Poor Things (2023). Грекийн кино найруулагч Yorgos Lanthimos-н найруулсан зарим судлаачдын үзэж буйгаар "Steampunk" (шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын дэд жанр) төрлийн кино. Австралийн кино зохиолч Tony McNamara Шотландын зохиолч Alasdair Gray-н ижил нэрт романыг кино дэлгэцнээ хөрвүүлжээ. Киноны гол дүрүүдэд; Emma Stone, Mark Ruffalo, Willem Dafoe, Ramy Youssef нар тоглосон. Кино Венецийн 80 дахь удаагийн наадмаар нээлтээ хийж, Алтан Арслан шагнал хүртэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дотор Emma Stone-н тоглолтод халуун баяр хүргэсэн. Кино мөн Оскарын наадамд дөрвөн шагнал хүртсэний дотор Emma Stone шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болсон билээ. 2009 онд найруулагч Lanthimos 2009 онд "Poor Things" романы эрхийг худалдаж авахаар Шотландыг зорьсон ба тэрээр зохиолч Alasdair Gray-н талаар ийнхүү өгүүлсэн: "Тэр үнэхээр сайхан хүн байсан. Харамсалтай нь, тэр биднийг кино хийхээс хэдхэн жилийн өмнө нас барсан, гэхдээ тэр маш онцгой, эрч хүчтэй хүн байв. Биднийг уулзахад тэр 80 орчим настай байсан байх. Намайг түүн дээр очиход миний "Dogtooth" киног үзсэн, намайг тун авъяалаг, залуу хүн байна гэж хэлж билээ".
Мөн Lanthimos-н хэлснээр Gray түүнийг дагуулан номондоо оруулсан Глазго хотын тусгай газруудыг биечлэн үзүүлжээ. 2018 онд "The Favourite" киноны зураг авалтын үеэр Lanthimos гол дүрд тоглож байсан Emma-тай шинэ төслийнхөө тухай ярилцсан ба найруулагч "The Favourite" кино амжилттай болсны дараа шууд шинэ төсөлдөө оржээ. Энэ амжилтаас хамааран илүү өндөр өртөгтэй кино хийх боломж түүнд олдож, продюсерууд "одоо юу хүсч байна" гэж асуухад тэрээр "Би Gray-н номыг кино болгомоор байна" гэснээр энэ бүхэн бодит ажил болов. "Энэ урт удаан хугацааны үйл явц байсан ч ном миний тархинд үргэлж хадаатай байсан" гэж Lanthimos хэлсэн байдаг. Өнөө цагийн шилдэг найруулагчдын нэг Lanthimos-н гайхалтай төсөөлөлт, Emma Stone-н эрэлхэг, бишрэм тоглолттой уг бүтээлийн үйл явдлыг товчхон өгүүлсү.
Викториан үеийн Лондон; анагаах ухааны оюутан Max галзуу эрдэмтэн Godwin-н туслах болж, гэрт нь байх хачин этгээд авиртай, хэлгүй мэт залуухан хүүхний үйл хөдлөлийг тэмдэглэхээр болно. Галзуу эрдэмтний хэлснээр сайхь хүүхнийг гүүрэн дээрээс амиа хорлож үхсэн байхад нь олсон, олох үед хүүхэн жирэмсэн байсан агаад Godwin хүүхний үхсэн тархийг ургийнх нь тархиар солиод, эх бие нь хүүхдийг оюун ухаантай болсон нь энэ буюу Bella гэдэг нэр өгсөн нь Max-д илэрхий болдог. Долоо хоногоос долоо хоногт Bella-н үгсийн сайн сайжирч, ертөнцийг хүүхэд мэт гайхан хүлээн авдаг. Max Bella-д дурласныг анзаарч Godwin тэднийг гэрлүүлэхийг хүсдэг бөгөөд Bella зөвшөөрдөг хэдий ч гар хангалга хийх зэргээр бэлгийн дур хүслээ олж нээх үетэй зэрэгцэн садар хуульч Duncan түүнийг уруу татсаны дараа тэд Лиссабон руу зугтацгаачихна. Лиссабонд Bella өөрийнхөө дур хүслийг бүрнээр нээж, тэд сексээс өөр зүйл бараг хийхгүй өдөр хоногийг өнгөрүүлнэ. Bella-г нэг удаа зочид буудалд хатагтай Victoria гэсэн андуурал гардагийг санууштай.
