Учирч болохгүй эмэгтэй

 


Fatal Attraction (1987). Английн кино найруулагч Adrian Lyne-н сэтгэлзүйн триллер. Энэ киног мөн Английн найруулагч  James Dearden-н 1980 онд хийгдсэн "Diversion" гэдэг богино хэмжээний киноноос сэдэвлэн хийсэн ба кино зохиолыг James Dearden бичиж өгсөн. Энэ бол араар тавилт, нууц амрагийн хор уршигтай талыг харуулсан гайхалтай триллер бөгөөд үйл явдлыг нь хойно тодорхой өгүүлэх болно. Киноны гол дүрүүдэд Michael Douglas, Glenn Close, Anne Archer нар тоглосон. 14 саяар бүтээд 320 саяын ашиг олсноороо тэр жилийнхээ хамгийн өндөр ашиг олсон Америкийн кино болсон. 60 дахь удаагийн Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй гол дүр (Glenn Close), шилдэг эмэгтэй туслах дүр (Anne Archer) гэсэн 6 төрөлд нэр дэвшсэн. Өнөөдөр "Fatal Attraction" култ статустай болсноос гадна 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны дунд үе хүртэлх эротик триллер жанрын тэсрэлтийг бий болгосон аж.

  Уг кино найруулагч Nicholas Meyer-н тусламжтайгаар буюу зуучлалын ачаар бүтжээ. 1986 онд продюсер Stanley R. Jaffe түүнд James Dearden-н боловсруулсан зохиолыг харахыг хүссэнээр Dearden-н богино хэмжээний кино бүрэн хэмжээний кино төсөл болжээ. Анх John Carpenter найруулахаар болсон ч Carpenter 1971 оны "Play Misty for Me" кинотой дэндүү адилхан байна гээд найруулахаас татгалзжээ. Хэдэн долоо хоногийн дараа Meyer Adrian Lyne-тэй уулзаад тохиролцоонд хүрчээ. Stanley R. Jaffe, Sherry, Lansing гэсэн продюсерүүд гол дүрд Glenn Close-г тоглуулна гэхэд эргэлзсэн, учир нь Glenn хангалттай дур булаам биш гэж үзсэн. Тэд маш олон эмэгтэй жүжигчидтэй холбогдсон; анхны сонголт Barbara Hershey байсан, тэр өөрөө ч тоглохыг хүссэн авч боломжгүй болоод больжээ. Lyne Францын жүжигчин Isabella Adjani-г сонгохыг хүссэн ч бүтээгүй, Tracey Ullman нааштай байсан ч туулай чанадаг хэсгээс болж татгалзсан, Olivia Hussey мөн энэ шалтгаанаар төсөлд нэгдэхгүй гэсэн. Ellen Barkin, Debra Winger, Susan Sarandon, Michelle Pfeiffer, Melanie Griffith, Jessica Lange нарын жүжигчид тоглох дүр, киноноосоо айх юмуу жигшиж татгалзсан байдаг. Glenn тууштай байж, Jaffe-тэй хэдэнтээ уулзсаны дараа Lyne, Lansing хоёрын өмнб Michael Douglas-тай хамт шалгалт өгөх боломжийг олж авчээ. Шалгалтад Glenn төрөлхийн буржгар үсээ дэгжин засаад, бариу хар даашинз өмсөөд очсон нь найруулагч, продюсерүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж чаджээ.

Glenn үнэхээр гайхалтай харагдаж байсан, тэс өөр төрхтэй болсон байсан хэмээн Lansing өгүүлсэн байдаг. Шалгаруулалтад Douglas, Glenn хоёр киноны эхлэл хэсгийн кафед Alex Dan-тай сээтэгнэдэг хэсгийг тоглосон ба Glenn дотроо би баларлаа, замнал минь ингээд дууслаа гэж бодсон ч Lyne, Lansing хоёр түүнийг дүрд яг тохирох жүжигчин гэж үзээд сонгосон байдаг. Lyne: "Glenn ер бусын эротик өөрчлөлт хийсэн байсан. Тэр хуял тачаал, уур хилэнгийн эмгэнэлтэй, төөрөлдсөн холимог байсан. Би Alex-г амьдрал дээр гараад ирэхийг харсан". Glenn дүрдээ бэлтгэхийн тулд, Alex-н сэтгэц, сэдлийг ойлгох гэж хэд хэдэн сэтгэлзүйчдээс зөвлөгөө авсан. Түүнд Dan-н охины тэжээмэл туулайг чанадаг хэсэг эвгүй байж, хэтэрхий хэрцгий санагдаж сэтгэлзүйчдээс зөвлөгөө авахад сэтгэлзүйчид ийм үйлдэл байх бүрэн боломжтой, Alex-н зан авир нь хүүхэд байхдаа ойр дотныхоо хүнд хүчирхийлүүлж байсан хүмүүсийнхтэй тохирч байгааг хэлжээ. Дүр нь үхдэг зураг авалтын үеэр Glenn тархиндаа доргилт авч эмнэлэгт хэвтсэн бөгөөд зураг авалт явагдаж байх хугацаанд жирэмсэн болсноо мэджээ.

