Ширээний хүүхэн

 


When a Woman Ascends the Stairs (1960). "Оффист ажилладаг хүүхнүүдийн тардаг цагт бидний ажил эхэлдэг", "архичидтай зууралдаснаас хадам ээжтэйгээ хэрэлдсэн нь дээр" гэх мэт хурц хийгээд амьдралтай үгсээр дүүрэн уг киног Японы нэрт кино урлаач Mikio Naruse найруулж, киноны зохиолыг Ryuzo Kikushima бичиж бас киног продюсерлэсэн. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Keiko бол 30 хүрч яваа бааранд ширээний хүүхэн хийдэг бэлэвсэрсэн хүүхэн юм. Хөгширч, энэ ажил нь удаан түүнд тохирохгүй болсныг ухаарсан тэрээр баарны менежер, найз Komatsu-тай ярилцсаны дараа дахин гэрлэх юмуу өөрийн гэсэн баар нээх нь зөв алхам юм гэж шийднэ. Keiko баар нээх мөнгөө байнгын чинээлэг үйлчлүүлэгчдээсээ зээлэх маягаар босгохыг оролдовч энэ арга нь амжилт төдийлөн олсонгүй. Keiko-той цуг ажилдаг байсан Yuri өөрийн гэсэн баартай болж, Keiko үйлчлүүлэгчдээ алдаж эхэлдэг.

Keiko дотно найз, мөн ширээний хүүхэн болох Junko-той баараа хаана нээх талаар зөвлөлдөж, газар судлавч энэ нь бодсон шиг хялбар биш байлаа. Нэг өдөр Keiko Yuri-тай өдрийн хоол идэж байхдаа найз хүүхэн нь бодсон шиг нь амжилттай байгаа бус харин ч өрөнд баригдаад баларч явааг нь олж мэдээд цочирддог. Yuri аргаа бараад хуурмаг амиа хорлолт зохион байгуулж өрнөөсөө салах бодолтой байгаагаа тоглоом шоглоомоор хэлдэг. Гэтэл маргааш нь Yuri үхсэн байх ба хүүхэн үхлээ эртнээс төлөвлөж байсан эсхүл нойрны эм ээ буруу тооцоолж уусан байх гэж таамаглана. Keiko найзынхаө оршуулах ёслол дээр байхад зээлдүүлэгчид талийгаачийнд өрөө нэхэж ирэх нь түүнд даанч ой гутам санагдана. Ходоодны шархнаас болж өвдсөн Keiko ажлаасаа түр чөлөө авч гэртээ амарна; Keiko зээ дүүгээ хагалгаанд оруулж дахин хөл дээр нь босгохын тулд мөнгөтэй байх ёстой, мөн зээ дүүгийнхээ аав буюу төрсөн ахыгаа шоронд оруулахгүйн төлөө шүүхэд мөнгө төлөх ёстой; тэр гэр бүлээ нуруундаа үүрч яваа учраас ширээний хүүхэн хийж яваа юм.

Keiko үргэлж гоё сайхан харагдахын тулд өөртөө бас мөнгө зарцуулах ёстой. Удаан амрах эрхгүй Keiko ажилдаа орох ба түүний нэг үйлчлүүлэгч залуу түүнд гэрлэа санал тавина. Үйлдвэрийн эзэн гэж өөрийгөө танилцуулдаг энэ залуу үнэндээ гэр бүлтэйгээс гадна мэхлэгч, худалч этгээд болох нь удахгүй илчлэгдэнэ. Ингээд Keiko хамгийн боломжит бас хамгийн эцсийн найдвар болох Fujisaki банкир руу хандана. Keiko-той секс хийснийхээ дараа банкир гэр бүлтэйгээ хэлж, ажлаар Осака руу явж байгаагаа хэлдэг. Банкир явахдаа түүнд хувьцаа өгдөг. Keiko-г банкиртай унтсныг мэдсэн Komatsu эцэст нь түүнд сэтгэлээ илчлээд; хүүхэнд хайртай болоод удаж байгаа ч өдийг хүртэл түүний нөхрөө гэсэн хүндэтгэлээ чандлан сахиж бусад эрчүүдтэй сексийн харилцаанд ордоггүй байсныг хүндлэн, өөрөө ч сэтгэлээ илэрхийлэлгүй явж иртэл банкирт өврөө нээлээ хэмээн Keiko-д хатуурхана. Гэвч Komatsu түүнд гэрлэх санал тавихад Keiko "бид бие биенээ дэндүү сайн мэдэх болохоор ийм гэрлэлт хол явахгүй" гэж хариулдаг. Киноны төгсгөлд Keiko үргэлжийн дүр эсгэдгээрээ дүр эсгэн баар руугаа ордог шатаар өгсөнө.