Bella-г хянахад улам бүр хэцүү болсон тул Duncan түүнтэй хамт далайн аялалд гардаг ба хөлөг онгоц дээр танилцсан хоёр танил нь хүүхний оюун ухааныг үлэмж гэгээрүүлдэг. Duncan түүнийг харанхуй байлгах гэж оролдоод тусгүйг мэдээд архи, мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлнэ. Хөлөг онгоц Александриа хотод саатахад Bella ядуучуудын зовлон зүдгүүрийг хараад сэтгэлээр унана. Bella ядуучуудад туслахыг хүсэж Duncan-н бүх мөнгийг ядуучуудад өгөхийг даалгаад хөлөг онгоцны багийн гишүүдэд "бэлэглэчихнэ". Аяллын төлбөргүй болсон гээд Bella, Duncan хоёрыг Марсельд буулгачих ба тэд явган Парист хүрэх бөгөөд мөнгө хийгээд байх байрны төлөө Bella эмсийн хүрээлэнд янхнаар ажиллаж эхэлнэ. Жигшсэн Duncan түүнийг орхиод явж оддог. Bella эмсийн хүрээлэнгийн шилдэг нь болж, мөн Toinette гэдэг янхан түүнд социализмыг танилцуулна. Хорт хавдартай болсон Godwin Bella-г дуудаач гэж Max-д хэлнэ. Max эрэл сурал болж яваад Duncan-г сэтгэц мэдрэлийн эмнэлэгт байхад нь олно.
Тийнхүү Bella төрүүлсэн бурхан дээрээ ирж, Max-тай гэрлэхээр болоод байтал генерал Alfie гэгч хүрч ирээд Bella-г Victoria гэж дуудах буюу хүүхнийг үхэхээс өмнө тэд эхнэр, нөхөр байсан, буцааж аваачихаар ирснээ хэлдэг. Bella өнгөрснөө мэдэхийн тулд Max-аас татгалзах агаад жинхэнэ гэртээ харьсан хойноо Alfie бол садист, хүчирхийлэгч болохыг, тиймээс ч амиа хорлосон болохоо олж мэддэг. Alfie түүний хэлүүг огтолж, жирэмслүүлээд харшдаа хорих төлөвлөгөөгөө хэлээд тайвшруулах эм өгөх гэж ноцолдож байгаад өөрөө хорондоо хордчихно. Bella Max-н тусламжтайгаар ямааны тархийг Alfie-н толгойд шилжүүлчихнэ. Godwin сэтгэл тайван амьсгал хурааж, Max, Bella хоёр шинэ амьдралаа эхлүүлж байхад ямаа болчихсон Alfie өвс идэж байгаагаар кино төгсдөг. "Poor Things" хийгдэх нь 2021 онд зарлагдсан. Өмнө нь хамтран ажиллаж, ойлголцдог болсон тул Stone-той ажиллах нь давуу тал болсон гэж Lanthimos хэлсэн буй. Stone мөн уг кинонд продюсерийн үүрэгтэй байсан ч өмнөх туршлагаас нь ялгаатайн байсан, жүжигчний хувиар, арын албаны ажилтны хувиар зэрэг ажиллах нь сонирхолтой байсан гэж өгүүлжээ. Жүжигчин Stone дүрдээ зориулж үсээ хараар будуулж, бас бүжгийн хичээлд суусан гэдэг.
