Pet Sematary (1989). Өгүүлэх нь, Чикагогийн Майнд залуухан эмч Creed өөрийн сайхан эхнэр Rachel, охин Ellie, хүү Gage, бас болоогүй муурын хамт нүүж ирнэ. Creed тус жижигхэн хотод эмчээр ажиллахаар гэр бүлийн хамт ирээд буй нь энэ. Шинэхэн байшин нь тухлагийн дээр эргэн тойрны байдалтай танилцахад: байшингийн өмнүүр том оворын ачааны машин явдаг замтай ба замын цаана тэдний цорын ганц хөрш болох энэ газар насаараа амьдарч байгаа өвгөн Jud амьдарна. Харин байшингийн хойгуур ой руу уруудаж орсон жимтэй бөлгөө. Шинэ хөршүүд танилцаж дотносно. Өвгөн залуу хосуудад ачааны тэрэг явдаг замаас хүүхдүүд болон тэжээвэр амьтдаа хол байлгахыг сануулна. Өвгөн бас нэг зүйл хэлэх нь, ой руу ордог жимээр явбал тэжээвэр амьтдын оршуулгийн газарт хүрэхийн дээр ойр хавийн улс амьтан бүгдээрээ тэнд үхсэн нохой, муур зэргээ аваачиж оршуулдаг гээд тэр хачин газрыг үзүүлэхээ амална. Ийнхүү өдөр хоног өнгөрсөөр талархлын баяр болно; Rachel хоёр хүүхдээ аваад эцэг эх рүүгээ явж баярлахаар болно; Creed хадмуудтайгаа таардаггүй тул мууртайгаа үлдэнэ. Охин нь явахдаа аавдаа муураа замаас хол байлгаарай хэмээн захиж захиж явна.
Гэтэл хайхрамжгүй байдлаасаа болж охиныхоо зөгнөж байснаар муураа ачааны машинд дайруулчихна. Creed яах учраа олохгүй байтал хөрш Jud түүнд нэг арга байна гэж хэлж тэд үхсэн муураа аваад тэжээвэр амьтдын оршуулгийн газар руу явна. Үнэхээр ч бүхэл бүтэн амьтдын оршуулгийн газар байв. Хаа сайгүй үхсэн амьтдын нэр бичсэн чулуу; Jud ч энд нэгэн цагт нохойгоо нойрсуулж байв. Creed энд л муураа булах нь гэж бодтол Jud энд биш ойн гүн рүү дахиад явна, дагаад яв гэсээр нил шигүү мод ургаж эгц өөдөө үргэлжилсэн уулархаг замаар түүнийг авч явна. Зам маш муутайн дээр тувт өгсөх тул тэд ядарцгаана. Ингээд бүр шөнө болсон хойно Jud-н хүссэн газар буюу гортигоор бөөрөнхий дугуй татсан юм шиг чулуу мод эгнүүлж тавьсан газар байв. Өөрөөр хэлбэл эртний индиан омгийн ёс заншил, тахилга шүтлэгийн газар байв.
Яг энэ газар амьтнаа булвал дахин амь ордог гэж Jud хэлнэ. Өчнөөн явж ирсэнээ, бас охиноо бодон өрөвдсөн Creed алдах юмгүй учир туршаад үзэхээр болно. Маргааш нь гаражиндаа ортол муур нь амьд байж байх нь тэр. Гэхдээ урьдны муур биш харин маш муухай үнэртэй, догшин танихын аргагүй болсон байв. Үхтлээ гайхаж басхүү айсан Creed хөрш дээрээ ортол энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гэнэ. Сониучирхасан Creed тэр газар ер нь хүн булж байсан уу гэхэд өвгөн энэ талаар бодохын ч хэрэггүй гээд маш аймшигтайгаар төгссөн түүх ярьж өгдөг. Төд удалгүй эхнэр хүүхдүүд нь ч ирэх бөгөөд хайртай муурандаа ойртож чадахгүй, бүр үнэрийг нь авч чадахгүй байгаадаа хүүхдүүд гайхаад өнгөрдөг. Зуны нэгэн сайхан өдөр Creed-ийхэн гэрийн гадаанаа цайлан, тоглон наадан байна. Creed хүү Gage-тэйгээ тоглож байгаад жаахан анхаарал сулрах үеэр дөнгөж ярьж сурч байсан бяцхан хүү машины доогуур орчихно. Энэ бол бас л Creed-н буруу байлаа. Үүнээс болж хадмуудтайгаа улам эв түнжин хагарч эхнэр охин нь Чикаго руугаа явж манай хүн мууртайгаа дахин үлдэнэ. Өдөржин архи ууж, хүүгийнхээ зургийг харж йлах түүнд нөгөө оршуулгийн газар л бодогдоно. Хүрз зээтүү аван хүүгийнхээ булшыг ухахаар хөдөлнө, тэгэхдээ хэнд ч хэлэхгүйгээр.