Анхны бичсэн хувилбарт, киноны төгсгөлд Dan-н орхисон хутгаар Alex өөрийгөө егүүтгэдэг аж, нөхрийг нь цагдаа нар авч явахыг харсан Beth Alex-н Dan руу өөрийнхөө амийг хорооно гэж заналхийлсэн хуурцагийг олдог ба Beth хуурцагийг цагдаад өгснөөр нөхрөө авардаг бол сүүлчийн сцэнд Alex хэрхэн хоолойгоо хэрчиж байгааг харуулдаг аж. "Fatal Attraction" киноны туршилтын үзвэрээр кино Alex-н ялалтаар төгсч байгаа санааг илэрхийлж байгаад хүмүүс дургүй байв. Үүнээс болж Paramount студид төгсгөлийг шинээр авахаар болжээ. Douglas киног л сайжруулж байвал өөрчилсөн ч яах вэ гэж хүлээж авсан бол бусад жүжигчид таагүй хүлээж авсны дотор Anne Archer энэ мэдээг сонсоод бараг л айж, уйлах нь холгүй юм болсон гэдэг. Харин Glenn эргэлзэж байсан, тэр дүр нь өөрийгөө хороож, үгүй хийх нь зөв гэж итгэж байв. Продюсер Lansing нэмэлт мөнгө өгнө гэсэн хүртэл найруулагч Lyne төгсгөлийг өөрчлөхгүй гэж зүтгэж байсан байхад Dearden бас дурамжхан ч байсан боловч өөрчлөлт киног том хит болгоно гэсэн ятгалгаар зөвшөөрчээ. Glenn өөрчлөлтийн эсрэг 2 долоо хоног тэмцэж, эцэст нь жүжигчин William Hurt-н ятгалгаар зөвшөөрсөн байна.

Хэдийгээр киноны төгсгөл түүний хүссэн шиг байгаагүй боловч шинэ төгсгөл үзэгчдэд катарсис мэдрэмж, гэр бүлийнхэн яадаг ч байлаа гэсэн хар дарсан зүүд шиг нөхцөл байдлыг давж гардаг гэсэн итгэл найдвар өгдөг учраас энэ өөрчлөлт хэрэгтэй байж, киног амжилттай болгосон гэж Glenn хүлээн зөвшөөрсөн байдаг. Glenn хожим дүрийнхээ тухай ярихдаа "Би дүрээ хэзээ ч хорон санаатан гэж бодож байгаагүй, би байдаг л нэг дүрд тоглоогүй, би улиг болсон дүрд тоглоогүй, би маш онцгой, сэтгэл санааны гүн хямралд орсон, эмзэг хүний дүрд тоглосон". Dearden энэ зохиолыг бичсэндэа харамсдаггүй гэж хожим хэлэхдээ тэрээр Alex-г мангас болгохыг хүсээгүй, харин өршөөлгүй хотод хүчир ажил хийдэг гунигтай, эмгэнэлтэй, ганцаардсан эмэгтэй болгохыг хүссэн гэжээ. Dearden 2014 онд театрт жүжиг болгон тавихдаа Alex-г хорон санаатай, эмгэнэлтэй дүр болгохоос татгалзсан байдаг ажээ. Критикч Janet Maslin найруулагчийн найруулгыг магтаад; нэг хэвийн сэдэвт гаргууд манипуляцтай хандахдаа хүлээлтээс давсан хүчтэй савангийн дуурийг бүтээдэг гэжээ. Критикч Richard Schickel кинонд Douglas, Glenn хоёрын тоглолт "үхлийн гоо үзэсгэлэн" өгдөг гээд Dearden-н үнэмшилтэй, судалгаатай зохиол, Lyne-н мэдрэмжтэй найруулга, Glenn-н солиотой хүнд хувирсан хувиралт  гайхамшигтай ба тэд хамтдаа насанд хүрэгчдэд жинхэнэ аймшгийг мэдрүүлдэг гэж бичжээ.