  Найруулагч Mikio Naruse-н кинонууд түүнийг нас барсны дараа л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, түүнийг кино урлагийн онцгой авъяас билигтэн байсныг ойлгосон байдаг. "When a Woman Ascends Ascends the Stairs" киног Барууны кино хорхойтнууд бишрэн хүлээж авсан ба энэ бол Naruse-н оргил туурвил юм. Тэрээр кинондоо эмэгтэй хүнийг онцгойлон үзүүлдэг гэдгээрээ алдартай ба орчин үеийн Японы нийгэм дэх эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг ойлгож, тэднийг шударга бус нөхцөл, материаллаг зүйлсээс үүдэлтэй бэрхшээл, сэтгэлийн хямрал гэх мэт сэдвүүдийг урнаар гарган үзүүлдэг байв. Уг киноны гол дүрд Naruse-н "Floating Clouds" шедеврт тоглосон гайхамшигт Hideko Takamine тоглосон. Энэ дүр дайны дараах Гинзагийн шөнийн цэнгээний газруудад ажилладаг ширээний хүүхэн буюу баарны эзэгтэй бөгөөд кинонд түүнийг бусад хүүхнүүд "ээж" гэж хүндлэн дууддаг нь тэр бол зүгээр нэг биеэ үнэлэгч биш хүндлэгдсэн, танигдсан нэгэн болохыг харуулна.

  Тэрээр үзэсгэлэнтэй, эелдэг гэхдээ бусад хүүхэн шиг үйлчлүүлэгчээ дагаад явдаг төрлийнх биш. Нөхрөө алдаж, амь зуухын тулд энэ ажлыг хийх болсон Keiko-д ар гэрийн асуудал нь улам их дарамт л болохоос бус ачааг нь хөнгөлдөггүй; дээр нь залуу сайхан байгаа дээрээ хүнтэй сууж амьдралаа баталгаажуулахгүй аваас энэ янзаараа мөнх амьдрах боломжгүйг ухаарах цэгээс кино маань эхэлдэг. Баян эрийн нууц амраг болох нь санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн хурдан хялбар арга боловч тэр үүнийг хүсдэггүй; ингэснээр хамгийн хэцүү ч зөв замаар явахыг оролддог. Киноны эхний үзэгдэлд Keiko орой болгон баар руугаа ордог шатаар өгсөх үеэ үзэн яддаг болох нь илэрдэг; шат нь өгүүлэмжинд давамгайлж буй эрчүүдийн ертөнцийн дэг журмыг бэлгэдэнэ. Энэ нь түүнийг баар буюу ноёрхогчийн нэг хэсэг болгож, эмэгтэй хүнийг секс л гэж харах, объектив зүйл, эрчүүдийн хувьд бараа таваар үздэг ертөнц руу хөтөлдөг. Энэ нь патриарх нийгэмд харах таашаал нь идэвхтэй/эрэгтэй, идэвхгүй/ эмэгтэй, гэж хуваагддаг гэж үзсэн феминист, кино онолч Laura Mulvey-н аргументыг санагдуулна.

  Хэрвээ энэ аргументыг дагавал эрчүүд сексгүй дараа шууд хувцаслаад, даруйхан явахын түүс болдог нь эмэгтэйчүүдийг бараа таваар шиг үздэг гэдэг нь үнэн мэт болж байна. Харин уг кинонд Keiko, Junko хоёр эрэгтэйнхээ дур хүслийг хангасны дараа тэдэнтэй илүү гүнзгий харилцаа тогтоохыг эрмэлздэг. Тэгэхээр та эндээс тодорхой хэмжээгээр дүгнэлт гаргах болов уу. Киноны дүрслэлийн аспектууд нь Keiko-н эргэн тойрон дахь зохицол, хязгаарлалт, соёлжилтоор тодорхойлогддог. Дунд хэмжээний кадр, гэрэлтүүлгийг техник болон Naruse-н "үл үзэгдэх" ба "хэмнэлттэй" эвлүүлгийн хэв маяг (энэ сцэний хугацааг тааруулах, өгүүлэмжийн өрнөлд чухал ач холбогдолтой", мөн киноны нуар жанрыг санагдуулам өнгө төрх нь өгүүлэмжийн санал болгож буй эрчүүдийн өнцгөөс ертөнцийг харах таашаалыг илэрхийлдэг. Naruse өгүүлэмжийн түвэгтэй шинж болон киноны хэв маягийг төгс зохицуулагч байв.

  Keiko-д хоёр төрлийн аспект байдаг; тэрээр дайны дараах Японд учирсан зовлонг бэрхшээлийн эсрэг өөрийгөө хамгаалах гэсэн феминист, бие даасан, жижигхэн хөрөнгөтөн байх; үүнд Yuri-н амиа хорлолт юмуу Keiko-н байнга уусаар ходоодны шархтай болсон явдал орно. Иймэрхүү үйлдлийг эрчүүд ноёрхсон ертөнцөд үйлдсэн нь эмэгтэй хүн байх тэр өнгө төрхөд их "зөрөөтэй" юм. Нийгмийн хувьд гэрлэлт нь хоёр туйлт ба чөлөөлт хийгээд дарамтын хооронд, мөн эмэгтэй хүн эдийн засгийн хувьд тэсч үлдэх эсхүл эдийн засгийн хувьд дарамтад байх тухай юм. Кинонд гардаг эмэгтэйчүүд чөлөөлөгддөггүй. Тэд харин ч эрчүүдийн аминч чанар юмуу гэрлэлтийг сүйтгэх чадвартай байдаг. Киноны төгсгөлд Keiko шатаар дахин нэг удаа алхахдаа нүүрэндээ шархласан зүрх, хиймэл инээмсэглэлтэй байдаг билээ. 

Comments