Чамтай танилцахад таатай байлаа

 


Eternal Sunshine of the Spotless Mind (2004). Францын кино найруулагч Michel Gondry-н найруулсан сюрреалист, шинжлэх ухааны уран зөгнөлт, романтик драм. Киноны санаа нь Charlie Kaufman, Pierre Bismuth, Michel Gondry нараас гаралтай ба Kaufman кино зохиолыг нь бичжээ. Уг бүтээлд, романтик харилцаагаа тасалсны дараа бие биенээ мартахын тулд дурсамжаа арилгасан хоёр хүний тухай өгүүлдэг. Киноны нэр нь Английн яруу найрагч Alexander Pope-н 1717 онд бичсэн "Eloisa to Abelard" гэдэг яруу найргийн хэсгээс үүсэлтэй аж. "Eternal Sunshine of the Spotless Mind" кино нь дурсамж, хайрын мөн чанарыг судлахын тулд шинжлэх ухааны уран зөгнөл, сэтгэлзүйн драм, шугаман бус өгүүлэмжийн элементүүдийг ашигласан. Киноны гол дүрүүдэд; Jim Carrey, Kate Winslet, Kristen Dunst, Mark Ruffalo, Elijah Wood, Tom Wilkinson нар тоглосон. Кино нээлтээ хийсэн даруй критикүүд болон үзэгчдийн талархлыг хүлээж, санхүүгийн хувьд ч амжилт гаргасан ба Америкийн кино хүрээлэн 2004 оны шилдэг 10 киноны тоонд багтаасан. 77 дахь удаагийн Оскарын наадмаас шилдэг эх зохиол шагнал хүртсэн бол Kate Winslet шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн.

"Eternal Sunshine of the Spotless Mind" дурсамж, ой санамжийн нарийн ээдрээтэй шинж чанарын тухай өгүүлсэн хамгийн шилдэг романтик кино байж магадгүй. Энэ кино Charlie Kaufman-н "Being John Malkovich" гэдэг өөр нэгэн зохиолыг нь бичсэн кинотой зарим талаараа төстэй. Ер нь Kaufman-н шошго болсон мэдрэлийн өвчтэй дүрүүд, бараан уур амьсгал, гэр бүлийн зөрчилдөөн эл бүтээлд ч ажиглагддаг ба энэ бол үе үе ухаан санааг хүчтэй эргүүлдэг, үзэгчээ өөр ертөнцөд аваачдаг гайхамшигтай кино билээ. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 254-р байрт эрэмбэлээд байна. Ингээд энэ бүтээлийн дотор орцгооё. "Eternal Sunshine of the Spotless Mind" киноны концепт анхлан 1998 онд Gondry, Bismuth хоёрын яриа дундаас бий болжээ. Тэд 1980-аад оны эхээр Францын Oui Oui гэдэг поп хамтлагт Gondry бөмбөрчин байх үеэс танилцаж, нөхөрлөж ирсэн байдаг. Нэгэн эмэгтэй найз нь Bismuth-д найз залуугийнхаа талаар гомдоллож, Bismuth чи найз залуугаасаа дурсамжаасаа арчиж хаямаар байна уу гэж тоглоомоор асуутал хүүхэн тийм гэж хариулж, энэ яриа Bismuth-д хүмүүсийг дурсамжаасаа арилгадаг хүмүүсийн тухай идеаг төрүүлсэн аж.

  Gondry зохиолч Kaufman-д сайхь концептыг танилцуулж, тэд богино хугацаанд киноны танилцуулгыг боловсруулсан. Тэд энэ концепт нь хурдан борлогдоно гэдэгт итгээгүй хэдий ч идеаных нь төлөө студиуд өрсөлдөж эхэлсэн. Propaganda Films 1998 онд 7 оронтой тоотой мөнгөөр хүнд авчээ. Кино зохиолчоор ажиллахаар болсон Kaufman тэр дороо ажилдаа ороогүй ба "Adaptation", Human Nature" (Gondry-г дебют кино) зэрэг кинонуудын зохиол дээр ажиллаж байхдаа завсар зайгаар нь бичиж байжээ. Энэ үеэр найруулагч Christopher Nolan-н ой санамж, дурсамжтай холбоотой "Memento" кино нээлтээ хийсэн бөгөөд сэдэв ижил төстэй байсан тул Kaufman санаа зовниж, төслөөс гарах талаар ч бодож байжээ. Зохиол бичих явцад кино танилцуулгын (pitch) эзэд өөрчлөгдөж байсан авч Kaufman зохиолоо дуустал студиуд-тай харьцаагүй өөрийнхөө ажилд л төвлөрсөн. Ингээд эцсийн зохиол бэлэн болж студиудыг сандаргасан. Kaufman киног триллер болгохыг хүсээгүй, мөн шинжлэх ухааны уран зөгнөлт талуудыг багасгахыг хүсч, илүүтэй романтик харилцаанд төвлөрчээ.

