237-р өрөө

 


The Shining (1980). Америкийн мастер кино найруулагч Stanley Kubrick-н продюсерлэж, найруулсан сэтгэлзүйн хоррор. Америкийн хоррор зохиолын Хаан Stephen King-н ижил нэрт романаас сэдэвлэн Kubrick зохиолч Diane Johnson-той хамтран кино зохиолыг бичсэн.  Энэхүү кинонд, архинаас гараад удаагүй байгаа, зохиолч болох хүсэлтэй нэгэн эр эхнэр болон зөн билэгт хүүгийнхээ хамтаар алслагдсан ууланд орших буудлын өвлийн манаачаар ажилахаар очоод аажмаар солиорч байгаа тухай өгүүлдэг. Киноны орчин, тайз заслыг бодит газруудаас үндэслэн бүтээхдээ продакшны ажил бараг бүхэлдээ Англид явагджээ. Kubrick голдуу цомхон бүрэлдэхүүнтэй багтай ажилладаг байсан нь түүнд нэг кадрыг олон дахин авах боломжийг олгож байсан ч энэ арга нь заримдаа жүжигчид болоод багийнхныг нь залхааж орхидог байв. Тухайн үед шинэлэг технологи гэгдэж байсан Steadicam төхөөрөмжийг хэд хэдэн сцэнд ашигласан нь киног бүтээлч болгож, мөн үзэгчдийг үйл явдал дунд оруулсан мэт мэдрэмжийг өгч байв. "The Shining" хэд хэдэн кино театруудаар нээлтээ хийн гарахдаа янз бүрийн хувилбараар гарсан ба хувилбар бүр өмнөхөөсөө богиноссон; нийтдээ 27 орчим минутыг хассан аж.

  Тэр цагийн үзэгчид уг хоррорыг янз бүрийн хандлагаар хүлээж авсан бол зохиолч Stephen King номоос хэт өөр болсон гэж шүүмжилсэн бөгөөд 1997 онд өөрийнхөө номонд илүү үнэнч хандсан гурван ангит мини-цуврал хийсэн байдаг. Гэхдээ кино урлагийн алтан хэмжүүр болсон цаг хугацааны шалгуураар өнөөдөр King-н мини-цувралыг хэн ч ярьдаггүй бол Kubrick-н киног бүх цаг үеийн хамгийн шилдэг хоррорын нэг гэж үзэж байна. Миний хувьд хамгийн аймшигтай бас шилдэг хоррор кино гэж үздэг "The Shining"-ийн тухай хоёр дахь, илүү засч сайжруулсан бичвэрээ танд өргөн барьж байна; хамтдаа Оверлук-аар зочилцгооё. Kubrick-н "The Shining" киноны хоррор жанрт оруулсан хувь нэмрийг үнэлж баргшүйн адил King-н зохиолууд поп соёлд үнэтэй байр суурь эзлэхэд тусалсан нь маргашгүй. Энэхүү кино нь эх зохиолд гардаг сүнс хийгээд цус нөжийг илүү нягтруулан хураангуйлж, үүнийхээ зэрэгцээ бодит амьдралын аймшиг болсон гэр бүлийн хүчирхийлэл, архины хамаарал гэсэн сэдвүүдийг далд шигтгэж өгчээ. Үүний үр дүнд кино нь эх зохиолынхоо аймшигтай үзэгдлүүдийн ихэнхийг гээсэн ч эх зохиол дахь сэтгэл түгшээм шинжийг улам хурцалсан.

  Kubrick-н энэ шедевр нь төрөл жанрын кино гэдэг ойлголтын хязгаарт оршдог ба уг ойлголтыг тэлж, баяжуулж, илүү гүнзгийрүүлдэг. The Guardian сонин уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кино жагсаалтынхаа 5-р байрт, Total Film сэтгүүл хамгийн аймшигтай хоррор кинонууд жагсаалтынхаа мөн 5-р байрт тус тус эрэмбэлжээ. Харин Empire сэтгүүл хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 35-р байрт бичсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 83-р байрт эрэмбэлээд байна. Найруулагч Kubrick "The Shining" киногоо хийхээс өмнө 1975 онд Европын язгууртнуудын хүрээлэлд орохыг эрмэлзэгч Ирланд эрийн тухай өгүүлсэн "Barry Lyndon" киногоо хийсэн бөгөөд бокс оффист бүтэлгүйтэж, критикүүдээс дэндүү урт бас удаан гэж зэмлүүлж байсан "Barry Lyndon"-г өнөөдөр кино техникийн гайхамшиг, кино уран зураг гэж үздэг. Сэтгэл дундуур үлдсэн найруулагч маань дараагийн удаад уран сайхны хувьд чанартай төдийгүй арилжааны хувьд ч амжилттай байж чадах кино хийх ёстойгоо ухаарчээ. Ингээд Kubrick ажлын өрөөндөө алдартай гэсэн бүхий л хоррор номуудыг авчруулаад нэг бүрчлэн уншиж эхэлжээ.