Аймшгийн зохиолын Хаан гэгддэг Америкийн зохиолч Stephen King-н 1983 онд бичсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн "supernatural", хоррор жанрын кино. Найруулагчаар Mary Lambert ажилласан ба King-тэй хамтран кино зохиолыг бичсэн. Киноны гол дүрүүдэд; Dale Midkiff, Denise Crosby, Blaze Berdahl, Fred Gwynne, Miko Hughes нар тоглосон. King-н эх зохиолыг өсвөр насандаа уншихаасаа өмнө би багадаа гэрийнхэнтэйгээ энэ киног кассетаар үзэж байсан юм. 10 нас ч хүрээгүй байсан болохоор маш их айж, тэр чигтээ ухаан санаанд бууж үлдээд байсан тул дараа нь арай том болоод зорьж авч уншсан. Ном бас л их сэтгэгдэл төрүүлж, хангалттай жихүүцүүлсэн дэг. Тэрнээс хойш энэ киног багадаа 3 үзсэн байх, ингэхлээр энэ миний дуртай аймшгийн киноны тоонд орж байна, түүнчлэн надад ном нь ч King-н бүтээлүүд дунд дээгүүр байр эзэлж байна. Уг киног King-н "The Shining", "Carrie" шедеврүүдтэй харьцуулахгүй ч дараагийн түвшинд жагсах, ерөөсөө 1989 оны шилдэг хоррор кинонуудын тоонд орох ёстой, ордог ч кино гэж бодож байна. "Pet Sematary" номын эрхийг 1984 онд аймшгийн киноны алдарт найруулагч George A. Romero $10.000 доллараар худалдаж авчээ.
King өмнө нь номыг нь кино болгох хэд хэдэн саналаас татгалзаад байлаа. Romero "Monkey Shines" киногоо хийгээд завгүй байсан тул төслөөс гарахаас өөр аргагүй болсон. Хөгжүүлэлтийн гүйцэтгэх захирал Lindsay Doran-д бэлэн болсон кино зохиол ихээхэн таалагдсан ба 1985 онд тэрээр продакшн дэд захирал болсныхоо дараа зохиолыг Embassy Pictures-д дараа нь Paramount Pictures-д кино болгохыг дэмжиж байлаа. 1980-аад оны ихээр King-н зохиолуудаар сайн, муу олон тооны кино хийгдээд байсан учраас тухайн цагт улиг болчихоод байсан King-н энэ зохиолыг кино болголоо гээд хүн амьтан сонирхох багатай байв. Гэхдээ кино $11 саяар бүтээд $57 саяын орлого олсон байдаг. Paramount-н анхны сонголт Mary Lambert байсан ба King түүнтэй уулзахад эмэгтэй найруулагч маань түүний зохиолуудад дуртай, зохиолыг эрс өөрчлөхгүй, аль болох үнэнч хандана гэж хэлснээр найруулагчийн суудлаа баталгаажуулжээ.
