Audition (1999). Японы кино найруулагч Takashi Miike-н хоррор. Японы нэрт зохиолч Ryu Murakami-н 1997 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэн Daisuke Tengan кино зохиолыг бичсэн. Энэхүү хоррорт, эхнэрээ долоон жилийн өмнө алдсан дунд эргэм насны эр дахин гэрлэхийн тулд кино продюсер найзынхаа тусламжтайгаар хуурамч дүрийн сонгон шалгаруулт зохион байгуулж байгаа тухай өгүүлдэг. Сонгон шалгаруултад янз бүрийн олон охид, хүүхнүүд ирж орох ба манай гол дүрийн сэтгэлийг залуухан балетчин байсан хүүхэн татна; гэвч хүүхний өнгөрсөн амьдрал дэндүү аймшигтай хар бараан байсныг тэр мэдсэнгүй. Киноны гол дүрүүдэд; Ryo Ishibashi, Eihi Shiina, Jun Kunimura нар тоглосон. "Audition" Ванкуверын олон улсын кино наадамд Японы бусад хэд хэдэн хоррор киноны хамт нээлтээ хийсэн боловч 2000 онд Роттердамын олон улсын кино наадмаар гарсныхаа дараа л критикүүдийн анхаарлыг татаж, FIPRESCI болон KNF шагналуудыг хүртжээ.
Уг киног Барууны критикүүд эерэгээр хүлээн авахдаа киноны оргил хэсгийн эрчтэй, хурц сцэнийг магтахын зэрэгцээ тус сцэн өмнөх хэсгүүдээсээ эрс эсрэгцэж байгааг онцолсон. Өнөөдөр эл хоррорыг бүх цаг үеийн хамгийн шилдэг хоррор кинонуудын нэгээр нэрлэх болсоноос гадна Eli Roth зэрэг Барууны хоррор киноны найруулагчдад хүчтэй нөлөөлсөн чухал кино гэж үзэх болжээ. Найруулагч Miike-н зоригтой, түгшүүртэй энэхүү хоррор нь нэгэн зэрэг психологийн триллер хийгээд сэтгэл хирдхийлгэм аймшигтай байж чаддаг. "Audition" киноны үндсэн продакшныг хийсэн компани бол Японы Omega Project аж. Omega өмнө нь найруулагч Hideo Nakata-н "Ring" хоррорын продакшны ажлыг хийсэн бөгөөд "Ring" Япон болон Азид үлэмж амжилт олсон билээ. Omega "Ring" киног Өмнөд Солонгост гаргахтай холбоотой асуудалтай тулгарсан учир AFDF Korea компаниар киноны Солонгос хувилбарыг гаргуулахаар тохиролцсон. Дараа жил нь Omega сайхь Солонгосын студи болон бас бус продакшны компаниудтай хамтран Ryu Murakami-н "Audition" номоор кино хийхээр болсон ба энэ удаа Omega ер бусын (supernatural) сэдэвтэй "Ring"-ээс өөр өнгө аястай кино хийхээр зорьсон нь чухамдаа Murakami-н романыг сонгох шалтгаан болж.
Шинэлэг зүйл туршиж үзэхийн тулд тэд өмнө нь хоррор кинонуудад ажиллаж байгаагүй шинэ хүмүүс болох кино зохиолч Tengan, найруулагч Miike нарыг хөлсөлжээ. "Audition" киноноос өмнө Tengan нь аав Shohei Imamura-нхаа "The Eel" киноны зохиолыг бичиж, тус кино нь 1997 оны Канны кино наадмын тэргүүн дээд шагнал хүртэж олонд танигдаад байв. "Audition" киногоо бүтээхдээ найруулагч маань зураглаач Hideo Yamamoto зэрэг өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ хамтарсан. Зураглаач Yamamoto бага залуудаа эцэг эхээ алдсан тул үхлийн тухай сэдэвт маш эмзэг ханддаг байсан гэж Miike ярьсан байдаг ба зураглаачийнх нь үхлийн тухай ярих дургүй, үхлээс айдаг шинж төрхийг кинондоо хамгийн сайнаар дамжуулан гаргаж, ашиглахыг хүссэн гэж тэрээр хэлсэн буй. Киноны хөгжмийг бичсэн Koji Endo нь Miike-н "The Bird Peoria in China" кинонд ажиллаж байсан байхад эвлүүлэгчээр ажилласан Yasushi Shimamura нь найруулагчийн "Lady Hunter: Prelude To Murder in 1991" кинонд ажиллаж байдаг. Жүжигчин Ryo Ishibashi Miike-тэй хамтран ажиллах хүсэлтэй байсан болохоор дүрийн саналыг шууд зөвшөөрсөн аж. Ishibashi аймшгийн төрлийн кинонд дуртай биш ч энэ төслийн хүний мөн чанарыг тодотгосон кино зохиол таалагдсан гэжээ.