  Түүний нарийн бичгийн дарга номнууд хана руу хүчтэй шидэгдэх чимээг сонсдог байсан ба энэ нь Kubrick таалагдаагүй номуудаа хэрэггүй гэж үзэж байгаа нь шинж байж. Нэг өдөр нарийн бичгийн дарга хана цохиж унах номын чимээ сонсогдолгүй багагүй хугацаа өнгөрснийг анзаарав. Тэрээр даргынхаа өрөөнд яваад ортол Kubrick King-н "The Shining" номын гар бичмэлийг уншаад бүрэн төвлөрчихсөн сууж байжээ. "Хүнд төрөлхийн буруу төрх шинж байдаг. Хүнд чөтгөрлөг төл бий. Аймшгийн түүхүүд бидэнд далд ухааны архетипүүдийг харуулж чаддаг, ингэснээр бид харанхуйтай нүүр тулахгүйгээр харанхуйг олж харж чаддаг" гэж Kubrick киноныхоо сэдвийн тухай ярьсан буй. Warner Bros.-ийг гүйцэтгэх захирал John Calley Kubrick-д хожим роман болсон "The Shining"-ийн гар бичмэлийг илгээсэн байжээ. Тэр цагт Stephen King хэдийнээ бестселлэр зохиолч болчихсон байсан; түүний "Carrie" номоос сэдэвлэсэн кино бокс оффист өндөр амжилт үзүүлсэн нь түүний бусад зохиолыг сонирхох хүмүүсийн хүрээг үлэмж нэмсэн байв. Тэгвэл Kubrick хоррор жанрын кино хийхийг удаан хугацаанд бодож явсан.

  Хэдэн жилийн өмнө Kubrick-д "The Exorcist" хоррорыг найруулах тавихад тэр татгалзсан байдаг агаад түүний оронд William Friedkin "The Exorcist"-ийг найруулж, кино нь ч дэлхий даяар хит болсон нь Kubrick-н хор шарыг зарим талаар хөдөлгөсөн болов уу. Нэр хүндтэй найруулагч яагаад хоррор жанраар кино хийхийг хүсэв гэсэн олны асуултад найруулагчийн хүргэн ах, продюсер Jan Harlan хариулахдаа, Kubrick энэ төрөлд өөрийгөө сорихыг хүссэн гэсэн байдаг. Гэхдээ Kubrick эх зохиолыг өөрчлөх эрхийг шаардаж, шаардсанаа ч авсан. Kubrick-д зохиолч Diane Johnson-н "The Shadow Knows" ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн учраас Diane-г хамтрагч кино зохиолчоор хөлсөлжээ. Kubrick анхны кино зохиолын ноорогийг King-н бичсэн хувилбараар ашиглахаас татгалзсан ба тэрээр King-н ноорогийг дагавал номыг нь үг үсэггүй хөрвүүлсэн болно, ингэх нь өөрийнх нь зорилгод нийцэхгүй гэсэн. Түүнчлэн, найруулагч маань сүнсний түүхэнд итгэдэггүй байсан буюу тэрээр үхлийн дараа юу ч байхгүй, тэр байтугай там ч гэж байхгүй гэж үздэг хүн байжээ. Харин тухайн үед Калифорни их сургуулийн готик уран зохиолын багш байсан Diane иймэрхүү сүнс сүгтэй төсөлд яг тохирсон гэж Kubrick бодож, Diane Англид айлчилж байхад нь холбогдож санал тавьсан байна. King Kubrick сэтгэлд хоногшсон дүрслэлийн кино бүтээсэн хэдий ч кино зохиол нь маш муу болсон гэж хэлсэн бөгөөд өөрийнх нь номоос сэдэвлэсэн кинонуудаас зөвхөн үүнийг л үзэн ядсан гэж нэмж хэлжээ.

