Нүүрээ битгий зуруулаарай

 


La Belle Noiseuse (1991). Францын кино найруулагч Jacques Rivette-н арт драм. Францын нэрт зохиолч Honore de Balzac-н "The Unknown Masterpiece" богино өгүүллэгээс сэдэвлэн хийгдсэн энэхүү кинонд зураач хүний бүтээхүйн үйл явц, зураач ба түүний муза хоёрын харилцаа, мөн урлаг хэрхэн амьдралд нөлөө үзүүлдэг тухай өгүүлдэг. Уран бүтээлчийн дотоод хүсэл тэмүүлэл хийгээд уран бүтээл хэрхэн төрдөг тухай өгүүлсэн хамгийн гайхалтай бас шилдэг киноны нэг бол маргаангүй "La Belle Noiseuse" юм. Киноны гол дүрүүдэд; Michel Piccoli, Emmanuelle Beart, Jane Birkin нар тоглосон. Уг кино нь Канны кино наадмаас Гран-при шагнал хүртэж, критикүүдээс өндөр үнэлгээ авсан. Дур булаам эстетиктэй, ховсдом үзэсгэлэнтэй бараг дөрвөн цаг үргэлжлэх хугацаатай уг кино тэр чигээрээ кино урлагийн тансаглал ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 779-р байрт жагсаагаад байна. Emmanuelle Beart-н нүцгэн гоо сайхан болон найруулагч Rivette-н онцлог арга барил болсон удаан үргэлжлэх хугацааг бүрэн мэдрүүлэх эл киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Зураач болох хүсэлтэй залуухан Nicolas найз охин Marianne нарыг уран зургийн наймаачин Porbus олон жил уран бүтээл буюу зураг зурахаасаа холдсон хөгшин зураач Frenhofer-той танилцуулж байгаагаар кино маань эхэлнэ. Энэ хөгшин зураач өөрөөсөө арай дүү, эхнэр Liz-н хамт сүрлэг шилтгээнд амьдарна. Porbus хөгшин зураачид залуухан, үзэмж төгс Marianne-г зураач гэсэн санаа сэдлийг битүүхэн өгдөг. Porbus Marianne-г ханш зураачийн олон жилийн өмнө дутуу орхисон шилдэг зургаа гүйцээхэд хэрэгтэй хүн гэж үзсэн учир сайхь санааг гаргасан агаад Frenhofer-н арван жилийн өмнө дутуу орхисон зураг бол эхнэр Liz-нх нь модель болж байсан зураг юм. Nicolas найз охинтойгоо зөвлөлдөхгүйгээр Porbus-н саналыг хүлээж авна; харин ийм чухал асуудлыг өөртэй нь зөвлөлгүй зөвшөөрсөнд Marianne тун их уурладаг боловч маргааш өглөө нь Frenhofer-нх руу явдаг. Тэр өглөө Frenhofer-н том шилтгээний алслагдсан студид туурвихуйн хүнд хүчир ажил эхэлнэ; Frenhofer Marianne-н биеийн онцлог хийгээд эмэгтэй хүнийх нь дотоод амин сүнсийг буулган зурахыг оролдоно.

  Хөгшин зураач, залуухан модель хоёр олон өдрийг хамт өнгөрүүлэхдээ заримдаа чөлөөтэй ярилцаж, хааяа хүйтэн хөндий болж байсан ч зургууд ээлж дараалан зурагдсаар нэг өдөр Frenhofer эхнэрийнхээ дуусаагүй зургийг дарж зурчихдаг. Нэг шөнө Liz студид сэмээрхэн гэтэж ороод үүнийг хараад уурлан, гомддог. Өдөржин Frenhofer-н захиргааталд, түүний объект болж байхдаа амьдралаа, Nicolas-тай харьцах харилцаагаа эргэцүүлэн бодсон Marianne эцэст нь түүнээс салахаар шийддэг. Эцэст нь нэг юм Frenhofer зургаа дуусгадаг боловч зураг үзэгчдэд огт харагддаггүй. Гэхдээ бэлэн болсон зургийн нөлөө Liz, Marianne хоёрт хэрхэн үйлчилж байгааг хардаг. Frenhofer жинхэнэ зургаа хананыхаа нууц хонхорт хийгээд наагуур нь тоосго, зуурмагаар битүүлчихдэг бөгөөд Liz, Marianne хоёрын харсан зураг бол урд шөнө л зурсан зураг юм. Porbus баярын үдэшлэг зохион байгуулж, Marianne найз залуугаасаа салснаар кино төгсдөг.