Загвар өмсөгч байсан Eihi Shiina энэ кинонд тоглосноороо жүжигчний замналаа эхлүүлсэн байдаг. Shiina найруулагчийн "Blues Harp" киног үзээд таалагдсан учраас Miike-тэй уулзсан ба тэд анх уулзаад хайр, үерхэлийн тухай ярилцахдаа загвар өмсөгчийн бодол санааг нэлээд асуусан аж. Хоёр дахь уулзалтаараа Miike түүнд Asami-н дүрд тоглохыг санал болгосон ба Shiina өөрийгөө илэрхийлсэн сэтгэл, бодол нь дүрийг авах шалтгаан болсон гэж бодсон болохоор дүрээ аль болох өөрийнхөөрөө, хэтрүүлэхгүйгээр бүтээхийг зорьсон гэдэг. Уг хоррорын зураг авалт ойролцоогоор гурван долоо хоног үргэлжилсэн нь тухайн үед Miike-н хувьд долоо хоногоор илүү хугацаа байж, ер нь ийм богино хугацаанд зураг авалт хийдэг найруулагчид ховор байдаг. Кинонд гарах Asami-н байр болон ресторан дахь сцэнүүд жинхэнэ байр, ресторанд зураг нь авагджээ. Киноны төгсгөл дэх тамлалын сцэнд Asami "Kiri-kiri'kiri" гэж хэлдэг; зураг авалтын үеэр Asami эхэндээ эдгээр үгсийг амандаа шивнээд байж, Miike түүнтэй ярилцсаны дараа Shiina эдгээр үгсийг чанга хэлбэл тухайн сцэнийг илүүтэй аймшигтай болно гэж үзсэн нь үнэхээр ч аймшигтай болсон билээ. Ishibashi-н хэлснээр, төгсгөлийн тамлалын сцэнийг авах үеэр Miike тун хөгжилтэй байж, ялангуяа хөлийг тасддаг хэсэгт хөөрөн баясч байсан гэжээ.
Критикч Ken Eisner уг хоррорыг "үнэхээрийн цочирдуулам хоррор" гэж тодорхойлоод сэтгэлд хоногшим гоо үзэсгэлэн нь хүртэл түгшүүртэй гэжээ. Критикч Geoffrey Macnab нийтлэлдээ, удаан өрнөлтэй боловч эцэстээ сэтгэл донсолгосон аймшгийн кино, найруулагч Miike-н бусад кинонуудаас илүү нарийн, гүн агуулгатай дээд зэрэглэлийн сор бүтээл гэж бичжээ. Критикч Frank Scheck "Audition"-ийг сүүлийн жилүүдэд гарсан хамгийн эрмүүн, уламжлалт ойлголтыг эвдсэн хоррор киноны нэг гэсэн буй. Критикч Mark Schilling Shiina болон Ishibashi хоёрын гүйцэтгэлийг магтаж, Miike өөрийнхөө үеийн Японы тэргүүлэх найруулагчдын нэг болохын хувьд илүү том үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ гэжээ. 2010-аад оны эхээр Time Out сэтгүүл хоррор жанрт ажиллаж байсан найруулагч, зохиолч, жүжигчид, критикүүдийн дунд явуулсан шилдэг хоррор кинонуудыг тодруулах санал асуулгаар "Audition" шилдэг 100 хоррорын 18-р байрт бичигджээ. Ерөнхийдөө критикүүд, судлаачид киноны төгсгөлийн сцэнийг онцлон тэмдэглэсэн; Scheck-н бичсэнээр, найруулагч Miike киноныхоо эхний хагаст удаан хэмнэлтэй, хөнгөн хошигнолтой, нямбай найруулгаар үзэгчдийг бүүвэйлж байснаа төгсгөлийн хэсэгт Stephen King-н "Misery"-ийг ч гэмгүй мэт санагдуулам аймшгийг дэлгэн үзүүлдэг гэж бичжээ.