Киноны анхны хувилбарыг Paramount-ийн удирдлагууд хэтэрхий урт гэж үзсэн тул зарим хэсгийг хассан ба оригнал төгсгөлийн сцен нь илүү хоёрдмол утгатай байсан аж. Хассан хэсэгт Creed гал тогоондоо хөзөр тоглож байхад үхээгүй Rachel орж ирж, Creed-н хувь тавилан тодорхойгүй үлддэг аж. Lambert энэ төгсгөлийг илүү жихүүцэм, гунигтай, эмгэнэлтэй гэж үзэж байв, учир нь Creed эхнэр нь өмнөх шигээ хэзээ ч эргэж ирэхгүйг мэдэж байгааг үзэнчид ухаарч байв. Студи үүнийг дэндүү "даруухан" гэж үзээд илүү график болгохын тулд дахин зураг авалт хийхийг үүрэгджээ. Эхэндээ студийн удирдлагууд Gage-н дүрд ихэр хүүхдүүд тоглуулахыг хүссэн, энэ нь илүү зардал багатай сонголт байлаа. Гэсэн хэдий ч Lambert хоёр настай Miko Hughes-г балчир гэлгүй төрөлхийн авьяастай гэж итгэж байсан учир студитэй ширүүн маргалдсаны эцэст хүссэндээ хүрчээ. Найруулагч маань мөн Fred Gwynne-г сонгохын төлөө студитэй санал зөрөлдсөн ба студи Gwynne-г өмнөх Herman Munster дүрээс нь болж үзэгчид түүнийг нухцтай хүлээж авахгүй гэж үзэж байж. Zelda-н дүрд охидыг сонгон шалгаруулалт оруулж байсан ч Lambert нурууны менингит өвчтэй өсвөр насны охины дүрд эрэгтэй хүн тогловол илүү аймшигтай харагдана гэж үзээд Andrew Hubatsek-г Zelda-д сонгожээ.
King-н хамгийн аймшигтай зохиолоос сэдэвлэгдсэн уг киног тулхтай критикүүд муучлан үздэггүй бол аймшгийн киноны фенүүдийн хувьд култ классик гэж өргөмжилдөг. Хөгжмийн видео найруулагч Mary Lambert нь Madonna, Janet Jackson зэрэг одуудын дууны клипийг хийсэн бөгөөд тэрээр энэ киногоороо найруулагч Brian De Palma-н King-н номоос сэдэвлэсэн "Carrie" киноны амжилтыг үргэлжлүүлэхийг хүссэн нь төрх байдал, гоо зүйнээс нь харагдана. Кино эхэндээ өнгөлөг ландшафтаар дүүрэн байдаг ч төгсгөлдөө цус нөж, жихүүцэм байдлаар хучигддаг. King-н эх роман үхлийн айдас, уй гашууд төвлөрдөг бол кино илүү сэжгийн, цуст, "body" аймшигт анхаарсан; энэ л киноны алдаа гэдэг. Номтой адилаар кино нь Gage-н гэнэтийн үхлээр харанхуй руу огцом унадаг.
Кинонд Creed-н уй гашууг удаан барилгүй айдас руу шилжүүлчихдэг, харин эх номонд аавын хүүгээ алдсан уй гашуу нь бараг үнэртэж, аавын хүүгээ амьд байгаа мэт аяглан, дүр эсгэх нь романыг амьдруулж, уншигчдын сэтгэлийг хөдөлгөдөг. Найруулагч маань номынхоо утга, агуулга гэхээсээ илүүтэй хэв маяг, өнгө аяст анхаарсан нь алдаа болсон буюу лав л критикүүд ингэж үзэж байгаа бол би эсрэг бодолтой байдаг. Creed-н гэр бүлд аймшигт эмгэнэл тохиолдохоос өмнө энэ гэр бүлийн байгаа байдал, өмсөж зүүсэн хувцас, мөн түүнчлэн цаг агаар, орчин нөхцөл төгс шинжтэй байж, нэг үгээр үлгэр жишээ Америк гэр бүл шиг харагддаг. Харин Gage-н үхлээс хойш Lambert энэ гэр бүлийг эргэж ирэхгүй, зовж тарчилсан, булшиндаа багтахгүй түлхэлцэх албингуудын талбар болгохыг сонгосон бололтой. Zelda-н дүр бол энэ киноны хамгийн аймшигтай, үзэшгүй, огиулам дүр бөгөөд иймэрхүү "body" хоррор бол King-н классик мотиф билээ.

Comments
Post a Comment