  Зураач Frenhofer яагаад арван жилийн турш зүгээр сууж, өөрийн шилдэг бүтээл болох байсан "the Beautiful nuisance" нэрт зургийг дундаас нь орхисон юм бол? Түүний оргил үеийн муза, модель, мөн эхнэр болох Elizabeth "анхандаа тэр намайг өөрийг нь хайрладаг болохоор зурдаг байсан, дараа нь, тэр намайг хайрладаг болоод зурдаг болсон" хэмээн найздаа ярьдаг. Аугаа, хөгшин зураач маань гэнэт зурахаа больсон нь магадгүй зургийг зурж дуусгавал тэдний хайр сэтгэлийг нь үгүй хийчихнэ гэж айсан байж болох уу? Тэр бол моделийнхоо зөвхөн гаднах төрхийг бус яс, шөрмөсөөс авхуулаад амин сүнсийг нь олж хардаг артист юм. Зожигдуу, зөрүүд, ааштай Marianne-г оройн хоолны дараа Frenhofer ширтэх мөчид л тэдний ирээдүйн харилцаа тодорхой болдог буюу Frenhofer шедевр зургаа дуусгах боломжийг олж хардаг. Хүүхэн түүнээс холдон зугтаасан ч аугаа зураачийн харц түүнийг хаа сайгүй дагаж, сэтгэлийн гүнд нь үүрээ засч байсан нь гарцаагүй. Найруулагч Rivette-н "La Belle Noiseuse" бол урлагийн бүтээлийн физикал үүслийг, артист ба түүний муза хоёрын шаналалтай холбоог үзүүлсэн хамгийн гайхалтай кино гэж бодож байна.