  Тэрээр зохиолоо бичихдээ "асар их бэрхшээлтэй" тулгарсан гэдэг; ялангуяа хоёр асуудалд толгойгоо гашилгасан; дурсамжууд, Joel-н дурсамжинд үзүүлэх хариу үйлдэл, Joel Clementine-д дурсамж доторх дурсамжаас гадна харилцан нөлөөлж байсан, мөн дүрүүд хожмын сцэнүүд дээр хэдийнээ арилгасан дурсамжуудаа дурдах явдлууд байв. Kaufman эхний асуудлыг Joel дурсамжуудаа тайлбарлах чадвартай болгож шийдсэн бол хоёрдахийг нь тэр дороо устгагдахын оронд дурсамжийг муутгаж, сэрэх үед бүрэн устдаг болгон шийдвэрлэсэн байна. Уг кинонд Францын найруулагч Alain Resnais-н "Je t'aime, je 'taime" (1968) оны кино гол нөлөө үзүүлжээ. Зохиолч Carol Vernallis-н үзэж буйгаар найруулагч Gondry-н өмнө нь видео клип хийдэг байсан туршлага нь энэ киноных нь мизансцэн болон дууны дизайнд нөлөөлжээ. Киноны туршид дүрс, сонсгол, хөгжмийг холбосон утга санаа байдгийн сацуу зарим сэдэв нь эсрэгцэн ажилладаг гэжээ. Философич Christopher Grau хэлэхдээ уг кино философийн санаануудыг хөндөхийн дээр өөрийн гэсэн Философитой гэжээ. 21-р зуунд дурсамж, хүсэл, носталжиа гэсэн сэдвүүдтэй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд моодонд орсон, тухайлбал "2046" ба "Code 46" зэрэг кинонууд. Энэ кинонууд нь шугаман бус бүтцээр дурсамжийг найдваргүй, хэсэгчилсэн байдлаар үзүүлдэг. Энэ кино ч тийм ажээ.

Критикч A. O. Scott эл киног оюунлаг, албан ёсны, концептийн хувьд ээдрээтэй, уран зохиолын битүү санаагаар нягт, таны үзэж байсан ямар ч романтик киноноос илүү эрэлхэг гэсэн байдаг. Энэ бол дурсамжаа алдаж сүйрсэн хэдий ч итгэл найдвар тээсээр байгаа зүрх сэтгэлийн өөрийгөө хамгаалсаар буй төөрөлдсөн нэгний тийчлээн буюу бодох чадамжгүй ухаандаа хоригдчихсон оршихуйн хоррор гэлтэй кино. Jim Carrey, Kate Winslet хоёрын гүйцэтгэлийг критикүүд алга ташиж хүлээн авсан. Winslet Оскарт нэр дэвшсэнээс гадна Алтан Бөмбөрцөг, BAFTA-д нэр дэвшсэн бөгөөд Критикч Claudia Puig түүнийг; сэтгэл санаанаасаа хамаарч үснийх нь өнгө өөрчлөгддөг гайхалтай чөлөөт сэтгэлгээтэй гээд Winslet ойрын хугацаанд ийм мөлжүүртэй дүрд тоглоогүй байсан, тэр дүрээ зөв тоглосон гэж бичжээ. Washington Post сонин Winslet хачин этгээд хувцаслаж байгаа боловч тэнцвэрийг хадгалж чаддаг; ийм тогтворгүй дүрд тоглохын тулд жүжигчин тогтуун тууштай байх ёстой хэмээжээ. Jim Carrey мөн л олон кино наадамд нэр дэвшсэн. Критикч Jason Killingworth бичихдээ; Carrey киноны нээлтийн мөчөөс эхлэн үзэгчдийн сэтгэлийг татаж, дүрээ амилуулж чадсан гэжээ. The Seattle Times юу гэж бичсэн бэ гэвэл; Carrey огтхон ч муу байгаагүй, үнэндээ энэ бол түүний бүтээсэн хамгийн үнэнч, сул дорой дүр гэсэн байна шүү.
Гэхдээ голлох магтаалууд киноны зохиолыг бичсэн Charlie Kaufman руу чиглэж байсан гэвэл хилсдэхгүй. Тэр бараг л романтик комеди жанрт шинэ салхи оруулсан. Критикч Moira MacDonald: "Kaufman бол өнөөдөр ажиллаж байгаа цөөхөн бүтээлч кино зохиолчдын нэг" гэсэн байна. Найруулагч Gondry мэдээж энэ бүхнээс гадуур өнгөрөөгүй. Нэгэн критикч бичихдээ; Gondry голчлон камер дотроо тусгай эффектүүдийг ашиглаж, нарийн ширийн зүйлсийг тодотгосны үр дүнд энэ кино гайхам сайхан болсон гэжээ. Gondry-н камерийн ажиллагаа хийгээд дүрслэлээр энэ киногоо нэгэн зэрэг гунигтай ч хөгжилтэй байшин болгож байгаа нь бүтээлч шинжээрээ кино зохиолтойгоо өрсөлдөхүйц хэмжээнийх гэж The Seattle Times бичсэн байна. Критикч Stephanie Zacharek кинонд зураглаачаар ажилласан Ellen Kuras-г магтаж; киноны үйл явдалтай төгс зохицсон зүүдний мэт залхтал дагасан харагдах байдлыг зураглаж чадсан гэжээ. Хүн дурсамжаа зориудаар үгүй хийх юмуу санамсаргүй алдлаа гэвэл хүнд юу тохиолдож болохыг найруулагч Gondry өөрийнхөөрөө үзүүлсэн нь одоо эргэцүүлэн бодоод харахад дэлхийн нийтээрээ мэдэх бас тэмцэж байгаа Альцгеймер өвчинтэй төстэй санагдах. Энэ өвчинтэй хүн иймэрхүү л байх болов уу гэсэн таамаг төрүүлж байна. Магадгүй найруулагч Альцгеймер өвчнийг киногоороо зүйрлэсэн ч байж болох шүү дээ.