Гэхдээ King Kubrick-н кино сэтгэл гонсойлгом, уур хүргэм гэсэн ч ямар нэгэн "гялбаа", шинж чанар оршин байдаг, Kubrick уг киногоо хоррор жанрт үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. "The Shining" кино гарахаас өмнө King өөрийнх нь номоос сэдэвлэсэн өөр бусад кинонуудад тийм ч их анхаардаггүй байсан гэдэг. King архины хамаарлаасаа гарах гэж тэмцэж байхдаа уг романаа бичсэн тул энэ нь тодорхой хэмжээний хагас намтарчилсан юм. Тэрээр кинонд гэр бүлийн хагарал, архины хор хөнөөл зэрэг сэдвүүдийг хангалттай тусгаагүй гэж үзсэн; мөн түүнчлэн гол дүрд Jack Nicholson-г сонгосон нь алдаа болсон буюу Nicholson хэдхэн жилийн өмнө "One Flew Over the Cuckoo's Nest" кинонд тоглоод алдаршаад байсан болохоор Torrance галзуурах нь үзэгчдэд хэдийнээ ойлгомжтой байсан гэжээ. King гол дүрд Jon Voight, Christopher Reeve зэрэг "жирийн нэгэн" төрхтэй жүжигчин тоглуулсан бол Torrance галзуурч байгаа нь илүү аймшигтай бас үнэмшилтэй болох байсан гэж. Эх номонд, үйл явдлыг хүүхдийн зүгээс харуулдаг бол кинонд эцэг нь гол дүр болдог буюу кино, номын гол ялгаануудын нэг бол Torrance-н психологийн хүрээнд оршдог. Романд тэрээр аажмаар өөрийгөө хянах чадвараа алддаг эгэл нэгнээр дүрслэгддэг.

Мөн King Kubrick-н Wendy-г хашгирахаас өөр юмгүй тэнэг хүүхэн, миний романд дүрсэлснээс шал ондоо гэж шүүмжилсэн байдаг. Kubrick Torrance-н дүрд Jack Nicholson-г анхнаасаа сонгоод байж; Robert De Niro (тэр энэ киног үзээд сар хар дарж зүүдэлсэн гэдэг), Robin Williams, Harrison Ford нарын нэр яригдаж байсан ч бүгдийг нь King зохимжгүй гэсэн буй. Nicholson анхлан Wendy-н дүрд Jessica Lange-г тохирно гэж санал болгосон авч Shelley Duvall энэ дүрд сонгогдсоноо эртнээс мэдэж байжээ. Кинонд гардаг Wendy нь роман дахь Wendy-г бодвол хамаагүй сул дорой, чадамжгүй байдлаар дүрслэгджээ. Зураг авалтын туршид Kubrick Shelley-гээс хүссэн тоглолтоо гаргуулахын тулд маш их шаардаж шахаж байсан гэдэг. Ямартай ч уг хоррор киноны Wendy-н нөхрийгөө аюултай нэгэн болсныг мэдээд гаргаж буй реакц бол киноны хамгийн мартагдашгүй мөчүүдийг нэгд орно. Олон критикүүд Shelley-н гүйцэтгэлийг өнөөдөр замналынх нь шилдэг тоглолт гэж үздэг бөгөөд түүний кино дээрх том нүд, эвгүй царай төрх кино шигээ "аймаар" буюу энэ киноны түгшүүртэй, жихүүцэм, аймшигтай элементүүдийн нэг нь Shelley-н тоглолттой холбоотойг үгүйсгэх аргагүй.