Lanthimos-д түүний цайвар царай, хар үсний эсрэгцэл таалагдсан гэдэг. Stone нийгмийн дарамтаас ангид, чөлөөлөгдсөн сэтгэлгээтэй, дахин төрсөн эмэгтэйн дүрийг бүтээх санаанд татагдсан гээд цааш нь; "Энэ бол үлгэр, зүйрлэл юм. Ийм явдал болоогүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол хэдийнээ бүрэлдсэн биеийг шинээр эхлүүлж, бүхнийг анх удаа харж,бэлгийн амьдрал, эрх мэдэл, мөнгө эсвэл сонголтын мөн чанарыг ойлгохыг хичээж, нийгмийн дүрмээр биш өөрийнхөө сонголтоор байх чадвартай байх эмэгтэй хүний тухай кино байсан. Надад энэ ертөнцөд үнэхээр гайхалтай санагдсан учраас би тоглохоор шийдсэн" гэж ярьжээ. Мөн Stone дүрийнхээ ичгүүр сонжуургүй байдлыг онцгойлон үнэлсэн: "Bella амьдалдаа сэтгэлийн гэмтэл авч байсан ч яг одоо бол тэр эрүүл. Тэр юунаас ч ичдэггүй болохоор ертөнцийн хамгийн баяр жаргалтай хүн. Тэр бол шинэ хүн. Bella байх нь маш их эрх чөлөөг мэдрүүлсэн" гэжээ. Ramy Youssef, Willem Dafoe хоёр дүрдээ зориулан оршуулгын ёслолын ажиллагааны сургалтад сууж байжээ. Туршлагатай жүжигчин Dafoe найруулагчдаа хандаж; та хийж байгаа зүйлдээ итгэлтэй байгаарай, учир нь, бидний хийж байгаа кино эрсдэлтэй кино, энэ бол энгийн кино биш гэж хэлж байжээ. Мөн жүжигчин Dafoe өдөр бүр нүүр будалт, үс засалтад 4 цагийг зарцуулдаг байжээ.
Энэ киноны эрэгтэй дүр бүр өөрсдийн гэсэн сэдэлтэй хийгээд Bella-г өөрсдийнхөөрөө хянах ерөнхий хандлагатай байдаг. Эрэгтэй дүрүүдэд Викториан үеийн хандлага, хэв шинжийг суулгаж өгснөө найруулагч хэлсэн буй. Bella илүү мэдлэгтэй болж, илүү эрх мэдэлтэй болж, хөгжих тусам эрэгтэй дүрүүд эрүүл ухаанаа алддаг ба Bella хүсэл, хэрэгцээнийхээ талаар ойлголттой болох тусам эрчүүд галзуурдаг буюу эрчүүд Bella-г юу ч мэдэхгүй цэвэр хоосон цаас шиг байлгахыг хүсдэг. Киноны зураглаачаар ажилласан Robbie Ryan-н хэлснээр найруулагч Francis Ford Coppola-н "Bram Stoker's Dracula" кино энэхүү киног бүтээгчдийн үндсэн санааны эх сурвалж байсан аж. Мөн түүнчлэн Michael Powell, Emeric Pressburger хоёрын "Black Narcissus" болон Federico Fellini-н "And The Ship Sails On" кинонуудын нөлөө их байжээ. Кино судлаачид уг киноны жанрыг яг таг тодорхойлох дээр "маргалдсан" байдаг ба ерөнхийдөө секс комеди, готик комеди, бараан комеди, абсурд комеди жанрт хамаарагдах бололтой. Киноны хувцас загвар дээр ажилласан Holly Waddington Грек найруулагчтай хамтран ажилладаг агаад түүний загварчилдаг даашинзууд нь Bella-н өсөлтийг харуулдаг; тухайлбал даашинз нь Bella-н хэрхэн хүүхэд байхаас насанд хүрч байгааг илэрхийлдэг; киноны эхэнд тэр илүү уламжлалт даашинзтай байдаг бол хувирч сайжрахын хэрээр даашинз нь этгээд өвөрмөц болдог.
Зарим Шүүмжлэгч уг киног Lanthimos-н оргил ажил гэсэн байхад Emma Stone-г энэ киноны амин сүнс, секс сцэнүүд дээрх зоримог байдлыг нь бахдсан байна. The Guardian сэтгүүл: "мастер найруулагчийн комик туульс" гэсэн бол шүүмжлэгч David Rooney: "Emma Stone хошин дүрийг дараагийн түвшинд гаргалаа" гэжээ. Шүүмжлэгч Nicholas Barber энэхүү киног Wes Anderson, Terry Gilliam нарын кинонуудтай харьцуулсан. Гэхдээ дандаа сайшаал магтаал байсангүй; зарим шүүмжлэгчид киноны үргэлжлэх тусмаа уйтгартай, нэг хэвийн болсон гэж сөргөөр шүүмжилсэн нь үнэн буюу кино арай л урт хугацаатай хийгдсэн санагдах. Дизайн нь баялаг боловч хэлэх санаа нь дэндүү нимгэн юмуу хэтийдсэн байж магадгүй. Ямартай ч нэгэн шүүмжлэгчийн хэлснээр, энэ бол 141 минутын алдаа бол биш харин кино урлагийн амбиц, төсөөллийг харуулсан, магадгүй нэлээд феминист хандлагатай кино юм.
Comments
Post a Comment