"Eternal Sunshine of the Spotless Mind" киног үзэхэд бодитой хэн нэгний амьдралын туршлагыг үзэх мэт ойр, жинхэнэ юм шиг санагддаг; тиймээс ч үзэхэд цаанаа л нэг тухгүй мэдрэмж төрүүлдэг. Бодитой санагдтал хийсэн болохоор бодитоос зугтаж кино руу орсон хүмүүст энэ кино магадгүй эвгүйцэм санагддаг болов уу. Бид бүхэнд дурсамж, төсөөлөл, сэтгэлийн гэмтэлүүд байдаг; энэ л бүхнийг "Eternal Sunshine of the Spotless Mind" гаргааж ирээд задлан шинжлэх бөгөөд бид өөр хэн нэгэнтэй харилцах болгонд л бидний дотор ид шидийн мэт харилцан үйлчлэл бий болж, мартагдашгүй энэ өнгөрсөнийг дурсамж гэж нэрийддэг. Хэрвээ та дурсамж арилгадаг машин байна гэвэл яах вэ? Хууль эрх зүй болон ёс зүй хяналтгүй бол дурсамж арилгах машиныг хаа замбараагүй ашиглах нь гарцаагүй; ялангуяа мөнгөний төлөөх капиталист нийгэмд энэ бизнес цэцэглэн хөгжинө. Хүний сэтгэлийн шарх, гэмтлийг зүгээр л арилгачихна гэдэг зөв зүйл үү? "Eternal Sunshine of the Spotless Mind" кинонд гардаг шиг хүссэн хүн болгон дурсамжаа арилгаж устгуулаад байвал биеэ хүн гэж цаашдаа байхгүй болно. Дурсамж сайн ч, муу ч хамаагүй адилхан тэр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа ул мөр билээ.

  Ул мөргүй гэвэл бид хэн болох бэ? Өнгөрсөн, үзсэн харсан, туулсан болгон маань бидний намтар-түүх билээ. Үгүй гэвэл бид намтар-түүхгүй учир хэн ч биш болно. Тэгэхээр алив траума-г арилгах бус үүнийг ойлгож, даван гарахыг хүнд заасан, чиглүүлсэн мастер хэрэгтэй бас шаардлагатай. Яадаг ч байсан энэ ганц олдсон амьдралынхаа дурсамжийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Кинонд Kristen Dunst, Mark Ruffalo, Elijah Wood, Tom Wilkinson гээд ланжгар бүрэлдэхүүнтэй; тэд ч үнэхээр сайн тоглосон. Киноны мөн чанар нь санах явцын тухай байдаг; амьдралаа бүхлээр нь санах, болсон явдлуудыг санах, хамгийн түрүүнд юу болсныг санах эсхүл хоёрдахь, гуравдахь, дөрөвдөх үйл явдлыг санах, ер нь тийм зүйл тохиолдсон билүү?. Энэхүү кино нь аливаа зүйлс хэрхэн санагдаж байгаа, буруу санагдаж байгаа, мартагдсан тухай өгүүлэхдээ калейдоскоп маягтай байдаг. Киноны нээлт киноны төгсгөл байж болох ба төгсгөл нь шинэ эхлэл шиг харагддаг.

Comments