Критикч Robin Wood "Audition" киноны сэдвийг судалсан нийтлэлдээ, Miike-н ихэнх бүтээл цаг үеийнхээ иргэншлийн төлвийн тухай байдаг учраас сэтгэл түгшээм байдаг, өөрөөр хэлбэл найруулагч комик номын хэв маягийн хүчирхийлэлтэй устгал сүйрлийн фантааз түвшинд үйл явдлаа өрнүүлдэг гэжээ. Wood уг хоррорыг найруулагч Pier Paolo Pasolini-н "Salo" кинотой харьцуулахдаа энэхүү кино нь Аушвиц, Хирошима, Нагасаки, Вьетнамын гэмгүй ардуудад нацистууд болон Америкчуудын үйлдсэн хүнлэг бус аймшигт гэмт хэргийн баримтат дүрс бичлэгийг үзэхтэй адилхан тэвчишгүй байдаг гэж тодорхойлжээ. "Audition" кино Барууны үзэгчдэд таашаагдсанд огт гайхаагүй Miike ингэж ярьсан; "Барууныхны ухаанд юу эргэлдэж байдгийг, тэд юу сонирхож байдгийг би мэдэхгүй, энэ талаар бодох хүсэл ч алга. Тэд миний кинонд дуртай байсан нь надад сайхан санагдсан боловч яагаад таалагдсан юм бол, эсвэл үүнийг дахин давтахын тулд юу хийх юу хэрэгтэй эсэх талаар бодохыг хүсэхгүй байна" гэсэн буй. Жүжигчин Shiina хэлэхдээ, Японд киног нь зөвхөн тодорхой кино сонирхогчид л үзэн таашаасан бол хилийн чанадад илүүтэй алдаршсан явдал нь цаг үеэ олсон хэрэг гэж тайлбарласан байдаг. "Audition" киног "torture porn" буюу хэт харгислал, тамлалттай дэд хоррор жанрт нөлөө үзүүлсэн гэж үздэг; эл нэр томьёоллыг анхлан судлаач David Edelstein " Saw", "The Devil's Rejects" зэрэг кинонуудыг тодорхойлохдоо ашигласан ба ийм төрлийн кино нь үзэгчдэд ямар нэгэн зүйлийг мэдрүүлэхийн тулд гажуудлыг хязгаарт нь хүргэх замаар цочирдуулж, сэрдхийлгэм зураглалаараа ялгардаг аж.
Харин критикч Richard Corliss энэхүү хоррорыг "torture porn"-оос ялгаатай гэж маргасан ба тэрээр уг бүтээл "Saw" гэх мэт кинонуудаас ялгаатай нь үзэгчдийг цочроох зорилготой цус, яргалалд төвлөрдөггүй, Miike-н кинонууд дүрүүдийнхээ дотоод ертөнцөд нэвтэрч, тэдний хүсэл тэмүүлэл, хэт автсан утгагүй амбиц, мөн амьд гэдгээ батлахын тулд туйлширсан мэдрэмжийг мэдрэх гэсэн хэрэгцээг харуулдаг гэж бичжээ. "Audition" кино мюзик видео, комик, бусад медиа зэрэг поп соёлд (Барууны) нөлөөлж, олонтаа иш татагдсан байдаг. Найруулагч ихрүүд болох Jen болон Sylvia Soska хоёр уг киног хүндлэн дээдэлдэг гэж хэлсэн байдаг; тэд Asami-н дүрийн талаар ярихдаа, үзэгчид ихэвчлэн хоррор киноны эмэгтэй дүрийг авралгүй хохирогч гэж хардаг, харин Asami эхэндээ даруухан, эмзэг, турьхан мэт санагдаж байгаа ч найруулагч түүнийг хар бараан түүхийг чадварлагаар нууснаар төгсгөлийн 15 минутад түүнийг жинхэнэ өршөөлгүй мангас болгон харуулдаг нь найруулагчийн суу ухаан гэжээ. Мөн тэд Asami бол басамжлагдсан эмэгтэйн иррационал уур хилэнгийн төгс биелэл гэж тодорхойлжээ.