"The Shining" киног судлаачид олон янзаар тайлбарласан байдаг ба эрэгтэй хүн байх, хүйсээр нь гадуурхалт, Америкийн корпораци, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл зэрэг тухайн үеийн хямралын сэдвүүдийг авч үзсэн гэдэг. Уг хоррорыг зөвхөн үе хоорондын төдийгүй Torrance-н "бичиг үгийн соёл" ба Danny-н "зураглалын соёл" хоорондын "Эдипийн" зөрчил гэж тайлбар ч бий. Torrance бичиг үгийг энгийн зорилгоор, тухайлбал Оверлук зочид буудалтай гэрээ байгуулахдаа ашигладаг: "би амлаж байна" гэж хэлдэг нь "Фаустын" жишгээр бол сүнсээ худалдсан явдал юм. Эсвэл тэр шууд утгаар ч хэлсэн байж магадгүй, учир нь киноны төгсгөлд тэрээр лабиринт дотор Danny-г хөөж байхдаа хүний хэлээр бус харин араатан шиг архирч байдаг нь түүнийг бүрэн хэл яриагүй болсныг илтгэнэ. Тэр нэг ёсны гэрээ байгуулсан, харин энэ гэрээ нь түүний гэр бүлтэйгээ байгуулах ёстой байсан хайр энэрэл, эмпатид суурилсан гэрээ байх ёстой байсан атал чөтгөр юмуу хар хүчний өмнө үүрэг хариуцлага хүлээхэд хүргэжээ. Зарим критикүүд энэхүү киног уламжлалт сүнстэй кино гэхээсээ илүүтэй гэр бүлийн хүчирхийлэл, патриарх эрх мэдэл болон эршүүд идентитигийн уналтын тухай гэж харах ёстой гэсэн. Готик болон ер бусын (supernatural) элементүүдээс үл хамааран уг киноны цөм гэр бүлийн хүчирхийллийн тухай, өөрөөр хэлбэл Torrance аль хэдийнээ хагарал үүсчихсэн гэр бүлийн доторх араатан эцгийн дүрийн үүрэг гүйцэтгэдэг аж.

  Kubrick-н кино нь King-н романаас юугаараа ялгаатай вэ гэвэл King архидалт, гэр бүлийн хүчирхийллийг ёс суртахууны доройтол, гэр бүл болж чадаагүйн бүтэлгүйтэл гэж авч үзсэн бол Kubrick гэр бүлийн хүчирхийллийг детерминистик, илүү эзэн биегүй хэлбэрээр харуулсан. Илүү өргөн хүрээнд авч үзвэл "The Shining" киног эр хүн байх, хүйсийн ялгаварлан гадуурхалтад төвлөрсөн сэдэвтэй гэж үзэж болохоос гадна Torrance-н психологийн хямрал бол гэр бүл доторх эрэгтэй хүний эрх мэдлийн хямралаас тодорхой хэмжээгээр холбоотой гэж үзэж болно. Kubrick-н бусад бүтээлүүдээс ч тод илэрдэг нийгмийн асуудлууд уг хоррорт илүү нарийн хэлбэрээр тусгагдсан байдаг гэж үздэг; кинонд Америкийн уугуул иргэдийг алж хөнөөсөн түүхэн үйл явдлыг сануулсан далд сэжүүрүүд шингэсэн байдаг. Тухайлбал, кинонд индианчууд шууд харагддаггүй боловч гал тогооны өрөөн дэх хөөлгөгч дээрх уугуул иргэдийн дүрс тэмдэг, мөн зочид буудлаар дүүрэн харагдах тэдний урлагийн бүтээлүүдийг хэлж болно. Ullman Wendy-д зочид буудлыг уугуул иргэдийн оршуулгын газар дээр барьсан гэж хэлдэг. Тэгэхээр "The Shining" киног уугуул Америкчуудын эсрэг үйлдсэн геноцидийн зүйрлэл гэж бас ойлгож болох нь. Torrance Halloran-г сүхдэж алдаг, хөөрхий тогоочийн цогцос индианчуудын хэв маягтай хивсэн дээр хэвтэж байдаг билээ. Лифтний хонгил дахь цус бол тус зочид буудлыг барьсан газарт булагдсан индианчуудынх болов уу.

Киноны төгсгөлд гардаг гэрэл зураг дээрх огноо 7-р сарын 4 гэсэн байдаг ёгт утгатай; киноны төгсгөлд Оверлук буудлын хонгилоор удаан үргэлжилсэн кадр явсаар ханан дээрх 21 гэрэл зургийн голд байрлах нэгэн зураг дээр ирдэг бөгөөд тэдгээр зураг бүрд уг зочид буудлын өнгөрсөн үед болж байсан баярт мөчүүдийг харуулсан байдаг. Камерын онцолсон зурагт 1980 оны Torrance зогсож байдаг ба гэтэл зургийн доор "Оверлук зочид буудал - 7-р сарын 4-ний үдэшлэг- 1921 он гэж бичсэн байдаг. Эл оньсогоны хариулт буюу киноны нууцыг тайлж болзошгүй түлхүүр болбоос ихэнх Америкчууд 7-р сарын 4-ний өдрийг уугуул Америкчуудын хувьд огтоос Тусгаар тогтнолын өдөр эсвэл ямарваа баяр наадам биш гэдгийг анзаардаггүй. Киноны сул дорой, хорон санаат Америк дүр бол тэртээ индианчуудыг хядсан Америк эрчүүдийн дахин биежилт бөгөөд найруулагч маань энд зуунууд, олон арван жил дамнан үргэлжилж ирсэн асуудлыг хөндөж, тунгаан эргэцүүлжээ. Kubrick-н бусад кинонуудын нэгэн адилаар "The Shining" нь үзэгчдэд "энэ кино юуны тухай байсан бэ?" гэсэн асуулт үлдээдэг хүчирхэг хийгээд нууцлаг дүрслэлээр төгсч байна.