  Susan Faludi зэрэг эмэгтэй зохиолчид Alex-г чөтгөр шиг муухай харагдуулах гэж киноны үйл явдлыг бүхэлд нь өөрчилсөн гэж маргаан дэгдээсэн бөгөөд мөн Dan хайхрамжгүй, хариуцлагагүй, энэрэнгүй байгаа мөртлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, түүнийг хэн ч буруутгахгүй, асуудлыг анхлан үүсгэгч нь уснаас цэвэр гарч байна гэж зад шүүмжилсэн байдаг. Glenn хожим нэгэн ярилцлагадаа; "Эрчүүд одоо ч над ирээд "Та намайг үхтэл айлгасан" гэж хэлдэг. Заримдаа тэд "Та миний гэрлэлтийг аварсан" гэж хэлдэг" гэсэн буй. Критикч Barry Norman уг кинонд феминистүүд бухимдалтай хандаж байгааг ойлгож байгаагаа илэрхийлж, энэ кино Clint Eastwood-н "Play Misty for Me" кинотой төстэй гэсэн байдаг. Гэхдээ тэрээр гурван гол дүр маш сайн тоглосон, кино зохиол нягт сайн болсон гэжээ. "Fatal Attraction" киног зарим судлаачид нуар жанрт хамаатуулдаг. Сэтгэцийн эмч нар Alex-н дүрд анализ хийж, түүнийг Завсарын зан авирын эмгэгтэй гэж тодорхойлсон; тэрээр цочмог зан авиртай, сэтгэл хөдлөл тогтворгүй, орхигдохоос айдаг, огцом ууртай, өөрийгөө гэмтээдэг, мөн бусдыг шүтэх юмуу үл ойшоох хоёрын шилжих эмгэгтэй гэжээ. Ийм эмгэгтэй хүн бусдад хор хүргэхээсээ илүү өөртөө түрэмгий хандах хандлагатай байдаг ажээ.

  Slant Magazine Alex-г "хамгийн алдартай 15 психопат" дүрийн нэгээр нэрлэжээ. "Fatal Attraction" кинонд, Dan гэдэг өмгөөлөгч нэгэн ажил хэргийн үдэшлэг дээр Alex гэдэг хүүхэнтэй учирснаар амьдрал нь орвонгоороо эргэж буй тухай өгүүлдэг. Dan хөөрхөн жаахан охин, үзэсгэлэнтэй эхнэртэй. Эхнэр, охин хоёр нь амралтын өдрүүдэд хадмууд руу явсан хойгуур Dan Alex-тэй болзож, түргэн ойлголцож, гал халуун сексийг лифтэнд, гал тогооны угаалтуур дээр, мөн мэдээж орон дээр хийнэ. Найруулагч Adrian Lyne иймэрхүү сексийн үзүүлбэрийг мөн "9 1/2 Weeks" кинондоо харуулдаг билээ. Маргааш нь, Dan хүүхэнд гэрлэлтэдээ сэтгэл дүүрэн явдаг, энэ учрал бол ганц шөнийн зугаа байсан гэж тодорхой хэлдэг. Alex энэ учралыг түүн шиг хардаггүй; секс дуусангуут л тэрээр Dan-аас анхаарал халамж шаардаж эхэлнэ. Dan шууд л татгалзах ба энэ мөчөөс хүүхний сэтгэцийн өвчин эхэлнэ.

  Alex түүний ажил дээр очиж, шөнө дунд гэр рүү нь залгаж, дүрээ хувирган гэрт нь зочлох зэргээр эхнэртэй эрийн хар дарсан зүүдэнд л байж болох бүхнийг хийнэ. Dan түүнтэй ярилцаж, ятгаж, загнаж, сүрдүүлж, гуйж үзээд тусыг эс олно. Киноны эхэн хэсэг сайн, дунд хэсэг бүр сайн; энд иртэл James Dearden-н харилцан яриа өө сэвгүй байдаг. Харин киноны гурав дахь буюу төгсгөлийн хэсэг сул. Үүссэн асуудлын талаарх нөхөр, эхнэр хоёрын яриа, тэдний гэрлэлтийнхээ төлөө хэрхэн хандах хандлагыг илүү бодитой гаргаж, бас Alex-н ухаанд юу өрнөж байгааг илүүтэй тодотгосон бол зүгээр байх байсан болов уу. Гэтэл киноны төгсгөл аймшгийн киноных шиг болоод дуусдаг. Миний санаа бол кино анхныхаа хувилбараар төгссөн бол илүү сайн байх байсан. 

Comments