. Guy Pearce миний хувьд энэ киноны хамгийн шилдэг жүжигчин нь байсан. Тэр улам бүр чангарсаар байхын зэрэгцээ анхнаасаа л замналдаа анхаардаг байсан нь төгсгөлдөө ч өөрчлөгддөггүй хэдий ч ёс суртахуунаа бүрэн огоордоггүй, зэвүүн дүр. Russell Crowe өвөрмөц бас хүүхнүүдийн хүсэмжит халуухан залуугийн дүрийг байж болох сайнаар бүтээсэн. Kim Basinger мэдээж дур татам халуухнаас гадна дотроосоо ариун сайхныг буюу итгэхүйц гэрлийг цацруулдаг. Зарим критикүүд уг киноны хамгийн том од нь Лос-Анжелес хот өөрөө гэсэн байхад Roman Polanski-н "Chinatown" шедевртэй харьцуулсан нийтлэл ч байдаг. 

Comments