Найруулагч Quentin Tarantino эл бүтээлийг жинхэнэ шедевр гэсэн буй. Критикүүд "Audition" киног феминист ба мизогинист сэдэв агуулгатай гэж тайлбарлаж ирсэн; Asami амьдралдаа учирсан эрчүүдээс өшөө авч байгааг феминист сэдвийн хүрээнд тайлбарлах явдал их байв. Кинонд Aoyama-г хүйсээр ялгаварлан гадуурхах зан авиртай байж болзошгүй гэж дүрсэлсэн; тухайлбал түүний ирээдүйн эхнэртээ тавих шалгуурын жагсаалт гаргах, мөн эхнэр хайх зорилгоор хуурамч сонгон шалгаруулалт зохион байгуулах гэх мэтийг дурдаж болно. Зохиолч Tom Mes "Agitator: The Cinemax of Takashi Miike" номондоо, Aoyama-г тамлаж, зэрэмдэглэж байгааг Asami-н өшөө авалт гэж харж болно гэж бичжээ. Критикч Dennis Lim кино нь эрэгтэй хүний эмэгтэй хүнээс, эмэгтэй хүний сексийн амьдралаас айх айдсын тухай гэсэн сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрээр мөн, киноны эхний хагаст эмэгтэй хүнийг илэрхий объект гэж харуулдаг бол харин хоёрдугаар хагаст Asami "өшөө авагч сахиусан тэнгэр" болж хувирснаар сайхь тэнцвэргүй байдлыг тэнцвэржүүлдэг гэсэн буй. Критикч Chris Pizzello энэхүү киноны тухай нийтлэлдээ, киноны төгсгөлийн хэсгийг Aoyama-н эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж байсан, эмэгтэйчүүдийг дарангуйлах дур хүслээс үүдэлтэй гэм буруугийн мэдрэмжийн илэрхийлэл гэж үзэхийг санал болгосон байна. Aoyama эмэгтэй хүн рүү хандсан садист бодолтой байдаг гэж үзвэл эцэстээ тэр объект гэж үздэг зүйл нь өөрт нь халдан довтлох бий гэсэн айдсаасаа болж параной маягийн фантааз-д автсан байж болох юм. Гэтэл дээрх бүхнийг буюу киноны төгсгөлийн хэсгийн тамлалтын сцэн нь Aoyama-н параной хар дарсан зүүд биш гэж найруулагч маань өөрөө мэдэгдсэн байдаг.
Mes уг хоррорыг феминист хөрөг гэж үзэж болохгүй, учир нь Asami-н сэдлийн угт ямар ч идеологи байхгүй гэж маргасан. Үнэхээр ч хэрэв Asami өөрт нь худал хэлсэн гэж Aoyama-гаас өшөө авч байгаа юм бол тэр өөрөө ч бас Aoyama-д анхнаасаа худал ярьсан байдгийг бодолцож үзэх ёстой санагдана. Тамлалтын сцэний үеэр Asami түүнд "би чамд бүгдийг хэлмээр байна" гэж хэлдэг нь өмнө нь үнэнээ хэлээгүйг нь илтгэхгүй гэж үү? Мөн түүнчлэн Asami-н хохирогчдын дунд эмэгтэй хүн байдаг болохоор түүнийг өшөө авагч сахиусан тэнгэр бүхий феминист гэж харах нь учир дутагдалтай юм. "Audition" хоррорын Asami бол хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн дүр гэдэг нь эргэлзээгүй бөгөөд судлаачид түүнийг Японы соёл дахь хохирогч болсон эмэгтэйчүүдийн дүр төрхийн бас нэгэн илрэл гэж тодорхойлдог; тэд бол дарангуйлал, дарамтын хохирогчид, тэдэнд зөвхөн үхэл хийгээд ганцаардал л үлддэг аж. Энэ дүгнэлтээс урган Asami хүүхэд байхдаа хүчирхийллийн золиос болсноор хайр ба өвдөлт хоёр нь салшгүй холбоотой гэдгийг яс махандаа хүртэл ойлгосон бололтой. Критикч Elvis Mitchell киноны гол сэдвийг Японы нийгэм дэх эмэгтэйчүүдийг объект мэтээр үзэх хандлага гээд үүнийг аймшигтай өшөө авалт болгон хувиргаж үзүүлсэн гэжээ. Энэхүү сэдэв нь Asami зэрэмдэглэсэн хоригдлоо хооллосныхоо дараа бага насныхаа төрхөнд шилжиж, түүнийг тэжээвэр нохой шиг илж байгаагаас харагддаг ба түүний амьдралд тохиолдсон үйл явдлууд эцсийн эцэст түүнийг харгис нэгэн болгосон нь ойлгомжтой билээ.

Comments
Post a Comment