Дээрх бүхнээс бид энэ хоррорыг Америкийн империализмын ёгт үлгэр гэж үзэх боломжтой; үүнийг харуулсан олон сэжүүр байна; жишээлбэл, Torrance-н өнгөрсөн үеийн гэрэл зураг, мөн Torrance-н зохиолч Rudyard Kipling-н "The White Man's Burden" яруу найргийг дурддагаас харж болно (энэ яруу найрагт Филиппиний арлуудыг Америк колоничлохыг сурталчилсан, империализмыг зөвтгөсөн агуулгатай). Уугуул Америкчуудын талаарх далд агуулга нь Kubrick-н холокостын тухай бодлыг бас дам байдлаар тусгасан бололтой; тэр амьдралынхаа туршид холокостын сэдэвтэй кино хийхийг хүсэж ирсэн ч эцэслэн шийдэж чадаагүй ажээ. Зарим сонирхолтой санал дэвшүүлэгчид түүний бүх бүтээл холокостын тухай сэдэвтэй гэсэн байдаг, үүнээс дүгнэвэл "The Shining" кинонд сайхь сэдэв агуулагдаж байна. Kubrick-н кино зохиол яагаад туйлын сэтгэл хөдлөлийн шинжтэй болж, эх романы ер бусын өнгө аясыг орхигдуулж, Wendy-г тун хийрхүү болгосоны шалтгаан тодорхой болж байна. Kubrick "сүнстэй зочид буудлын" төсөөллөө уламжлалт уран зохиолуудаас авсан ба тухайлбал Stephen Crane-н "The Blue Hotel" (түүний биширдэг богино өгүүллэг), ман Thomas Mann-н "The Magic Mountain" роман тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Мөн найруулагч маань түүхэн үйл явдлуудтай холбоотой санаануудаа өнгө, тоо болоод хөгжмүүдээрээ дамжуулан кинондоо нямбайлан шигтгэсэн. Кинонд ашигласан хөгжмийн бүтээлүүдийн дийлэнх нь дэлхийн 2-р дайны аймшигт хэргүүдийн нөлөөгөөр дайны дараа зохиогджээ.

  Онцгойлон дурдвал, Torrance гэр бүлээ алж байна гэж зүүдлэхэд, түүнчлэн Danny зочид буудалд өмнө нь болсон аймшигт аллагыг харахад Krzysztof Penderecki-н холокостын аймшигтай холбогдон бүтээгдсэн "The Awakening of Jacob" бүтээл эгшиглэдэг. "The Shining" хоррорт Hallorann-аас өөр "найдвартай ажиглагч" байдаггүй. Үйл явдлууд нь Torrance, Wendy, Danny нарын нүдээр бидэнд тусдаг; кинонд гардаг хоёр охин, өмнөх манаач, Бармен нар үнэхээр сүнс эсэхэд эргэлзээтэй бөгөөд эдгээр бүхий л сүнс гэж үзэж байгаанууд нь Torrance юмуу Danny-н төсөөлөл, харааны төөрөгдөл байх магадлалтай юм. Ингэж дүгнэвэл, кино нь, мөн киноны үйл явдал сүнсний тухай бус тусгаарлагдсанаас үүдэлтэй галзуурал, сэтгэцийн хямралын түүх болж хувирна. Зохиолч King сүнстэй зочин буудлын тухай бичсэн нь тодорхой бол Kubrick илүү олон тайлбартай киног бидэнд үлдээсэн бөгөөд энэ өнцгөөс бол кино нь галзуурал болоод найдваргүй хүүрнэгчийн тухай бишрэм судалгаа бүхий бүтээл болж байна. Гэхдээ "The Shining" киног огт сүнстэй кино биш гэж үзэж болохгүй, энд олон сонирхолтой асуулт гарч ирдэг; жишээлбэл,  Torrance сүнс хардаг сцэнүүдэд тэр үргэлж толь руу харах юмуу эсхүл толь шиг гялгар гадаргуутай хаалга руу харж байдаг. Түүний сүнс харж байгаа сцэн болгонд толь юмуу толирхуу зүйлс байгаа нь түүний тарчилсан ухааны тусгал байж болох юм.