Энэхүү киноны гайхам сайхан нь урлаг төрөх үйл явц хийгээд урлагийг туурвих онгод хэрхэн төрж, бас хэрхэн сүйрдэгийг харуулахдаа цаг хугацааг онцолсонд оршин; гайхалтай, аугаа бүтээл арван жилд, түүнээс ч илүү жилийг үзэж байж төрөх боломжтой. Францын нэрт жүжигчин Michel Piccoli-н бусдыг нэвт ширтсэн харц Frenhofer-н хатуу яхир шинж төрхөд яг таг тохирчээ. Түүний бүтээсэн дүр оюунлаг, гэхдээ сүрдмээр, цаанаа нэг л аюултай санагдана. Түүний музагийн дүрд "Manon of the Spring" киногоороо алдаршсан Emmanuelle Beart тоглосон ба тачаангуй уруултай, гүн харцтай, дуу алдам үзэсгэлэнтэйг тодотгох нь зөв болов уу. Хөгшин зураач залуухан хүүхнийг уруу татсан садар самуунтай кино гэж бодож байвал та эндүүрч, Frenhofer хүүхнээс илүүг хүснэ, тэр Marianne-г "эзэмшихийг" хүснэ. Мөн Frenhofer түүний тэсвэр тэвчээрийг алдагдуулах замаар өөрийгөө артистын хувьд дахин шинээр төрүүлэхийг эрмэлздэг. Алдарт Jane Birkin-н бүтээсэн эхнэрийн дүр нөхрөө бүрэн ойлгодог бөгөөд "энэ бол махан биеийн асуудал биш, энэ ямар нэгэн нүцгэлэлтийн тухай биш" гэж тэрээр Marianne-н найз залуугийн эгчид хэлдэг. Elizabeth нууц амраг, араар тавилтын талаар санаа зовдоггүй. Тэр Marianne-г нөхрийнхөө модель болооч гэж ятгадаг ба гэхдээ Marianne-д царайгаа битгий зуруулаарай гэж анхааруулдаг.
Киноны үйл явдал тийм чухал бус харин зураг бүтэх үйл явцыг үзүүлсэн нь чухал. Frenhofer Marianne-г чулуун агуй шиг урландаа зурдаг. Frenhofer зурж байхад үзэгчид түүний мөрний дээгүүр зургийг харна. Rivette статик камер, удаан үргэлжилсэн кадр ашигладаг ба тэр барагтаа л план солихгүй. Үзэгчид хоосон цаасан дээр аажмаар бий болох зургийг хардаг; бид зураг үүсэхийг бодитоор хардаг. Frenhofer Marianne-д "дээд давхарт халаад байгаа" гэж хэлдэг, хүүхэн санааг нь ойлгоод, халаад өмсч ирээд түүний өмнө чармай нүцгэн зогсдог буюу киноны дөрвөний нэгт жүжигчин Emmanuelle нүцгэн байдаг. Эхлээд бид Emmanuelle-н гоо үзэсгэлэнт биеийг харна, удалгүй түүнийг модель гэж харж эхэлнэ, сүүлдээ түүнийг Frenhofer-н нүдээр, өөрөөр хэлбэл дотоод хүнийг нь, мөн чанарыг нь олж харна. Зураач болон муза хоёрын дунд харилцан яриа тийм их биш, Frenhofer моделоо утсан хүүхэлдэй аятай удирдан хүссэн байрлалдаа оруулдаг. Marianne өвдөж, чилж, мэдээ алдсанаас болж гомдоллох ч хөгшин зураач маань түүнийг загнаж хүссэн байрлалдаа буцаан оруулна. Зураг зурж байгааг удаан харах нь уйтгартай санагдана, гэхдээ энэ кинонд уйтгартай хором ч байхгүй, сэтгэл түгшээм уур амьсгал алгуурхан үүсдэг. Зураач болон муза хоёрын хооронд эрх мэдлийн тэмцэл тасралтгүй өрнөдөг бөгөөд Marianne бол ааштай, ядаргаатай хүүхэн юм.

Харин Frenhofer ийм л хүүхнийг хүссэн. Эцэст нь, Marianne үүнийг ойлгож, Frenhofer-н шийдэмгий зантай эн зэрэгцэхийн төлөө өвдөлтийг тэсвэрлэдэг; хөгшин зураач нэг өдөр аргаа барахад Marianne түүнийг шахдаг. Зураг бэлэн болдог ч үзэгчдэд харагддаггүй, үүнд сэтгэл гонсойх зүйлгүй, харчих л юм бол энэ кино амин сүнсээ алдчих магадлалтай. "La Belle Noiseuse" кинонд дуу чимээг анхаарахгүй байж болохгүй. Найруулагч маань радио гэх мэт тодорхой эх сурвалж байхгүй бол кинондоо саундтрак барагтаа ашигладаггүй онцлогтой. Тэрээр бусад найруулагчдаас илүүтэй хөлийн чимээ, хаалганы савалт, аяга тавагны тачигнаан зэрэг орчны дуу чимээг тод чангаар ашигладаг нь энэхүү киноны зурах үйл явцын цаас, бийрний чимээнээс ч сонсогдоно. Francois Truffaut-н хэлснээр, Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөн нь Rivette-н (тэр 1928 онд төрсөн) ачаар үүссэн ажээ. Rivette үе тэнгийнхэн болох Truffaut, Godard, Varda, Chabrol, Resnais нар шиг нэр хүндтэй байгаагүй нь түүний кинонууд хэт урт, ойлгоход түвэгтэй зэргээс болсон гэдэг. "La Belle Noiseuse" киноны эстетик, амт шимт үргэлжлэх хугацааныхаа уртад л оршдог, хэрвээ энэ киноны үргэлжлэх хугацааг богиносговол утгаа алдаж, шедевр гэгдэхгүй болно. 

Comments