Киноны эхэнд Ullman Torrance-д өмнөх манаач Charles Grady-н тусгаарлагдмал орчинд удаан байснаас үүдэлтэй сэтгэцийн хямралаас болж гэр бүлээ хөнөөсөн түүхийг ярьж өгдөг бөгөөд дараа нь Torrance Grady нэртэй сүнс үйлчлэгчтэй учирдаг. Torrance өнөөх аллагын тухай хэлэхэд үйлчлэгч өөрийгөө тэр хүн биш, өөрийгөө Delbert Grady гэж танилцуулдаг. Энэ нэр өөрчлөгдөж явдал нь Torrance Wendy-н нөхөр, Danny-н ааваас гадна 7-р сарын 4-ний өдрийн гэрэл зураг дээрх нууцлаг хүн аль аль нь гэсэн санааг агуулж байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь хоёр өөр хүн буюу аюултай нөхцөлд сонголт хийсэн эр болон Оверлук буудалд үргэлж байсаар ирсэн эр юм. Torrance-д өөрийнхөө хийж байгаа үйлдлээс өөр үйлдэл хийж болох олон агшин байдаг боловч киноны төгсгөл дэх гэрэл зургаас киноны үйл явдал урьдчилан тодорхойлогдсон гэж үзэх нь өнгөцхөн дүгнэлт ба түүний муу сонголтууд нь айдас, сул дорой шинжээс нь угшилтай байж магадгүй. 1920-оод оны үйлчлэгч Delbert Grady, 1970-аад онб манаач Charles Grady хоёр өөр хүмүүс эсхүл нэг хүн гэхээсээ илүү ижилхэн мөн чанартай зүйлийн хоёр өөр илрэл бөгөөд үүний нэг хэсэг нь Оверлук-д үүрд үлдсэн Delbert бол нөгөө хэсэг нь буудлын цуст өнгөрсний өв залгамжлагч болохоор шийдсэн Charles юм. Тиймээс гэрэл зураг дээрх Torrance ба 1980 оны Torrance хоёр нэг хүн ч байж болно, бас хоёр өөр хүн ч байж болно.

  Эсвэл зураг дээрх Torrance үүрд Оверлук-д байсан хүн, харин манаач Torrance зочид буудлын нэг хэсэг болохоор шийдсэн хүн гэж үзэж болно. "The Shining" кино дахь орон зайн гажуудал, нийцэшгүй байдлын талаар олон нийтлэл бичигдсэн байдаг ба тодруулбал, Оверлук-д цонх байх ёсгүй газар цонх байдаг, гарах гарцгүй газарт хаалгууд байдаг, буудлын өрөөнүүд сцэн болгонд өөр өөр газарт байгаа мэт харагддаг, мөн буудлын эд хогшил, тавилга байснаа байхгүй болдог; Оверлук-д физикал утга учир гэж байдаггүй. Кинонд гарах лабиринт нь бут сөөгөөр баригдсан байдаг харин Оверлук нь тоосгон ханаар баригдсан нэгэн төрлийн төөрдөг байшин шиг аж. Янз бүрийн судлаач, критик, артистуудын бичсэнээр Оверлук-н дотоод зохион байгуулалт бодит байдалд амьдрал дээр байх боломжгүй аж. "The Shining" киноны продюсер Jan Harlan энэ талаар ярихдаа; "Тайз заслыг гажууд, логикт нийцэхгүй байхаар тусгайлан зассан. Үзэгчдийг зүг чигээ мэдэхгүй байлгахаар зориуд ингэж ажилласан. Хүмүүс уг киног утгагүй гэдэг, ийм л байлгахыг хүссэн, учир нь, энэ чинь сүнстэй кино шүү дээ. Утгатай байх албагүй". 

Comments